Маргааш Москвад ОХУ-ын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн эхэлнэ. Тус тэмцээнд оролцох буриад бөх Александр Богомоев бэлтгэлээ Дагестанд базаажээ. Тэрээр Махачкалагийн ойролцоох Ленинкент тосгонд хүүхдүүдэд мастер-класс орж, туршлагаа хуваалцсан байна.
Европын аварга, Европын наадмын аварга Александр Богомоевын түүхийг сонсоод ямар ч хүний сэтгэл хөдөлнө. Тэр энэ хорвоод мэндэлсэн өдрөөсөө эхлээд л амьдрахын төлөө тэмцсэн юм. Ямар ч тусламж, дэмжлэггүй, бараг ганцаараа зүтгэсэн.
Богомоев Усть-Ордынский тосгонд жирийн гэрбүлд төрсөн. Гэвч дөнгөж 6 настайдаа асрах газарт очсон юм. Гэхдээ Богомоев хэзээ ч эцэг эхээ муулдаггүй.
Сэтгүүлч нартай уулзахдаа тэр ганц л зүйл хэлдэг. “Эцэг эхээс өөр ямар ч сэдвээр ярилцахад бэлэн байна. Ямар ч эцэг, эх байсан бай тэд бол миний аав, ээж хоёр шүү дээ”

Асрах газарт тэр дөрвөн жил амьдрахдаа ямар ч хайр халамж амсаж байсангүй. Аавыгаа бол нэг ч удаа харж байгаагүй. Саня хүү Ван Даммын кино үзэж өсөн, каратэ тамирчин болохыг мөрөөдөж байв. Харин хувь заяа түүнийг бөхийн ертөнцөд оруулсан юм. Бөх түүнд таалагддаггүй байсан тул мөрөөдөлд нь бөхийн зай байсангүй. Тэр үед олон багш, дасгалжуулагч нар авьяастай хүүхэд хайн, сургуулиудаар явдаг байлаа. Санятай хамт алдарт дасгалжуулагч, спортын мастер Валерий Абзаевын охин сурдаг байв. Нэг удаа Абзаев охиныхоо ангид ирээд нүд нь шууд л Богомоев дээр унажээ. Хашир багш алдсангүй. Ингээд Саня бөхийн танхимд хичээллэх боллоо.Ихэнх тэмцээнд ялагдана. Мөнгө байхгүй, заримдаа хоолгүй хононо, хувцас бол ярих ч юмгүй, хэзээ шинэ хувцас авснаа ч мартчихсан. Мөнгөгүй тул хулгай хийнэ. Ер нь л хатуу хэцүү хорвоод амьдрах гэж янз бүрээр л үзэж байлаа. Гэтэл нэг өдөр Абзаевын охин Евгения гэртээ хариад “Өнөөдрөөс эхлээд Саня манайд амьдарна. Тэр миний ах болно” гэж мэдэгддэг байгаа. Эцэг эх нь охинтойгоо маргасангүй, Саняг өргөж авлаа. Амьдралдаа тэр анх удаа аав, ээжийн халамж, гэртээ байхын тав тух, аз жаргалыг мэдэрчээ. Абзаев түүнд яг л төрсөн хүүхэд шигээ харьцана. Хоол ундыг нь тохируулж, дэглэм тогтоон, амжилтад хүрэх зорилгыг нь тодорхойлж өгчээ. Богомоев түүнийг байгаагүй бол хөл дээрээ босож чадахгүй байсан гэж хожим хүлээн зөвшөөрсөн байдаг.
16 настайдаа Саня Улаан-Үд хотод шилжлээ. Уран зураачийн лицейд элссэн байна. Энэ талаараа тэр “Нэгдүгээрт, өөр анги байгаагүй. Хоёрдугаарт найз бид хоёрт амьдрах газар байгаагүй. Харин энд дотуур байртай, өдөрт гурван хоолтой байсан. Гуравдугаарт, би бэлтгэлдээ тайван явах боломжтой болсон” гэж хэлж байв.

Александр 20 нас өнгөрсөн хойноо анхныхаа амжилтыг гаргасан. 2011 онд Оросын АШТ-д хүрэл медаль хүртлээ. 2014 онд жинхэнэ ид үедээ тэр Оросын аварга болсон. Жилийн дараа дахин УАШТ-д түрүүлж, олимпын 2016 онд жиндээ шигшээ багт сонгогдох нь гарцаагүй гэгдэж байлаа. Гэвч УАШТ-ий финалд Якутын Лебедевтэй хийсэн барилдаан түүний бүх төлөвлөгөөг бусниулсан билээ. Шүүгчид ил тод Лебедевын талд орж байв. Буриадын баг эсэргүүцэл илэрхийлсний дараа Богомоев, Лебедев хоёрт хоёуланд нь алтан медаль гардуулсан ч олимпод оролцож чадсангүй. 2017 онд гудамжинд зодолдож, гэдсэндээ трубагаар цохиулаад дэлүү нь урагдлаа. 2018 онд нь машины осолд орж, мөр, хавиргаа хугаллаа. Гэвч шантарсангүй, зүтгэсээр 4 жилийн дараа Европын аварга болж, Ярыгины тэмцээнд түрүүллээ. Том тэмцээнд түрүүлсэн тул олимп... Харамсалтай нь 32 настай Богомоев допингийн шалгалтад бүдэрч, 4 жилээр шийтгүүллээ. Цар тахлын үед короновирус тусаад хоёр капсул милдронат хэрэглэж орхижээ. РУСАДА-гийн шийдвэрийг эсэргүүцэж, заргалдан ялж болох байсан ч шүүхдэж байх мөнгө байсангүй.
Шийтгэлээ дуусгаад 36 настай Саня дахин барилдаж эхэллээ. "BAIKAL OPEN" тэмцээнд түрүүлж, зодог тайлах болоогүй гэдгээ харууллаа. Яагаад их спортод эргэн ирснээ тэр “Үзээд алдахгүй бол дараа нь харамсах болно” гэж тайлбарласан. Бөхөөр хичээллээд харамсдаг зүйл бий юу гэсэн асуултад “Хэзээ ч харамсахгүй. Бөх надад маш олон зүйл өгсөн” гэж байлаа. Ингээд буриад залуудаа УАШТ-ий 65 кг жиндээ түрүүлэхийг хүсэн ерөөе.