UBLife Logo
Newsfeed

Ай Вэйвэй | Хятадын нийгмийг шүүмжилсэн 6 гол бүтээл

Ub.life
Ub.life
Ай Вэйвэй | Хятадын нийгмийг шүүмжилсэн 6 гол бүтээл

Хятадын контемпорари уран бүтээлч, нийгмийн идэвхтэн Ай Вэйвэй амьдралын эгэл зүйлсийг урлаг болгон хувиргадгаараа алдартай. Тэр бол хятадаас олон улсад хамгийн их нэрд гарсан бүтээлчдийн нэг билээ. Улс орныхоо нийгэм соёлын асуудлыг бүтээлээрээ хөндөж, шүүмжилдэг учраас Хятадын Коммунист нам түүнийг анхаарлаасаа гадуур орхих нь үгүй. Ай Вэйвэй цагдаад зодуулж, торны цаана сууж, бүтэн жилийн турш Бээжин хотоос гарахгүй хөл хорионд орж байсан удаатай. Түүний амьдарч буй нийгмээ хэрхэн шүүмжилснийг дараах 6 уран бүтээлээс нь тольдоно уу.

1. Хан улсын үеийн ваарыг унагаж хагалсан нь, 1995 он

2000 жилийн настай Хан улсын (МЭӨ 206 –МЭ220) үеийн ваарыг унагаан хагалж буйгаа тэр гэрэл зурагт буулгажээ. Тухайн үед хамаарах эртний олдвор асар үнэтэй төдийгүй түүх соёлын бэлгэдэл болохын хувьд хэмжээлшгүй үнэ цэнтэй юм. Хятадын соёл иргэншил энэ л үед бүрэлдэн тогтсон гэж үздэг боловч харамсалтай нь Соёлын хувьсгалын үеэр (1966-1976) Мао түүхийн энэ эринийг арчин баллуурдсан байдаг. Тэр үеийн бодлогоор эртний эдлэлийг олноор нь устгаж, хуучны ёс заншлыг арилгахын тулд оюун санааны ул мөрийг үгүй хийх зорилт тавиад байжээ. Ай Вэйвэй энэхүү бүтээлээ олон нийтэд хүргэхдээ “Мао дарга бидэнд өнгөрсөн үеэ сүйтгэж байж л шинэ ирээдүйг авчирна гэж хэлдэг байсан шүү дээ” хэмээн тайлбарлажээ.

2.Тянь Ань Мэний талбай дахь судалгаа, 1995-2003 он

Ай Вэйвэйн “Тянь Ань Мэний талбай дахь судалгаа” хэмээх бүтээл нь 1995- аас 2017 оны хооронд төрөл бүрийн газарт дунд хуруугаа гаргаж буйгаар авсан цуврал зургуудаас бүрдэнэ. Хориотой хот, Парисын Эйфелийн цамхаг, Берлин дэх Рейхстаг болон Цагаан ордон зэргийг тэр энэ бүтээлдээ багтаасан байдаг. Ийнхүү дунд хуруугаа гаргаснаар төрийн эрх мэдлийг үл тоомсорлож буйгаа илэрхийлж буй юм.

Энэхүү зураг дээр тэр “Тэнгэрлэг энхтайвны хаалга” гэгдэх Хориотой хотын өмнөд хаалга руу чиглүүлэн хуруугаа гаргажээ. 1989 онд Тянь Ань Мэний талбай дээр тайван жагсаал хийж байсан олон мянган иргэдийг Ардын чөлөөлөх армийн цэргүүд хөнөөсөн ба Хятадын засгийн газар тус үйл явдал болж өнгөрснийг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүйгээр үл барам холбогдох зураг бичлэг, үүнтэй холбоотой хүмүүсийн дурсамж, сэтгэгдлийг хүртэл хянадаг билээ. Үүний эсрэг тэр уран бүтээлээрээ ийнхүү тэмцжээ.

3. Бүтэн тонн цайны навч, 2008 он

Ай Вэйвэй нэгэн үзэсгэлэнгийн үеэр бүтэн тонн жинтэй Пу-эр цайны навчийг нэг шоо метр зайд багтаан шахсан байжээ. Цай нь олон зуун жилийн турш дэлхийн худалдааны түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 1773 онд Английн цайны татварыг эсэргүүцэх бослогыг өдөөсөн удаатай. Тэрээр энэхүү бүтээлээ Англи улсад толилуулсан нь хоёр орны төвөгтэй харилцаа болон “Хар тамхины дайн”-ыг бэлгэдсэн байж болох юм.

