Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Эрдэмтэд: Вакцинжуулалт сүргийн дархлаа тогтоож, тахлаас ангижруулж чадахгүй байж магадгүй


Дэлхий даяар дархлаажуулалт эрчимжиж буй энэ үед хүмүүст нэг л асуулт төрж байна. “Одоо чухам хэр удах вэ? Хэзээ бүх юм хэвийн болох вэ?” Судлах тусам энэ асуултанд тодорхой хариулт өгөхөд төвөгтэй болж байна. Бид нэгэнтээ дэлхийн дийлэнх хүн амд вакцин хийчихвэл сүргийн дархлаа тогтож, халдварлал буурч бүх юм сайхан болно гэж бодож байсан. Харин цар тахалтай зэрэгцэн амьдраад хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж буй энэ үед судлаачид тахлын үргэлжлэх хугацаа бодсоноос удаан байх нь хэмээн дүгнэж эхэллээ. 

Эрдэмтэд эхэндээ массын дархлаажуулалтыг өндөр хувьтай хиймэгц сүргийн дархлаа тогтож, хуучин амьдралдаа орно гэж тооцоолж байсан. Хүн амын 60-70 хувь нь ямар нэг байдлаар дархлаа тогтоход хангалттай гэж үзэж байв. Харин хоёрдугаар сараас эхлэн олон улсын дата шинжээчид сүргийн дархлаа тогтох процесс тооцоолсноос хамаагүй удаан явагдах шинжтэй буйг мэдэгдэж эхлээд байна. 

Үүнд нөлөөлж буй гурван хүчин зүйл бий юм. Нэгдүгээрт вакцин эсэргүүцэгчид буюу хийлгэхгүй хүмүүсийн тоо олон байгаа явдал, хоёрдугаарт хүүхдүүдийг дархлаажуулах боломжгүй байгаа нь, гуравт коронавирусийн мутацлагдсан шинэ хувилбар тархаад буй гол шалтгаанууд байна. 

Аустин хот дахь Техасын их сургуулийн Ковид загварчлалын консорциумын тэргүүн Лаурен Мейерсийн хэлж буйгаар коронавирусийн шинэ хувилбарт одоо гаргаж аваад буй вакцинууд үйлчлэхгүй байх магадлал өндөр учир хүн төрөлхтөн тахлаас ангижирахад урт хугацаа шаардлагатай байж мэдэх гэнэ. Мөн энэхүү тахал томуугийн нэгэн адил эндемик болж үлдэх магадлал өндөр тул ойрын ирээдүйд сүргийн дархлаа тогтоох бус үүнтэй зэрэгцэн амьдрах шинэ хэв маягийг тогтоох нь нийгмийн амьдралд илүү тустай гэнэ. Үүний учрыг тайлбарлах дараах таван шалтгаантай танилцана уу. 

НЭГ. Вакцин хийлгэсэн ч халдвар авах болон тараах эрсдэл байсаар байна

Дархлаажуулалт хүнийг халдвараас хамгаалахаас гадна, халдвар дамжуулахыг зогсоох үндсэн үүрэгтэй байдаг. Харин коронавирусийн вакцинууд болох Модерна, Файзер-БиоНТех зэрэг нь өвдлөө гэхэд хүндрэхээс хамгаалж чадах авч халдвар авахаас бүрэн хамгаалж, мөн халдварыг өөр хүнд дамжуулахаас сэргийлж чадах эсэх нь одоо хүртэл эргэлзээтэй байгаа. Жоржтауны их сургуулийн математикийн биологич Швета Бансалын хэлж буйгаар сүргийн дархлаа гэдэг нь хүний дархлаа халдварын эсрэг нэгэнт тэмцэж дуусаад дахин халдвар авах болон тараах боломжгүй болсноор үүсдэг зүйл. Ингэж чадаагүй тохиолдолд дэлхий нийтээр 100 хувь вакцинжуулалт хийж байж л үр дүнд хүрэх гэнэ. Одоогоор хэрэглээнд нэвтрээд буй вакцинуудад энэ талын судалгааг бүрэн хийж амжаагүй байна. 

