1. "Мона Лиза" Леонардо Да Винчи (1503-1519)
"Мона Лиза" нь нэрт зураач Леонардо да Винчигийн зурсан XVI зууны хөрөг зураг юм. Өнөө Парисын Лувpын музейд хадгалагддаг "Гунигтайхан харж, учиртай инээмсэглэх" энэ бүсгүйн хөрөг зураг хүн төрөлхтний уран зургийн түүхэнд хүндтэй байр суурь эзэлдэг билээ.
2. "Одод түгсэн үдэш" Винсент ван Гог (1889)
Голландын пост импрессионист зураач Винсент ван Гог энэхүү суут бүтээлээ 1889 оны зун зуржээ. Тэр нар мандахын өмнөхөн өөрийн оршин суудаг Сент-Реми-де дүүрэг дэх сууцныхаа зүүн зүг рүү харсан цонхоор харагдах үзэмжийг уран төсөөллөөрөө хувирган дүрсэлсэн гэдэг.
3. "Хашхираан" Эдвард Мунк (1893)
Норвегийн экспрессионист зураач Эдвард Мункийн энэхүү бүтээлийн уг нэр нь норвеги хэлээр "Shriek" юм. Зурган дээрх зовж шаналсан царай нь уг хүний нөхцөл байдлын түгшүүрийг бэлгэдсэн мэт харагдах агаад энэ нь экспрессионизм урлагийн хамгийн тод дүрслэлийн нэг болжээ.
4. "Герника" Пабло Пикассо (1937)
Испанийн зураач Пабло Пикассо зотон дээр зурсан тосон зургийн томоохон бүтээл нь "Герника" юм. Урлаг судлаачид уг зургийг түүхэн дэх хамгийн хөдөлгөөнтэй, хүчирхэг, дайны эсрэг зураг гэж үздэг. Одоо Мадрид хот дахь Рейна Софи музейд бий.
5. "Цаг хугацааны оршихуй" Сальвадор Дали (1931)
Нэрт зураач Сальвадор Далигийн хамгийн алдартай сюрреализм бүтээл. Анх 1932 онд Жулиен Леви галерейд олон нийтэд дэлгэсэн бөгөөд 1934 оноос хойш Нью-Йорк хотын орчин үеийн урлагийн музейн цуглуулгад хадгалагдах болжээ.
6. "Гурван хөгжимчин" Пабло Пикассо (1921)
Испанийн нэрт зураач Пикассо уг зургаа Парис хотын ойролцоо 1921 онд зурж дуусгажээ. Синтетик кубист хэв маягийг үлгэрлэн харуулсан өнгөт хавтгайнууд нь түүнийг цаг үеийнх нь урлагийн бүтээлүүдээс эрс ялгаруулдаг.
7. "Сувдан ээмэгт бүсгүй" Ян Вермер (1665)
Нидерландын Гаг хотын музейд хадгалагддаг эл бүтээлийг "Умардын Моно Лиза" гэж нэрлэх нь бий. Уг гайхамшигтай зургийг зурсан зураач Ян Вермер нь амьд ахуй цагтаа төдий алдар нэрд гараагүй ч түүний үлдээсэн "Сувдан ээмэгт бүсгүй" зургийг хүн төрөлхтний урлагийг тодорхойлох цөөн зургийн нэгээр зүй ёсоор нэрлэдэг. Сувдан ээмэгтэй бүсгүйг хөмсөггүй зурснаараа тайлагдашгүй эмэгтэй хүний нууцлаг ертөнцийг тодотгожээ.
8. "Үнсэлт" Густав Климт (1908)
Австрийн бэлгэдлийн зураач Густав Климт эл зургаа алтан навч, мөнгө, цагаан алтаар нэмэн тосон даавуун дээр зуржээ. Густав Климтын бүтээлүүдээс хайр дурлал, дотно харилцаа, хүйсийн харьцаа нийтлэг анзаарагдана.
9. "Вистлерийн ээж" Жеймс Макнилл Вистлер (1871)
Америк гаралтай зураач Вистлерийн зотон дээр зурсан эл зурагтаа ээжийгээ хөрөглөн дүрсэлжээ. Ихэвчлэн хөрөглөн зурах хүнээ босоогоор нь зогсоодог ч ээжийнх нь хөл өвдсөнөөс анх удаа суулган зурсан аж.
10. "Шөнийн харуул" Рембрандт Харменс ван Рейн (1642)
"Шөнийн харуул" нь Голландын алтан үеийн хамгийн алдартай зургуудын нэг юм. Зураг нь Амстердамын музейн сан хөмрөгт багтсан. Рембрандт уламжлалт бэлгэ тэмдгийг байгалийн аргаар дэлгэн харуулсан бөгөөд урлаг судлаачид цаана зогсох эмэгтэйг гол бэлгэдлийн дүр хэмээдэг.
11. "Нар мандах үзэмж" Клод Монет (1872)
1874 оны дөрөвдүгээр сард Парист болсон "Импрессионистуудын үзэсгэлэн" дээр анх олон нийтэд дэлгэгдсэн Клод Монетын зураг юм. Импрессионизмийн хөгжлийг "бадраасан" эл бүтээлд Францын баруун хойд хэсэгт орших Ле Хавр боомтыг дүрсэлжээ.