4. Шулуун, 2008 – 2012 он

Тэрээр энэхүү бүтээлээрээ 2008 онд Сичуан мужид болсон газар хөдлөлтийн талаарх сэтгэгдлээ илэрхийлжээ. Тус гамшигт явдлын үеэр 90 мянган хүн амь насаа алдаж, ор сураггүй болсон ба чанар муутай сургуулийн барилга нурснаас болж 5000 хүүхэд дарагдан нас барсан юм. Газар хөдлөлтийн дараа Ай Вэйвэй мушгиран унасан ган саваануудыг нурангин дундаас цуглуулан тэгшлээд урлагийн бүтээлд хувиргажээ. Дөрвөн жилийн турш тэгшлэн янзалсан саваа бүр нь газар хөдлөлтөөр амиа алдсан хүн нэг бүрийг төлөөлж буй юм.

5. Наран цэцгийн үр, 2011 он

Лондон хот дахь “Tate Modern” орчин үеийн урлагийн галерейн аварга том зааланд 100 сая ширхэг хиймэл наран цэцгийн үрийг цацжээ. Үр бүрийг нь 1000 гаруй жил эзэн хааны шаазанг үйлдвэрлэж ирсэн Хятадын Жиндежэн хотод гар аргаар урласан байна. Энэхүү бүтээлийг 1600 уран бүтээлч хоёр жилийн турш хийж гүйцэтгэжээ. Наран цэцгийн үр нь Хятадын өнөөгийн нийгэм дэх массын үйлдвэрлэлийг илтгэж буй юм. Алслагдсан мужуудад хүний хөдөлмөр машин техникээс илүү хямд байх тул олон төрлийн бүтээгдэхүүнийг гараар үйлдвэрлэсэн хэвээр байгаа юм. Тус үзэсгэлэн олон нийтэд дэлгэгдэж байх үеэр Хятадын эрх баригчид ямар ч тайлбаргүйгээр түүнийг баривчлан саатуулж байжээ.

6. S.A.C.R.E.D., 2012 он

Ай Вэйвэй 2011 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Бээжингийн онгоцны буудал дээрээс баривчлагдан, 81 өдрийн турш үл мэдэгдэх газар хоригдсон байна. Түүнийг хоногийн 24 цагийн турш хоёр харуул нүд салгалгүй ширтэж, түүнтэй нэг ч үг солиогүй байна. Тэрээр энэхүү бүтээлдээ өөрийн туулсан бүхнийг 6 хэсэгт хуваан 3D байдлаар зураглан харуулжээ. Энэ бүтээлийн нарийн эд хэрэглэл бүр нь түүний туулсан бүхнийг илэрхийлэх, утга учиртай зүйлс юм.

Бэлтгэсэн: Б. Уранзаяа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
1
15
3
1
1
5
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Хамгийн том хүүхдийн наадам, Саксофоны гайхамшиг, Зуны зугаа +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Хамгийн том хүүхдийн наадам, Саксофоны гайхамшиг, Зуны зугаа +

Нарлаг сайхан шинэ 7 хоногийн мэндийг хүргэе! Ингээд та бүхэндээ энэ долоо хоногт зарлагдсан шинэхэн эвент, хөгжмийн тоглолт, спортын тэмцээн, төрөл бүрийн бүтээлч өдөрлөгүүдийг танилцуулъя.

“Огцрох амархан“ жагсаалын үеэр олны хайрыг татсан 17 үйл явдал

“Огцрох амархан“ жагсаалын үеэр олны хайрыг татсан 17 үйл явдал

Жагсаал өдөр бүр үргэлжилж байгаа бөгөөд залуусын дуу хоолойгоо хүргэж буй арга барил, жагсаалын хэлбэрийг харахад бид тэмцэж, дуу хоолойгоо хүргэж чаддаг болж, бас нэгнээ ойлгож, хамгаалдаг болжээ гэдгийг харж болмоор.