Вакцины халдвар тараахаас сэргийлэх чадвар 100% байх албагүй, 70% орчим байхад л хангалттай гэж Бостоны их сургуулийн халдварт өвчин судлалын эрдэмтэн Самуэл Скарпино өгүүлжээ. 

ХОЁР. Вакцины хангамж, хүртээмж улс орнуудад харилцан адилгүй байна

Пенсилванийн их сургуулийн Халдварт өвчин судлалын төвийн эпидемологич Матт Феррари “Вакцины хангамж, дархлаажуулалтын хурд харилцан адилгүй байгаа нь цар тахал удаан үргэлжлэх бас нэг шалтгаан болно. Зохион байгуулалтыг төгс хийж дэлхий даяараа ковидгүй болчих нь онолын хувьд боломжтой мэт санагдаж байгаа ч бодит байдал дээр ингэх боломж маш хомс“ хэмээжээ. 

Вакцинжуулалтаараа тэргүүлж буй Израйль гэхэд өнгөрсөн оны сүүлээс хүн амаа дархлаажуулж эхэлсэн. Хайфа дахь Израйлийн технологийн институтийн дата шинжээч Двир Аран хэлэхдээ “Гуравдугаар сарын дунд үе гэхэд Израйль нийт хүн амынхаа тал хувийг хоёр тунгаар бүрэн вакцинжуулсан амжилттай байгаа хэдий ч үлдэж буй хүн амын нэлээдгүй хувийг эзлэх залуучууд вакцин хийлгэхээс татгалзаж буй нь асуудал болоод байна” гэв. Тиймээс энэ улсад залуусыг дархлаажуулалтанд хамруулахын тулд аливаа төрлийн урамшуулал олгох, үнэгүй пицца, шар айраг өгөх зэрэг арга хэрэглэж буй юм. Энэ зуур хөрш орнууд болох Ливан, Сири, Йордан, Египт улсуудад хүн амынхаа 1%-ийг ч дархлаажуулж амжаагүй байна. 

АНУ-д хүртэл Жиоржиа, Юта зэрэг зарим мужид хүн амын арав хүрэхгүй хувийг бүрэн вакцинжуулж буй бол Аляск, Нью Мексико мужуудад энэ тоо 16 хувьд хэдийн хүрсэн тэнцвэргүй дүр зураг ажиглагдаж байна. 

Ихэнх улсад нас барах өндөр эрсдэлтэй ахмад настнуудыг эн тэргүүнд дархлаажуулах чиглэл барьж буй. Харин хүүхдэд вакцин огт хийхгүй байгаа. Файзер болон Модерна өсвөр насныхны дархлаажуулалтыг клиникийн түвшинд судлаж буй бол АстаЗенека, Синовак үйлдвэрийн вакциныг гурваас дээш насныхан дээр туршиж байна. Туршилтын үр дүн гарах хол хэвээр. Хэрэв хүүхдийн дархлаажуулалтын ажил хана мөргөвөл сүргийн дархлаа тогтоохын тулд томчуудад маш өндөр хувиар вакцин хийх арга л үлдэнэ гэж Бансал хэлэв. 

АНУ-д гэхэд 18-аас доош насныхан хүн амын 24%-ийг эзэлдэг юм. Судлаачдын тооцоолж буйгаар хэрэв тэд вакцин хийлгэхгүй бол насанд хүрэгсэд 100% хийлгэж байж хүн амын дунд 76%-ийн дархлаа тогтох аж. 

Анхаарах шаардлагатай бас нэг чухал зүйл бол улс орнууд дангаараа бус, бүс нутгаараа жигд вакцинд хамрагдах шаардлагатай байгаа явдал юм. Жишээ нь улаан бурхан өвчний вакциныг зөвхөн тухайн улс оронд юм уу мужид 100% хийсэн ч, хөрш зэргэлдээ газар орнуудад дархлаажуулалт муу байсны улмаас өвчлөл үе үе дэгдэх тохиолдлууд гарсаар байгаа. Тэгэхээр Израйль улс гэхэд өндөр хувиар вакцинжуулж буй ч бага хувьтай хөрш орнуудын нөлөөгөөр өвчлөл дахин дэгдэх боломжтой хэвээр байна. 

