[БНСУ-ын мэдээллийн Dispatch агентлаг жүжигчин Чу Жин Үнийг ахлах ангид байхдаа машин хулгайлж, бэлгийн хүчирхийлэл зэрэг хүнд гэмт хэрэг үйлдэж, Хүүхдийн хорих газарт хоригдож байсан гэж мэдээлснийг бид дамжуулсан билээ. Тэгвэл энэ удаад дахин шинэ мэдээ гарсан нь Чу Жин Үн өнгөрснөө нуухын тулд нэр, төрсөн өдөр, газраа сольж, өөрчилсөн гэнэ.

Dispatch-д бичсэнээр Чу сургуульд сурч байхдаа хулиган байжээ. Тэрээр бүлэг байгуулж, хамсаатнуудтайгаа цуг машин хулгайлж, байнга зодоон хийдэг байсан байна. Чу Жин Үн ахлах ангид байхдаа дээрэм, хүчин хийх гэж оролдсон хэргээр Шүүхийн өмнө очиж байжээ.

Нэгэн гэрч “Чу бүлгийнхээ хамт машин хулгайлаад машин дотроо нэг охиныг хүчиндэх гэж оролдсон. Ингээд бүгдээрээ Насан хүрээгүй хүүхдийн хорих газарт хоригдсон. Чу Жин Үн хагас жил хэртэй хоригдсон” гэж мэдүүлсэн байна.

2003 онд театрт жүжигчин болсон хойноо Чу театрынхаа нэг жүжигчнийг согтуудаа маш харгисаар зодсон гэнэ. Энэ хэрэгтээ торгуулийн ял хүлээсэн. Жилийн дараа кино жүжигчин болсон хойноо согтуугаар машин жолоодож яваад баригдаж эрхээ хасуулжээ.

Түүний жинхэнэ нэр нь Чу Вон Жин. 1976 оны дөрөвдүгээр сарын 6-нд төрсөн. Харин тэрээр кино ертөнцөд орохоосоо өмнө төрсөн өдрөө 1976 оны гуравдугаар сарын 3 болгож, нэрээ Чу Жин Үн болгон өөрчилсөн байна. Чу Жин Үн гэдэг нь түүний аавын нэр. Ийнхүү комьютерт хадгалагдсан гэмт хэргийн бүртгэлээс зугтах гэж оролдсон байна.

Түүний бүлгийн гишүүн, хамт хоригдож байсан нэгэн эр сэтгүүлчдэд “Тэр жинхэнэ дээрэмчин байсан. Сул дорой бүхнийг дээрэлхдэг байсан. Гэтэл одоо шударга цагдаагийн дүрд тоглоод л. Саяхан эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгчийн дүрд тоглож байна. Түүний хохирогч нар юу бодож байгаа бол” гэж ярьсан байна.
Одоогийн байдлаар Чу Жин Үн жүжигчний замналаа орхиж, зодог тайлсан. Түүний харьяа агентлагаас “Бүх зүйл тодорхой болсны дараа албан ёсны мэдэгдэл хийнэ” гэжээ.

