Дэлхийн хамгийн том кино наадмын шагнал болох Оскар 1929 оноос эхтэй. Энэ шагналын алтан санд багтахыг найруулагч, жүжигчин болгон мөрөөддөг гэхэд болно. “Оскар”-ын шагнал хүртэнэ гэдэг тэдний хувьд алдар нэр, амжилтад хүрэх шулуун зам нь болж өгдөг. Энэхүү шагналын нэгэн нэр хүндтэй төрөл нь “Гадаад хэл дээрх шилдэг кино”. 2026 оны Оскарын шагналд гадаадын 91 кино нэрээ дэвшүүлжээ. Манай улсаас найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” киног энэ уралдаанд сойсон юм. Зохион байгуулагчид санал асуултын журмаар эндээс 10-15 киног сонгодог. Дараа нь 2026 оны нэгдүгээр сарын 22-нд Оскарын төлөө өрсөлдөх 5 киноны нэрийг зарлах юм.
Энэ сарын 16-нд зохион байгуулах хорооноос эхний 15 киног зарлалаа. Энэхүү 15 кинонд Ази тивээс Энэтхэг, Ирак, Япон, Өмнөд Солонгос, Тайванийн кино багтжээ. Үүнээс бид Зүүн Азийн гурван киног онцолж байна.
Япон, “Кокүхо”, (国宝)
Солонгос гаралтай, япон найруулагч И Сан Илийн бүтээл. “Үндэсний баялаг” гэсэн нэртэй энэ киноны үйл явдал Японы уламжлалт Кабүки театрын ертөнцөд өрнөнө. Энэ түүхэн кино Японы түүхэн дэх хамгийн өндөр ашиг, орлоготой кино болсныг тэмдэглэх хэрэгтэй.

Якүза гэр бүлийн өнчин хүү Кикүо, түүний ах Шюнсүкэ нар Кабүки театрын урлагийн ертөнцөд орсон түүх. Энэ кинонд өнөө цагийн хамгийн алдартай япон жүжигчин Кэн Ватанабэ тогложээ. Өмнө нь Японы кино таван удаа Оскарын шагнал хүртэж байжээ.
“Кокүхо” киног бүтээхэд $8 000 000 зарцуулж, $116 025 124 орлого олсон байна.
БНСУ, “No Other Choice”, (어쩔수가없다)
Европын олон кино наадамд сайн үнэлгээ авч, “Алтан бөмбөрцөг” шагналд нэр дэвшсэн бүтээл. Найруулагч Пак Чан Үк. Алдартай жүжигчин И Бён Хо цаасны үйлдвэрийн туршлагатай менежер Ю Ман Сугийн дүрд тоглосон. Гэнэт Су-г ажлаас нь халж орхино.

Гэр бүлийнхээ амар хангалуун амьдралыг хэвээр нь үлдээхийн төлөө тэр маш хатуу арга хэмжээ авах болно. 2019 онд “Шимэгч” кино дэлхийд тэргүүлснээс хойш солонгос кино хоёр удаа Оскарын шагналын жагсаалтад багтсан. БНСУ-д эмзэг ажилгүйдлийн сэдвийг хөндсөн, олон алдартай жүжигчинтэй кино.
$12 000 000 зардлаар бүтэж, $20 111 107 орлоготой.
Tайвань, “Left-Handed Girl” (左撇子女孩)
Хятад, Хонконг, Тайвань нь Оскар шагналд тус тусдаа нэр дэвшдэг. Хонконг, Тайвань хоёр 1950 оноос, БНХАУ 1979 оноос энэ шагналд нэр дэвшүүлж байна. Энэ жил харин Тайванийн кино дараагийн шатанд шалгарчээ. Найруулагч Ши Чин Цоугийн “Солгой охин” бүтээл.

Цоу өөрөө найруулаад тайз засагч, зохиол, продюсер, монтаж бүгдийг хийжээ. Жанель Цай хэмээх хоёр охинтой ганц бие ээж Тайбэй хотод ирж, шөнийн зах дээр ТҮЦ нээхээр зүтгэх болно. 5 настай Ицзин охин солгой. Өвөө нь түүнд солгой гартай бол чөтгөрийн үйл гэж хэлэх бөгөөд охин ч хулгай хийж эхлэх юм.
Нийт орлого: $240 219, зардал тодорхой бус.