ГУРАВ. Мутацид орсон шинэ төрлийн вирусийг хэрхэхээ мэдэхгүй байна

КОВИД-19 вирусийн шинэ төрөл хэд хэдэн оронд бүртгэгдээд буй. Халдварлах чадвар өндөр, вакцинд тэсвэртэй байх боломжтой гэж үзэж байгаа. Нью Мексикогийн Үндэсний лабораторийн математик тооцооллын эпидемологич Сара Дел Валлегийн өгүүлснээр хүн төрөлхтөн энэхүү шинэ төрлийн вирустай хором мөч алдахгүй “уралдах” шаардлагатай, эс бөгөөс өнөөдрийг хүртэл хийсэн бүхэн салхинд хийсч, бүгдийг эхнээс нь эхлэх болж магад гэнэ. 

Бразилийн Манаус хотын жишээнээс үүнийг харж болно. Энэ хотын иргэд коронавирусийн халдварт хүчтэй өртөж, өнгөрсөн оны зургаадугаар сарын байдлаар хүн амын 60% нь халдвар авсан байв. Ийнхүү өндөр хувиар өвчилсөн нь сүргийн дархлаа тогтоход нөлөөлж, таваас аравдугаар сарын хооронд халдварын тоо эрс буурсан юм. Гэтэл энэ оны эхний сард мутацлагдсан шинэ төрлийн вирус тархсанаар тус хотын өвчлөл ахин өндөр хувиар нэмэгдээд байна. Хэдий өмнө нь халдвар авч, дархлаа тогтсон ч энэ нь шинэ төрлийн вирусийн эсрэг хамгаалалт болж чадахгүй байгааг эндээс харж болно хэмээн Сан Паулогийн их сургуулийн дархлаа судлаач Эстэр Сабино ярив.

Нөгөө талаас дэлхий нийтийг нэгэн жигд вакцинжуулж, вирусийг бүрэн дарж авч чадахгүй, алаг цоог байгаагаас үүдэн вирусийн мутацид орох явц хурдтай өрнөж, илүү хүчирхэг төрөл үүсэх магадлал нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл дархлаажуулалт хийлгээгүй хүмүүст дамжин халдварлах вирус дархлаажуулалт хийлгэсэн хүнд халдварлах арга замаа олох гэж өөрөө өөрийгөө зогсолтгүй хөгжүүлсээр байх үйл явц хурдасна гэсэн үг.

Тиймээс яадаг ч байсан хамаг хурдаараа вакцинжуулахаас өөр сонголт бидэнд байхгүй. Даанч вакцин үйлдвэрлэх хүчин чадал хязгаартай, түгээх, хүртээх үйл ажиллагаа тэгш бус байгаа нь санаа зовоож байна хэмээн Феррари өгүүллээ. 

ДӨРӨВ. Коронавирусийн дархлаа насан туршийнх биш байж магадгүй

Дархлаажуулалт насан туршийн дархлал тогтоох эсэх нь тун бүрхэг байна. Вакцин бүтээгчид ч бүтээгдэхүүндээ 100% -ийн үр дүн амлаж чадахгүй байгаа. Одоо мэдэгдэж буйгаар бусад төрлийн коронавирус болон КОВИД-19 вирусийн халдвар авсан хүмүүсийн дархлаа эхний хэдэн сардаа идэвхтэй байгаад, аажимдаа суларч буй юм. Тэгэхээр халдвар авсан ч ахин тусах магадлалтай хэмээн үзэж дархлаажуулах шаардлагатай гэсэн үг. Чухам яг хэдэн сар, жил тутамд дархлаажих хэрэгтэйг нарийн тооцоолох ёстой. Одоо аливаа дүгнэлт хэлэхэд эрт байна.