12. "Америк Готик" Грант Вуд (1930)
Грант Вудын хамгийн алдартай энэхүү бүтээл нь Чикагогийн Урлагийн Хүрээлэнгийн цуглуулгад бий. Айова мужийн Эльдон дахь Америкийн готик байшингийн урд зогсоо аав охин тариачинг дүрсэлсэн бөгөөд тэднийг эхнэр нөхөр хэмээн зарим урлаг судлаачид маргах нь бий.
13. "Хоёр Фрида" Фрида Кало (1939)
Мексикийн нэрт зураач Фрида Калогийн энэхүү тосон зураг түүний бүтээлүүдээс хамгийн алдартай. Түүний зурсан хамгийн анхны томоохон хэмжээний бүтээл. Өөрийнх нь хоёр дүр хамт сууж, нэг нь цагаан өнгийн европ маягийн викториан даашинз өмссөн бол нөгөө нь уламжлалт даашинзтай суусан нь сонирхолтой. Өдгөө уг зураг Мехико хотын Арте Модерно музейн музейд байрладаг.
14. "Дурлалт хос" Рене Магритт (1928)
Үнсэлтээр нэгнээ цоожлон түгжсэн хос хоёрыг дүрсэлсэн Рене Магритт зураачийн алдарт тосон зураг юм. Дүрсүүд хөшигний дагуу бие биенээ үнсэж байна. Арын хана нь цэнхэр саарал өнгөтэй, доод тал нь цайвар, дээд тал нь бараан сүүдэртэй нь өвөрмөц сэтгэгдэл төрүүлнэ. Хажуугийн хана нь тоосгон улаан бөгөөд доод хэсэгт нь цайвар, дээд хэсэгт нь бараан сүүдэрт холилдоно...
15. "Шөнийн кафе" Винсент ван Гог (1888)
Ван Гог Францын өмнөд хэсгийн Арль дүүрэгт амьдарч байхдаа шөнийн орчинг зурсан нь энэхүү зураг юм. Өнгөнүүдийн хурц тод, эрс тэс ялгарлыг ашигласан нь кафе дотроос гийх гэрлийг улам гоёмсгоор тодосгож, шөнийн тэнгэрийг ч гэрэлтэх мэт харуулна. Зурагт дүрслэгдсэн энэ кафе одоо ч байдаг нь гайхалтай биш гэж үү?
16. "Зугаалга" Марк Шагал (1917)
Орос-Франц гаралтай алдарт зураач Марк Шагалыг “Матиссаас хойш өнгө будаг гэж юу байдгийг жинхэнээр нь ойлгодог ганц зураач” гэж Пикассо хэлж байв. Тэр "Зугаалга" зурагтаа үзэсгэлэнт эхнэр Беллагийнхаа хамт өөрийгөө дүрсэлжээ.
17. "Хорвоогийн жаргалыг эдлэхүй" Иероним Босх (1500-1510)
Энэхүү зургийг хүний нүгэлт хүслэнг илтгэн, хайр сэтгэлийн цэнгэл, бие махбодын жаргалыг шунаг тачаалаар дүрслэн бүтээсэн зураг хэмээдэг. Гэвч уран зураг бүрийн нууцлаг утга учрыг гагц үзэгч, хүлээн авагч өөрийн нүдээр харах билээ.
18. "Гэр бүл" Эгон Шиле (1918)
Герман хэлээр "Die Familie" гэх эл зураг нь Австрийн зураач Эгон Шилегийн сүүлч үеийн бүтээлүүдийн нэг. Тэр уг бүтээлээ зурсныхаа дараахан буюу тухайн ондоо уушгины хатгааны улмаас нар баржээ. "Гэр бүл" одоогоор Вена дахь галерейд хадгалагддаг.
19. "Адамыг бүтээсэн нь" Микеланжело (1511)
XVI зууны эхэн үеийн суут зураач, уран барималч, сэтгэгч Микеланжело уг алдарт бүтээлээ Ромын Пап II Юлийн хүсэлтээр Сикстиний сүмийн таазанд зориулан урлан бүтээжээ. Нийт 4 жилийг уг бүтээлдээ зарцуулсан бөгөөд Бурхны гар Адамын гарыг шүргэж буй нь Адамд амьдралын эх шимийг хайрлан хүртээж буйг дүрсэлсэн гэдэг.
20. “Сүүлчийн оройн зоог” (1495-1498) Леонардо Да Винчи
Нэрт зураач Леонардо Да Винчи амьдралынхаа ихэнх хугацааг зарцуулан эл зургаа бүтээжээ. Энэхүү зураг өдгөө Италийн Милан хотын сүмд байдаг. Нэрт зураачийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлд Есүс болон түүний дагалдагч нарыг дүрсэлсэн ч математик, одон орны тухай таавар болон далд өгүүлэмж бүхий хөгжмийн нотууд нуугддаг хэмээдэг.