ОХУ-ын нийслэлд олон улсын “Кубок сильнейших спортсменов” тэмцээний өмнөх хэвлэлийн бага хурал болж, чөлөөт бөхийн олимпын хошой аварга Абдулрашид Садулаев оролцлоо. Дагестан танкны хувьд энэ жилийн ДАШТ-д Шенгений виз авч чадаагүй тул оролцоогүй. Тэрээр визийн асуудал болон өөр олон зүйлийн талаар ярилаа.

Садулаев “Дараагийн ДАШТ-д оролцоход ямар ч асуудал гарахгүй гэж бодож байна. Бахрейнд очиход виз шаардлагагүй тул тэнд бүгдээрээ уулзацгаая. Одоо би бэлтгэлээ хийж, формоо барьж байгаа. “Кубок сильнейших спортсменов” тэмцээнд би Америкийн Кайл Снайдертай барилдах ёстой байсан ч Кайл өвдөгний бэртлээр хагалгаанд орох болоод амжсангүй. Гэхдээ бид хоёр дахин тулалдах болно. Кайлтай ДАШТ-д учраа таарвал бөх сонирхогчдод их сонирхолтой байх. АНУ-ын виз авахад надад асуудал байхгүй. Тийм болохоор 2028 оны олимпод зодоглох болно. Мэдээж олимпын эрхээ эхлээд авах хэрэгтэй. Спорт бол энх тайвны элч гэж би боддог. XXI зуунд тамирчдад ийм хязгаарлалт тохиолдоно гэж бодож байгаагүй.
Намайг холимог тулааны UFC холбоонд яагаад тулалдахгүй байна гэж их асуудаг. Би спортын төрлөө солихыг хүсэхгүй байна. Энэ нь сайн зүйлд хүргэхгүй. Манай нэг бөх холимог тулаанд орох гэж оролдсон. Эцэст нь холимог тулаанд ч, чөлөөт бөхөд ч амжилт ололгүй, бөхдөө буцаж ирсэн. Надад чөлөөт бөхөд тавьсан зорилго, дуусгаагүй ажил байгаа” гэж ярьсан байна.
