Сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү ояката тэтгэврийн насыг 65-аас 70 болгон нэмэгдүүлэх гэж байна гэсэн мэдээ бөхийн ертөнцөд гарч байна. Одоогийн дүрэм ёсоор хэчнээн алдартай ояката байсан ч 65 настайдаа тэтгэвэрт гарч, оякатагийн нэр, эрхээ дараагийн хүндээ шилжүүлэх ёстой байдаг.
2021 онд хүчин төгөлдөр болсон "Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулах тухай" шинэчилсэн хуульд албан газар, компаниудыг ажилтнаа 65 нас хүртэл нь ажлын байраар хангаж, тэтгэвэрт гарах насыг 70 болгож, нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх ёстой гэж заасан байгаа. Хэрэв 65 нас хүрсэн ч 70 хүртлээ ажиллах сонирхолтой байгаа бол зөвшөөрөл авч чадвал одоогийн цалингийнхаа 70 хувиар ажиллах боломжтой.
Одоо Сүмо бөхийн холбоонд Минэзаки, Тацүтаяма, Такашима, Кагамияма, Ирүмагава, Мичинокү, Ханакаго, Миягино буюу ёкозүна асан Асахифүжи гэсэн найман ояката 65 нас даваад 70 хүртлээ ажиллах гэж байна. Үүнээс ёкозүна асан Асахифүжи өнгөрсөн долоодугаар сард 65 нас хүрээд Исэгахама нэрээ, дэвжээтэйгээ Тэрүнофүжид өгөөд тэтгэвэртээ гарах ёстой байлаа. Гэвч Сүмо холбооноос гарсан Хакүхогийн Миягино нэрийг нь авчихаад сууж байгаа. Эдгээр нас хэтэрсэн ояката нар дэвжээ удирдах, холбооны Гүйцэтгэх зөвлөлд ажиллах эрхгүй. Тэд бөхчүүдэд амьдрал, ёс зүйн элдэв зүйлд зааж, зөвлөх, удирдамж олгох, дэмжих ажил хийдэг. Гэвч яг үнэндээ тэдэнд хийх ажил байхгүй. Нагоя, Осака, Кюүшюүд болдог башёд холбооноос зардлаа хэмнээд тэднийг авч явдаггүй. Тэгэхээр холбооноос цалин аваад сууна гэдэг 65 настай тэтгэврийн хүнд сайхан байх нь мэдээж.
Сүмо холбоонд нийт 105 оякатагийн эрх, лиценз бий. Сул чөлөөтэй, лиценз байхгүй бол ямар ч сайн бөх байсан зодог тайлаад холбоонд ояката болж чадахгүй. Тоо хязгаартай тул хэрэв ояката нар бүгд 70 нас хүртлээ ажиллаад байх юм бол сүүлийн үед зодог тайлсан бөхчүүд ояката болоход улам л бэрх болно.
Энэ хоёр жилд 65 нас хүрэх ояката гэвэл Отакэ, Ширатама, Токиваяма, Жинмакү, Кацүноүра, Касүгано, Сакайгава, Күмэгава, Шибатаяма, Нишикидо гэсэн 10 ояката байна. Ирэх есдүгээр сард 65 нас хүрэх Отакэ ояката Катаонами дэвжээний туслах ояката Күмагатанитай лицензээ солилцоод, дэвжээгээ түүнд өгч, өөрөө туслах оякатагаар 70 нас хүртлээ ажиллах болсон. Ояката болох эрх олж чадаагүй болохоороо зодог тайлж чадахгүй барилдаад байгаа бөхчүүд олон байгаагаас гадна цагтаа озэки байсан бөх ч ояката эрх олтлоо жюүрёод барилдаад байдаг болно.
Сүүлийн үед Ютакаяма, Ооношёо, Шёохозан, Чиёотайрюү, Жёокорюү гэсэн бөхчүүд ояката болох эрх олж чадалгүй, зодог тайлаад холбооноос гарч одсон байдаг.
Одоо 62 настай Хаккакү ояката 70 нас хүртлээ ажиллах болбол тэрээр дахиад сонгуульд өрсөлдөх нь гарцаагүй.