UBLife Logo
Newsfeed

Аравдугаар сар дуусахаас өмнө заавал үзэх 3 гэрэл зургийн үзэсгэлэн

Аравдугаар сар дуусахаас өмнө заавал үзэх 3 гэрэл зургийн үзэсгэлэн

Аравдугаар сарын 28-наас эхлэн гэрэл зургийн ертөнцтэй өөр өөр өнцгөөс танилцах боломжтой гурван үзэсгэлэн нээгдэнэ. Гэрэл зураг дурсамжийг хэрхэн хадгалдаг, байгаль орчны асуудлыг хэрхэн хөнддөг, Монголын гэрэл зургийн салбар хэрхэн хөгжиж ирснийг мэдэхийг хүсвэл эдгээр үзэсгэлэнг зорин очоорой.


1. “Цэрэнгийн Хаш гэрэл зургийн хальсанд үлдсэн дурсамжууд”

Хаана: Улаан гэр галерей /Монголын урлагийн зөвлөлийн дэргэдэх Улаан гэр галерей/

Хэзээ: Аравдугаар сарын 28 - арваннэгдүгээр сарын 12 хүртэл

85 насны ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн.

Гэрэл зураг бол зөвхөн нэг агшныг буулгаж үлдээх хэрэгсэл биш. Харин тухайн үеийн хүмүүсийн амьдрал, ахуй соёл, нийгмийн өөрчлөлтийг хойч үедээ өвлүүлэн үлдээх баримт юм. Цэрэнгийн Хашийн 85 насны ойд зориулсан энэхүү үзэсгэлэнгээр уран бүтээлчийн хүүхэд насны найз нөхдийн хөрөг, өдөр тутмын амьдрал, ахуй орчин, хэрэглээний соёл, сурч боловсрох боломж зэрэг олон сэдвийг гэрэл зургаар дамжуулан үзүүлжээ.

Мөн гэрэл зураг нь зөвхөн камерын хөгжилд төдийгүй түүхийг дагасан олон төрлийн техникийн дэвшилд нөлөөлсөн болохыг энэ үзэсгэлэнгийн зарим жижиг бүрдлээс харах боломжтой.

2. Япон–Монголын хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн /Тогтвортой хөгжлийн зорилтын төлөөх соёлын солилцоо/

Хаана: Монголын Уран Зургийн галерейн III давхрын үзэсгэлэнгийн Их танхим, Хөх танхим

Хэзээ: Аравнэгдүгээр сарын 2-ноос арваннэгдүгээр сарын 6-ныг хүртэл

Япон–Монголын хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн

Байгальтай хэрхэн зэрэгцэн оршиж, хүрээлэн буй орчноо хамгаалах вэ? Япон, Монголын гэрэл зурагчид энэ асуултад уг үзэсгэлэнгээр хариулт өгөх аж. “Тогтвортой хөгжлийн зорилтын төлөөх соёлын солилцоо” үзэсгэлэнд 2022, 2023, 2024 оны “Токиогийн гэрэл зургийн сар”-ын хүрээнд тогтвортой хөгжил, байгаль орчны сэдвээр оролцсон Японы долоон гэрэл зурагчин болон 2025 оны уг арга хэмжээнд Монголоос оролцсон гэрэл зурагчид болон дараах гэрэл зурагчид оролцож байна.

Монгол гэрэл зурагчид:

  • С.Цацралт

  • Л.Элбэгзаяа

  • Л.Ганзориг

  • Д.Октябрь

  • Б.Нямгэрэл

  • С.Бадамханд

  • Ш.Отгонжаргал

  • Г.Эрдэнэтуяа

  • Л.Номингэрэл

  • Э.Арухан

  • Б.Рэнцэндорж

  • Б.Инжнааш

  • Б.Бат-Оргил

  • Д.Занданбат

  • Ш.Төмөрсүх

  • Б.Заяажаргал

  • Б.Ирээдүй нар оролцож байна.

Монголын Уран зургийн галерейд зохион байгуулагдах тус үзэсгэлэн нь НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг олон нийтэд таниулах, байгальтай зэрэгцэн оршихуйн үнэ цэнийг гэрэл зургаар илэрхийлэх зорилготой. Түүнчлэн гэрэл зураг нь олон улсын тулгамдсан асуудлыг хөндөж, үзэл бодлоо илэрхийлэх хүчирхэг хэрэгсэл болохыг харуулах юм.

Зохион байгуулагч: “Тогтвортой хөгжлийн зорилтын төлөөх соёлын солилцоо” үзэсгэлэн зохион байгуулах хэлтэс, Гамма гэрэл зургийн агентлаг.

Дэмжигч: Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Уран зургийн галерей.

3. Гамма агентлагийн 30 жилийн ойн үзэсгэлэн

Нээлт: Арваннэгдүгээр сарын 22

Хаана Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

Монголын гэрэл зургийн салбарын сүүлийн хэдэн арван жилийн түүхийг Гамма гэрэл зургийн агентлагийн бүтээлүүдээр дамжуулан харах боломжтой. Тус агентлаг 1996 онд Ц.Батзориг, С.Цацралт, Л.Ганзориг нарын санаачилгаар байгуулагдсан бөгөөд Монголын анхны бие даасан мэргэжлийн гэрэл зургийн агентлаг юм. 1990-ээд онд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээр чөлөөт хэвлэл, бие даасан уран бүтээлчдийн орон зай тэлж, гэрэл зураг нийгмийн өөрчлөлт, бодит амьдралыг баримтжуулах чухал хэрэгсэл болон хөгжих боломж бүрджээ. Энэ цаг үед байгуулагдсан Гамма агентлаг гэрэл зургийн урлагийг хөгжүүлэх, мэргэжлийн түвшинд ажиллах зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

Өдгөө Гамма нь зөвхөн гэрэл зургийн агентлаг бус, студи, хэвлэлийн газар, архив бүхий цогц байгууллага болон өргөжжээ. Баримтат гэрэл зураг, гэрэл зургийн сэтгүүл зүйгээс гадна музейн үзмэр, соёлын өв, баримал, уран зургийн гэрэл зурагжуулалт, гэрэл зургийн аялал зэрэг олон чиглэлээр ажилладаг. Тус агентлагийн 30 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгээр дамжуулан Монголын нийгэм, соёлын өөрчлөлтийг гэрэл зургаар хэрхэн баримтжуулж ирсэн болон дотоодын гэрэл зургийн салбарын хөгжлийн нэгэн хэсэгтэй танилцах боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...