ТАВ. Вакцин хийлгэсэн хүмүүс бүх юм хэвийн боллоо гэж эндүүрч, нөхцөл байдлыг улам түвэгтэй болгож байна 

Хүмүүс вакцин хийлгэмэгцээ  гадуур гарч, халдвар хамгааллын дэглэмээ хөсөр хаяж, нийгмийн харилцаанд идэвхтэй орох нийтлэг төлөв хаа сайгүй ажиглагдаж байна. “Вакцин бол баттай хамгаалалт биш гэдгийг хэлмээр байна. 90%-ийн үр дүнтэй вакцин хийлгэлээ гэхэд математик тооцооллын дагуу 10 хүнтэй уулзахад л таны халдвар авах магадлал вакцин хийлгээгүйтэй ижил түвшинд очино“ хэмээн Аран өгүүлэв. 

Мөн Мейерс ч үүнийг батлан, нийгмийн хүчин зүйл сүргийн дархлаа тогтоход саад болж буй нэг шалтгаан мөн гээд “Ковидын үеийн хүн төрөлхтний зан төлвийг түүхэн дэх өмнөх бүх үеийн хүн төрөлхтнөөс тусад нь ялган судлах хэрэгтэй. Учир нь таамаглахын аргагүй цаг үед амьдарч буй хүмүүсээс таамаглахын аргагүй авир төлөв гардгийг бид харж байна” гэсэн юм. 

“Халдвар тархалтыг хумихын тулд нийгмийн харилцааг багасгаж, амны хаалт зүүхээс өөр үр дүнтэй арга гэж байхгүй. Үүнийг ойлгож байж л бид тэснэ. Даанч хүмүүс энэ дэглэмийг хаяхдаа хэчнээн амархан гээ. Нийтийг вакцинжууллаа гээд бид бүрэн аюулгүй боллоо гэсэн үг биш, харин бага зэрэг аюулгүй боллоо гэсэн үг” гэж Дел Валле хэлэв.

Хүмүүсийн зан төлөв ямар чухал болохыг энэ жил томуу болон томуу төст өвчлөлийн хувь хэмжээ ямар өчүүхэн бага байснаас харж болно. Нэгт, нийт хүн амын 30% нь томуу тусаад үүний эсрэг дархлаатай болсон байгаа. Үүн дээр ахин 30% нь томуугийн вакцин хйилгэсэн байгаа. Нийлээд 60%-ийн сүргийн дархлаа тогтсон гэсэн үг. Гэсэн ч жил бүр томуугийн өвчлөл идэвхтэй дэгдэж, олон хүний амь насанд хүрдэг. Гэтэл энэ жил ковидоос болоод хүмүүс амны хаалт зүүж, сошиал зай барилт баримталснаар томууд орон зай гарсангүй. Үүнээс үзэхэд вакцин хийж байх зуур нийтээрээ дэглэм баримталж, тархалтыг чадах чинээгээрээ хумьж байвал бид тэр хэрээр цаг хугацаа хожих юм. 

Тархалтыг хумьж, хөдөлгөөнийг хязгаарлахаас гадна хэвийн байдалдаа эргэн орох өөр нэг арга зам байгаа тухай Лондоны эрүүл ахуй, анагаахын сургуулийн дархлаажуулалтын эпидемологич Стефан Флаш ярив. Тэрээр “Вакцинжуулалтаар сүргийн дархлаа тогтоох нь боломжгүй ч байж мэдэх энэ нөхцөлд илүү бодитой арга хэмжээ авмаар байна. Хэрхэн энэ вирустэй зэрэгцэн амьдрахыг сурах нь хамгийн ухаалаг алхам болно ” гэв. Мөн дархлаажуулалт хүмүүсийн өвчлөл хүндрэх, амь насаа алдахаас сэргийлж чадах ашиг тустай нь сайн хэрэг. Бүрэн дархлаажуулалт хийж амжаагүй байх үед коронавирустэй зэрэгцэн ажил амьдралаа хэвийн горимоор явуулж байх нь зүйтэй гэлээ. 

Эх сурвалж: "Nature" шинжлэх ухааны сэтгүүл



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.