“Анзаар!” булангаараа бид магадгүй таны анзаараагүй өнгөрсөн байж болох мэдээллийг хүргэж байх юм. Дэлхий ертөнц, улс төр, урлаг спорт, шинэ технологи гээд салбар бүрийн мэдээлэл таныг хүлээж байна. ТА анзаараад үзээрэй!
Онцлох үйл явдлууд
NBA-д мөрөө гаргах анхны монгол тоглогч
Энэ сарын 4-нд АНУ-ын NCAA лигийн 2025-2026 улирлын тоглолт эхэллээ. NCAA-ийн сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг манайхан тэсэж ядан хүлээдэг, чих тавьдаг, өөрийн дэмждэг багтай үздэг болсон. Учир нь энд монгол хүн, монгол хүү маань тоглож буй. Шаравжамцын Энхийн-Од Өмнөд Каролинагийн Их сургуулийн "Gamecocks" (Азарган тахианууд) багт хүчин зүтгэж байгаа. Нээлтийн тоглолтод түүний баг 91:72 оноогоор итгэл төгс хожлоо. Манай тамирчин 21 минут талбайд тоглож (гарааны тоглогч), 5 самбар, 3 оновчтой дамжуулалт, 4 оноо авлаа. 2023 онд Ш.Энхийн-Одын нэр NBA (National Basketball Association)-ийн драфт буюу шинэ тоглогчийн сонгон шалгаруулалтад багтсан гэсэн мэдээлэл шуугиан тарьсан. Хэдий тэр үед ороогүй ч Ш.Энхийн-Од Монголын хамгийн анхны NBA лигийн тамирчин болох цаг дөхсөөр байна. Түүний аав Ц.Шаравжамц нь АНУ-ын “Harlem Globetrotters” багт нэгдсэн анхны ази тоглогч болж байв. Mike Sharavjamts – 208 см өндөр, 82 кг жинтэй. 23 настай. Финикст төрсөн.

Хар тамхи уу, нефть үү?
“АНУ-ын Тэнгисийн цэргийн USS Gravely, USS Iwo Jima хөлөг онгоцнууд Карибын тэнгист гал нээх тушаал хүлээж байна” гэж Newsweek мэдээллээ. Эндээс Венесуэлд пуужингийн шууд цохилт өгч чадах юм. Десантын хөлөг дээр 1600 цэрэг байгаа тул хуурай замын дайралт, гэнэтийн довтолгоо ч хийж магадгүй болжээ. АНУ-ын тал энэ ажиллагаагаа хар тамхины наймаатай тэмцэж байгаа хэрэг гэж зарласан бол Венесуэл түрэмгийлэл гэж нэрлэсэн. Одоогийн байдлаар АНУ-ын найман хөлөг онгоц, шумбагч онгоц Латин Америкийн эргийн ойролцоо байрлаад байна. Венесуэл хариуд нь цэрэг татлага явуулж, Колумбитай залгаа хил дээрээ 15 мянган цэрэг байрлуулсан. Мөн ОХУ-аас тусламж гуйжээ. Ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар хар тамхи тээвэрлэж байгаа сэжиг бүхий хөлгүүдэд шууд цохилт өгч эхэлсэн. Одоогийн байдлаар энэ дайралтад өртөж, 43 хүн амиа алдаад байгаа юм. Харин Венесуэлийн засгийн газар “АНУ хар тамхитай тэмцэх биш манай нефтийн ордыг булаах зорилгоор халдаж байна” гэж мэдэгджээ.

Бусад мэдээ
-НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс Сирийн Ерөнхийлөгч АхмедаАш-Шараад тавьсан хоригоо цуцаллаа. Мөн тус улсын ДХЯ-ны сайд Анас Хаттабыг ч хоригоос гаргажээ. Аш-Шараа нь алан хядагч “Хайат Тахрир аш-Шам” байгууллагыг удирдаж байсан учраас хар жагсаалтад орсон байсан ч энэ сарын 10-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаас өмнө ийнхүү “цагаатгалаа”.
-БНСУ-ын BLACKPINK хамтлагийн дуучин Жэнни “Spotify” платформыг эзэгнэсээр байна. Тэрээр өнгөрсөн аравдугаар сард хамгийн олон хүн дууг нь сонссон к-поп дуучнаар шалгарсан байна.

-Аргентины хөлбөмбөгийн холбооноос Анголын шигшээтэй хийх нөхөрсөг тоглолтод оролцох багаа зарлалаа. Энэ сарын 14-нд болох тус тоглолтод Николас Отаменди (Бенфика), Алексис Мак Аллистер (Ливерпуль), Энцо Фернандес (Челси); Лионель Месси (Интер Майами), Лаутаро Мартинес (Интер), Хулиан Альварес (Атлетико) нарын алдартнууд дуудагдав.
-Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё энэ сарын 9-нд Фүкүокад эхэлнэ. Монголын ёкозүна Хоошёорюү өнөөдөр Такасаго дэвжээнд очиж, бэлтгэл хийлээ. Тэрээр сэтгүүлчдэд “Бэлтгэл ханасан. Өнгөрсөн Намрын тэмцээнд ёкозүна Ооносатод ялагдсан барилдаан сэтгэлээс огт гарахгүй байна. Энэ тэмцээнд хариугаа авч, түрүүлэх зорилготой” гэж ярьжээ.

-Дуучин Канье Уэст Нью-Йорк хотод Еврей сүмийн тэргүүн ламтай уулзаж, уучлал гуйлаа. Тэрээр энэ оны эхээр “Еврейчүүд бүгд нацистууд. Би Гитлерийг шүтдэг” гэсэн мэдэгдэл хийж байсан юм. Уэст “Би өвчний улмаас янз бүрийн үг хэлсэн. Хариужцлагаа хүлээнэ. Харин та бүхэн намайг сайхнаар хүлээн авсанд баярлалаа. Уучлаарай” гэжээ.
Бонус
Энэ 11 дүгээр сарын 15-ны Бямба гарагт медиа салбарынхны цуглах цэг “The Media Show” арга хэмжээ болох гэж байна. Гурав дахь жилдээ болж байгаа уг эвентэд оролцогчид хэрхэн бэлдэж байна вэ, ямар сэтгэгдэл, догдлолтой хүлээж байна вэ гэдгийг эндээс сонирхоно уу.

