Хайрын захиа бичнэ гэдэг сэтгэл хөдлөм зүйл. Яаж илэрхийлэхээ, юунаас эхлэхээ мэдэхгүй их сандарна. Хэрэв та захиагаа яаж эхлэхээ мэдэхгүй бол энэ нийтлэл бага ч болтугай тус болно гэж найдаж байна.
1. Өөрийгөө бүрэн нээх хэрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөр
Үүнд таны бардам зан, зөрүүд байдал огт хамаагүй. Та нэгэнт л захиа бичиж байгаа бол зүрх сэтгэлээ халгиж цалгитал түүндээ зориулж, бүх сэтгэлээ нээ. Та санаа зовнилоо гээж, өөрийн дотор орших эмзэг, нандин зүйлийг харуулах гэж байна.
2. Заавал албан бичиг шиг байх албагүйг сана
Тэрэнд... гэсэн нэр зоохыг хүсэх хүсэхгүй нь мэдээж таны хэрэг. Ер нь эхлэл, төгсгөлийн тухай ч бүү бод. Эхлээд зүгээр л бичээд үз. Юу мэдрэгдэж байгааг, юу хэлмээр байгаагаа. Тэгээд дахиад нэг уншаад үз. Үнэхээр та хэлэх гэснээ хэлж чадсан уу, үгүй юу гэдгийг тэр үед мэднэ. Хамгийн гол нь эхлэлд нь ингэнэ, төгсгөлд ингэнэ гэсэн тодорхой баригдсан дүрэм журам байхгүйг санах хэрэгтэй.
3. Үг үсгийн алдаагүй, гаргацтай бич
Та хэчнээн гоё үг бичсэн ч тэр нь алдаатай, ойлгогдохгүй бол яах болж байна? Тиймээс энэ тал дээр анхаараарай.
4. Анхаарал татахуйц эхлэл байвал сайн
Чамайг анх хараад би өөрийн эрхгүй... Чиний хоолойг анх сонсоод юу ингэж сэтгэлд минь хүрч чадсаныг гайхаж, олж харахыг, дараа нь ойртож, дэргэд чинь зогсож үзэхийг маш их хүссэн... гэх мэтээр эхлүүлж болох юм. Эсвэл эсрэгээрээ өөрийн сэтгэлийг нээж эхлүүл. Анх би өөрийгөө ийм мэдрэмж авна гэж огтхон ч бодож яваагүй... Миний амьдралд дуран санах, энгэртээ тэврэн нандигнах зүйл ховор байсан... гэдэг ч юм уу... Эхлэх хэсэг чухал байхыг сана.
5. Тэр хүнээ магт
Магтаж бахархам зүйлийг нь заавал дурд. Юу нь чамд таалагдаг, яагаад тэр хүнийг ингэж их хүндэлж хайрладгаа, дурласнаа бич. Түүний хонх шиг жингэнэх инээд, өрөөг гэрэлтүүлэх эерэг энерги, зурсан бүхэн нь амилаад ирэх юм шиг харагддагийг, дэндүү ухаантай болохоор амнаасаа унагаасан үг бүрийг нь тосож авч хайрладгийг бич. (Ооё ёо энэ сүүлийн мөрийг бичсэндээ өөрөөрөө бахархчихлаа)
6. Маш жижигхэн, анзаарамгүй зүйлсийг ч анзаардаг, санадаг гэдгээ дурд
Тэр үед... Ингэхэд чинь... гэх үгсийг хэрэглэ. Үйлдэл нь чамд нөлөөлдөг, үг нь чамд чухал, чи тэр хүнийг анзаардаг гэдгээ мэдрүүл. Энэ нь түүнд онцгой санагдана.
7. Хэт нялуун, уран цэцэн байх нь бас "кринж" санагдаж мэднэ
Тиймээс тунг нь тааруул. Хэт уянгалаад (гоё утгаараа биш) л байвал уншихад бэрх. Хэт энгийн байвал сэтгэлд үлдэх зүйлгүй. Маш урт эсвэл хэт богино байхаас сэргийл. Үг бүрээ үнэ цэнтэй эсэхийг сайн ажигла.
8. Мэдээж захианы чинь зорилго тодорхой байх ёстой
Түүнд зүгээр л сэтгэлээ илчилж байгаа юу, болзоонд урьсан уу, уучлал гуйсан уу, түүнд талархсан уу, баяртай гэж хэлэхийг хүссэн үү... Яг тодорхой байлгаарай. Мөн тэр хэсгийг төгсгөл хэсэгт бичээрэй. Тэр хүн эргээд холбогдох, захианд хариулах, аль эсвэл тунгаан бодоход зориулж өөрийгөө тодорхой байлга.
9. Захиаг гоё цаас, дугтуйтай байлгах тал дээр анхаар
Хадгалах боломжтой, авахдаа л шууд баярлам тийм гоё харагдах ёстой шүү. Шууд урагдсан цаасан дээр бичнэ гэдэг нь удаан бэлдэж байгаа хүний хувьд бол сэтгэл зүтгэлгүй харагдах зүйл. Гоё марк нааж, туузаар боож чимэглэсэн ч болно.
10. Нэрээ бичих үү, өөрийгөө гэж мэдэгдэх үү... Яаж өгөх вэ?
Та нэргүй захиа илгээнэ гэж бодож байвал мэдээж болно. Гол нь түүнд эвгүй санагдахааргүй байх ёстой. Мөн нэрээ бичихээс ичээд байвал өөрийг чинь гэж мэдэх шинж тэмдэг дурдаж болно шүү дээ. "Хөгжмийн тоглолтын үеэр таарсан..." гэдэг ч юм уу. Мөн хүнээр дамжуулж өгөх үү, шуудангаар явуулах уу, ширээн дээр нь үлдээх үү гээд сайн бод. Романтик байж болох аргыг олох хэрэгтэй шүү.
Амжилт <3