UBLife Logo
Newsfeed

Бөөрөлзгөнө жимс гэрийн нөхцөлд ургуулахдаа анхаарах зүйлс

Бөөрөлзгөнө жимс гэрийн нөхцөлд ургуулахдаа анхаарах зүйлс

Бид антиоксидант нэгдэл хүний биед хэр ач холбогдолтойг сүүлийн хэдэн жил чамгүй сонсож байгаа билээ. Тэгвэл тус нэгдлийг магни, витамин К, Ц, ислэгтэй хамт агуулдаг, зүрх, тархи, бодисын солилцоог дэмждэг бөөрөлзгөнө (raspberry) жимс манай орны Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Булган аймгуудад Хангай, Хянганы нурууд, Дорнод Монголын уулархаг бүсэд шилмүүст ба холимог ой, хад асга бүхий уулархаг газраар Сахалины, Асганы, Туйлын гэсэн 3 зүйлээр ургадаг. Өнөөдөр буюу наймдугаар сарын 7 Бөөрөлзгөний өдөр. АНУ-д тэмдэглэдэг бөөрөлзгөнийг алдаршуулсан энэ өдөр бид энэ идтэй жимсийг гэрийн нөхцөлд ургуулахыг хүсдэг хүмүүстээ хэрэг болох зөвлөгөөг хүргэе.

1, Зөв сортыг сонгоорой

Та хүлэмжинд, эсвэл гэрийн нөхцөлд тарьж ургуулахаасаа хамааран сортоо сонгох хэрэгтэй. Зөв сортыг сонгон таривал таны төсөөлснөөс илүү хурдан, мөн их хэмжээгээр ургах боломжтой. Хүйтэнд тэсвэртэй сорт болох “Heritage”, “Latham” эсвэл “Boyne” зэрэг сорт нь манай уур амьсгалд хамгийн тохиромжтой.

2. Сав эсвэл хүлэмжийн зайгаа зөв тооцоолох

Үрийг хашаандаа, эсвэл томоохон саванд (хамгийн багадаа 10–15 литрийн багтаамжтай) үрслүүлэх боломжтой. Савтай таривал тагт, терасс дээр ч ургадаг жимс.  Хөрсийг нь сийрэгжүүлэхэд гүн модон савх, саваа хэрэг болох тул мөн бэлдээрэй.

3. Нарны тусгалыг тооцох

Бөөрөлзгөнө нар их тусдаг газар маш сайн ургадаг. Өдөрт доод тал нь 6 цаг нарны тусгал шаардлагатай. Сийрэг, шүлтлэг хөрс (pH 5.5–6.5) мөн хэрэгтэй бөгөөд хөрсийг бордоотой хольж ургуулбал илүү үр дүнтэй.

4. Услахдаа анхаарах

Хөрсөндөө үрээ цацаад, булаад тэр дор нь услах хэрэгтэй. Дараа нь үрслүүлснээс хойш хэдэн долоо хоног хөрсийг чийгтэй байлгана. Хөрс 15-20 см орчим доошоо гүн рүүгээ чийгтэй байх ёстой. Өнгөн хөрс 2-5 см хуурай байвал услах цаг нь болсон гэсэн үг. Тэр үед нь хангалттай услах хэрэгтэй. Услах хэмжээ нь доош 15-20 см гүн рүү нэвчих ёстой. Мөн хэт их услах нь зохимжгүйг давхар санаарай.

5. Дулаалах

Ургац хураасны дараа сул, хөгшин ишийг тайрч ургалтыг нь дэмжиж өгөөрэй. Өвөл хөрсийг сүрэл, өвсөөр хучиж дулаалах, эсвэл дулаан орчин үүсгэж хамгаална. Ингэснээр дараа хавар дахин ургуулж, намар дахин ургац авах боломж бүрддэг.

 Монголд бөөрөлзгөнө 7-9-дүгээр сарын эхэн хүртэл боловсордог. Жимс бүрэн улаан, зөөлөн болж ишнээсээ амархан салдаг болсон үед л хураана. Ургацын үед 2–3 хоног тутамд шалгаж байгаарай.

Анхааруулга: Хэрвээ та байгалийн зэрлэг жимсийг түүх бол бүрэн боловсорч дуусах үе буюу 8-р сарын 10-наас хойш 9-р сараас түүж эхлээрэй. Учир нь дутуу боловсорсон байхад нь түүвэл дараа жилийн ургацад аюул нүүрлэх, дахин ургахгүй байх магадлалтай тул байгалиа хайрлаарай.

Бэлтгэсэн Г.Ариунзаяа 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.