Аппликейшн, платформ судалгааны бие даасан компани Apptopia-гийн хийсэн шинэхэн дүн шинжилгээний үр дүнд ChatGPT-ийн гар утасны аппликейшний өсөлт оргил цэгтээ хүрсэн байх боломжтой байна. Судлаачдын тооцооллоор дэлхий даяар тус аппликейшнийг шинээр татаж авч буй хувиар хэмжсэн татан авалтын өсөлт энэ оны дөрөвдүгээр сараас хойш удааширч эхэлжээ.
Apptopia дэлхийн хэмжээнд ChatGPT аппликейшний өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн /Daily active user DAU/ өсөлтийг судлахад сүүлийн нэг сарын хугацаанд энэ үзүүлэлт тогтворжиж эхэлсэн нь үзэгджээ. Хэдий аравдугаар сар дөнгөж тэн хагасдааа орж буй ч тус компани ChatGPT-г шинээр татан авах хэрэглэгчдийн тоо өмнөх сараас 8.1 хувиар буурах төлөвтэй байгааг мэдээлсэн юм. Энд анхаарах гол зүйл нь нийт татан авалтын тоо бус, шинээр татан авах өсөлтийн хувь хэмжээ юм. Таталтын тоогоороо ChatGPT-ийн гар утасны аппликейшн өдөр бүр хэдэн арван сая шинэ хэрэглэгчидтэй болж байгаа хэдий ч өсөлтийн хурд саарч байгаа нь нийт өсөлтийн хандлага буурч байгааг илтгэнэ. OpenAI-ийн зүгээс энэ удаашрал нь салбарт шинэ өрсөлдөгчид нэмэгдсэн болон хиймэл оюуны загварын өөрчлөлтүүд нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна.

Нэмэлт үзүүлэлтүүдийг авч үзвэл, AНУ-д буй ChatGPT-ийн өдөр тутмын идэвхтэй хэрэглэгч тутмын дундаж хэрэглээний хугацаа долдугаар сараас хойш 22.5 хувиар, өдөрт аппликейшнийг нээн хандаж буй тоо /average sessions per DAU/ 20.7 хувиар буурсан байна. Энэ нь АНУ-ын хэрэглэгчид ChatGPT аппликейшнийг өмнөхөөсөө бага давтамжтайгаар ашиглаж, аппликейшнд илүү бага хугацаа зарцуулдаг болсныг илтгэнэ. Гэсэн хэдий ч, энэ хугацаанд АНУ-ын хэрэглэгчдийн аппликейшнийг ашиглахаа болих, устгах хувь /user churn/ буурч, тогтворжсон нь ChatGPT хэдийн гол хэрэглэгчдийнхээ суурийг бэхжүүлж, туршиж үзээд л орхидог хэрэглэгчид багассан гэсэн үг юм.

Өсөлт буурсан шалтгаанд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн байж болохыг TechCrunch сайт тэмдэглэжээ. Үүнд Google-ийн Gemini тэргүүтэй өрсөлдөгчдийн нөлөө төдийгүй, дөрөвдүгээр сард гарсан ChatGPT-ийн хэт зусарч, ойворгон хандлагыг бууруулах зорилготой шинэчлэл, мөн наймдугаар сард гарсан GPT-5 загварын илүү албан чанартай хувилбар зэрэг орно.

Гэхдээ Apptopia-ийн тэмдэглэснээр, АНУ-ын хэрэглэгчдийн ChatGPT аппликейшнд дунджаар зарцуулж буй хугацаа болон аппликейшнийг нээж буй давтамжийн тоо буурах хандлага Google-ийн Gemini огцом газар авахаас өмнө, өөрөөр хэлбэл есдүгээр сарын “Nano Banana” гэх AI дүрсийн шинэ загварыг гаргахын өмнө ажиглагдаж байсан. Тиймээс Gemini-ийн өсөлт ChatGPT-ийн сүүлийн үеийн бууралтад нөлөөлсөн байж болох ч, ерөнхий бууралт үүнтэй холбоотой биш гэж тус байгууллага дүгнэжээ. Мөн тэдний тайлбарласнаар, хэрвээ зөвхөн дундаж хэрэглээний хугацаа буурч, харин дундаж нээсэн удаа буураагүй бол хэрэглэгчид ChatGPT-г илүү үр ашигтай ашиглаж эхэлжээ гэж дүгнэж болох байв. Гэвч аль аль нь буурч байгаа тул ийм биш байна. Үүний оронд тус байгууллага ChatGPT аппликейшнийг хэрэглэгчид “туршиж үзэх үе” дуусч, одоо хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний нэг хэсэг болон төлөвшиж эхэлсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хүмүүс аппликейшнийг хэрэгтэй үедээ эсвэл санахдаа л ашиглаж байгаа бөгөөд шинээр гарч байх үеийн идэвхтэй хэрэглээний түвшинд хүрэхээ больжээ.

OpenAI-ийн хувьд энэ нь өсөлтөө сэргээхийн тулд шинэ функц нэвтрүүлэх эсвэл аппликейшний маркетингт хөрөнгө оруулах шаардлагатай болж буйг илтгэнэ. Өмнө нь шинэ зүйл гэдгээрээ хэрэглэгчдийг шууруулж байсан ChatGPT аппликейшн одоо шинэлэг байдлаар бус, үнэ цэнэ болон хэрэглээний чанараараа өрсөлдөх цаг үе болсон бололтой.