Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Цахимаар хичээллэх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөв?


Хөл хорио, хаалттай нийгэм хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлсөн талаар судалгааны материалыг “JAMA Network Open” байгууллагаас 4 дүгээр сарын 29-нд олон нийтэд дэлгэлээ. Хичээлийн хоцрогдол, хамтдаа тоглох ч хүнгүй өнгөрөөсөн цаг хугацаа, найз нөхөдгүй, харилцан ярих хүнгүй байсан нь хүүхдийн сэтгэл зүйд хүндээр туссан гэх судалгааны үр дүн гарчээ.

Тус судалгааг сэтгэл судлаач Тали Равивын удирдлага дор Нортвестерн их сургуулийн баг 32000 гаруй асран хамгаалагчдын дунд явуулжээ. Судалгаанд оролцогсод нь цэцэрлэгийн наснаас эхлээд төгсөх ангийн хүүхэдтэйгээ амьдардаг өвөө эмээ, эцэг эх гээд тухайн хүүхэдтэй ойр байдаг 18 наснаас дээш насны асран хамгаалагчид юм. Гэр бүлүүдийг сонгохдоо угсаатны болон арьс өнгийн ялгаатай байдлыг харгалзан, 39.3 хувь цагаан арьстан, 30,2 хувь латин-америк үндэстэн, 22,4 хувь хар арьстан болон 8,1 хувь холимог арьстай хүмүүсийг хамруулжээ.

Судалгааны багийнхан цахим сургалт эхлэхээс өмнө болон дараагийн байдлаар тухайн хүүхдийн 12 төрлийн шинж чанарыг үнэлэх замаар судалгааг явуулсан байна. Сонирхолтой нь гарал үүслээс шалтгаалан судалгааны үр дүн өөр өөр гарчээ. Жишээлбэл, сургууль хаагдсаны дараах ганцаардлын түвшин цагаан арьстай хүүхдүүдийн хувьд 45 хувиар нэмэгдсэн бол латин-америк 14,4 хувь, хар арьстай хүүхдийнх 19,5 хувиар нэмэгджээ.

Ерөнхийдөө танхимын сургалт цахимаар солигдсоноос хойш судалгаанд хамрагдагсдын сөрөг сэтгэл хөдлөл тодорхой хувиар өсөж, эерэг үзүүлэлтүүд нь буурсан байна. Ирээдүйн талаар ярих нь 44,3 хувиас 30,9 хувь руу буурч үе тэнгийнхний эерэг харилцаа 60,4 хувиас 46,8 хувь болтлоо буурчээ. Мөн сургууль хаагдахаас өмнө 4,2 хувийн хүүхдүүдэд уур цухлын шинж ажиглагдсан бол энэ тоо 23,9 хувь болтлоо өссөн байна.

Гэхдээ зарим тохиолдолд багахан хэмжээний эерэг үзүүлэлтүүд ч ажиглагдсан гэнэ. Жишээлбэл, өөрийгөө гэмтээх, амиа хорлох хандлага хар арьстай болон латин-америк хүүхдүүдийн дунд 0,1 хувиар буурчээ. Нийт сурагчдын 7 хувьд нь цахим сургалт илүү таалагдсан гэх үзүүлэлт гарсан ба энэ нь сургуулийн орчин ч бас хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж болохыг харуулсан гэж судлаачид үзжээ.

Мөн нэгэн онцлох үр дүн гарсан нь нийт хүүхдүүдээс цагаан арьстнуудын сэтгэл зүйн байдал бусад хүүхдийнхээс илүү ихээр хүнд байдалд орж байсан явдал юм. Равивын үзсэнээр энэхүү үр дүнгийн гол шалтгаан нь цар тахлаас өмнөх энгийн цаг үед цагаан арьстай хүмүүс илүү амар амгалан амьдралыг туулдагтай холбоотой гэж үзсэн байна. Тэр утгаараа аливаа хүнд хэцүү зүйл тулгарах үед тэдний сэтгэл зүй нь ямар ч бэлтгэлгүй байсантай холбоотой гэжээ.

Өөрөөр хэлбэл, цар тахлаас болж хүмүүс ажлаа алдсан, хэн нэгэн гэр бүлийнхэн нь вирусээр өвчилсөн, хоол унд эм тарианы ч хомсдолд орсон. Энэ бүгдийн аль ч тохиолдолд эдийн засгийн хувьд хангалуун бус гэр бүлүүдэд цар тахал илүү хүндээр туссан байна.

Судалгааны багийнхны үзсэнээр, цар тахлын нөхцөл байдлаас сурган хүмүүжүүлэгчид, клиник эмч нар, бодлого боловсруулагчид олон зүйлийг ойлгож ухаарах хэрэгтэй гэжээ. Юун түрүүнд ямар ч нийгэмд эрүүл мэндийн систем нь тухайн нийгмийн хүн бүрд ижил тэгш үйлчилгээ, боломжийг олгож байх хэрэгтэй. Ялангуяа хүүхдүүд багаасаа сэтгэл зүйн ялгаатай нөхцөлд байгаа нь тэдний ирээдүйд шууд утгаараа тэгш бус байдлыг үүсгэж байна. Цар тахал хэзээ нэгэн цагт дуусна. Харин сэтгэл зүйд үлдсэн гэмтэл нь тухайн хүүхдийг насан туршид нь дагах эрсдэлтэй юм. 

Эх сурвалж: Time

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
18 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
19 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.