Аймшгийн баяр болоход тун бага хугацаа үлдлээ. Хэллоуин баяр тэмдэглэх арга, байр, байдал хөгжин, шинэ түвшинд гарсаар. Одоо залуус зүгээр нэг аймшгийн кино үзээд айхаа больсон. АНУ-ын үйлчилгээний газрууд зочдоо татахаар өрсөлдөж, оршуулгын товчоо, хүүр хадгалах газар, сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хонохоос гадна сүнс агнах аялал гэдэг шинэ зүйлс санал болгодог болжээ.
Booking.com сайтаас гаргасан “Нөгөө ертөнцөд очих аялал” нь энэ жилийн хит чиглэл болоод байна. 32 орны 28 мянган жуулчнаас 65 хувь нь өөр ертөнц, сүнстэй аялалд дуртай гэж хариулсан бол 48 хувь нь хойд нас, үхлийн талаар “үхээд үзсэн” нөгөө ертөнцийн хүнтэй ярилцаж үзэх хүсэлтэй гэсэн байна.

Орчин үеийн хүмүүсийг “Аймшгийн агуй” дотор сууж байгаа жүжигчид айлгахаа больсон, тэдэнд жинхэнэ аймшиг хэрэгтэй байна.
АНУ-ын Детройт хотын захад орших хуучин сэтгэл мэдрэлийн эмнэлэг, Огайо мужийн Толидод байх орчуулгын товчоо хүмүүст бөөнөөрөө ер бусын үзэгдлийг хамт судлах, эсвэл ганцаараа бие даан сүнстэй байшинг шалгах шинэ аялал гаргасан байна. Сүнстэй байшинг шалгахдаа орчин үеийн багаж, төхөөрөмж ашиглаж болох гэнэ. Детройт хотын хуучин сэтгэл мэдрэлийн эмнэлэгт маш олон гашуун, гунигтай явдал болж байсан. Тус эмнэлэгт “Michighost Paranormal” аялал зохион байгуулдаг Жастин Кокс “Бидний оролцоо хэрэггүй байсан ч манай зочдын хөл, гаранд хэн нэгэн хүрч, эвгүй дуу сонсогддог гэсэн. Аргагүй, энд амиа алдсан олон хүний сүнс шударга ёсыг хүлээн, хоргодсоор байгаа. Сүнс маш олон байгааг бид ч мэдэрдэг. Зарим хүн эмнэлэгт хонохыг хүсдэг, бид зөвшөөрдөг. Манай барилгын дээд давхар бол бараг сүнсээр дүүрсэн газар шүү дээ” гэж ярьсан байна.Тэрээр эмнэлэгтээ аймшгийн кино үзүүлдэг. Харанхуй өрөөнд авсан дээр суугаад аймшиг үзэх зарим хүнд их кайф болдог гэнэ.

Жастин Кокс “Байнгын стресс дунд амьдарч байгаа орчин үеийн хүмүүст Хэллоуин баяр амрах боломж олгодог, анд найз, ах дүүтэйгээ хөгжилдөж, үнэнээсээ айх боломж өгдөг цорын ганц баяр юм” гэж ярьж байна.
