АНУ-д болж буй ФИФА-ийн клубуудын дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд оролцож буй зургаан тив, бүсийг төлөөлсөн шилдэг 32 багийн дунд сонирхогчдын статустай, мэргэжлийн бус (тоглогчид нь хөлбөмбөг тоглоод цалин авдаггүй, өөр үндсэн ажилтай) ганцхан байгаа нь Шинэ Зеландын "Окленд сити" билээ. Тэд эхний тоглолтод Германы алдарт "Бавари"-д 0:10-ээр, дараа нь Португалын цуут "Бенфика"-д 0:6-аар тус тус хожигдсон. Харин хэсгийн сүүлчийн тоглолтоо Аргентины "асс"-ын нэг "Бока Хуниорс"-тай хийж, 1:1-ээр тэнцсэн билээ.
Энэ тэнцээний гоолыг Шинэ Зеландын багийн хамгаалагч Кристиан Грэй мөргөж оруулсан.

Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшийн ажил хийдэг Грэйн оруулсан гоол маоричуудын энэ тэмцээнд оруулсан цорын ганц гоол болоод зогсохгүй анхны тэнцээ, анхны оноог авчирч, багийнхаа дансанд 1 сая долларын шагналыг мөн оруулсан юм. ФИФА-аас клубуудын ДАШТ-ий хэсгийн тоглолтод оноо авсан баг бүрт мөнгөн урамшуулал өгч байгаа бөгөөд тэнцээнд 1 сая доллар, хожилд 2 сая доллар өгч буй.

Мөн "Окленд сити" баг энэ тэмцээнд оролцсоныхоо төлөө 3,58 сая ам.доллар, нийтдээ 4,58 сая ам.долларын орлоготой нутаг буцав. Энэ нь тус багийн долоон жилийн төсөвтэй тэнцэх дүн ажээ.
Гэхдээ Шинэ Зеландын багийнханд хамгийн үнэ цэнэтэй зүйл нь алдарт "Бавари", "Бенфика"-тай ногоон талбайд өрсөлдөж, домогт Диего Марадонагийн тоглож явсан цуут "Бока Хуниорс"-тай ДАШТ-д тэнцсэн гэж насан туршдаа ярьж, дурсаж, санаж явах нь биз ээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин