“Бүх амьтан тэгш эрхтэй. Гахай харин илүү эрхтэй”. (Жорж Оруэллийн “Амьтны ферм” ёгт романаас эшлэв).
Эрүүгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд бусдыг доромжилбол ял шийтгэхээр УИХ-д өргөн бариад буй билээ. Энэ заалтын тухай маргаан иргэд, хуульчид, улстөрчид, сэтгүүлчдийн дунд өрнөж, Хэвлэлийн эрх чөлөөний өдөр олон нийтийн сүлжээнд дэрвэхтэй зэрэг Хууль зүйн сайд Х.Нямбаатар хачирхалтай тайлбар өгөөд орхисон. Тэрбээр “Доромжлох гэдэг бол хүн төрөлхтний нийтлэг зан суртахууныг зөрчсөн үйлдэл. Зарим нь хүний зургийг дэвсэлж, дээр нь шээж байна. Зарим нь хүүхдийн дэргэд бусдыг зохисгүй үгээр хэлж байна. Үүнийг зогсоох ёстой. Харин хэзээ ч сэтгүүлчид доромжлох зүйл заалтаар шийтгэгдэх үндэслэл байхгүй” гэсэн. Миний бие сэтгүүлчээр ажилладгийн хувьд Хууль зүйн сайдын эл тайлбарт гомдолтой байна. Х.Нямбаатар эл тайлбараараа хүн төрөлхтний зан суртахууныг зөвхөн сэтгүүлчид зөрчинө гэх доромж утгыг илэрхийллээ гэж би ойлгож байна. Мөн тэрээр эл байр сууриараа Монголын нийгмийг “Амьтны ферм” болгож, сэтгүүлчдийг гахай шиг бусдаас давуу эрхтэй хэмээн зарлалаа. Энэ бол нийгмийнхээ өмнө асар өндөр хариуцлага хүлээн ажилладаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон тэдгээрийн сэтгүүлч, сурвалжлагчдын хувьд жинхэнэ доромжлол.
Монгол Улсын хууль иргэн бүрд тэгш үйлчлэх ёстой. Хуулийн зарчим ерөөсөө л энэ. Энгийн иргэдэд үйлчлээд, сэтгүүлчдэд үйлчлэхгүй гэвэл сэтгүүлч ямар гахай юм уу? Шударга ёс алдагдаж, эрх, боломж алагчлагдаж, хууль журмыг нийтээрээ адил тэгш дагаж мөрддөггүйгээс Монгол Улс доройтсон, одоо дампуурлаа зарлахад ойрхон байна. Хууль зүйн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуульд оруулж ирж буй “доромжлох” заалтын талаар нарийвчлан асуусан сэтгүүлчдэд “Өөрсдөдөө наан ойлгож байгаад харамсаж байна” гэж хариулсан. Үгүй, бид зөвхөн өөрсдөдөө зориулж асуудаггүй. Бид бүх иргэдийнхээ өмнөөс асуусан, сэтгүүлчдийн үүрэг нь тийм юм.
“13.15 дугаар зүйлийн 1-т “Доромжлох” гэсэн заалтад “Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэжээ. Яагаад заавал эрүүгийн хэргээр шүүн таслах ёстой юм бэ? Нэг хүн нөгөөтэйгөө хэрэлдэж, хэл үгээр доромжлуулснаас болж гомдол зарга үүсдэг нь энэ амьдралд бишгүй тохиолдоно, тохиолдсоор ч ирсэн. Сайхан ч зүйл биш дээ, гэхдээ доромжлох шалтгаан удсан хэрүүл бол ямар ч маапаангүй иргэний маргаан. Яагаад заавал хүмүүсийн хэл амыг эрүүгийн хэрэгт хувиргаж шийтгэх гээд байгаа юм бэ? Огт ам мурийдаггүй, маргалддаггүй, хэрүүлийн үг шиддэггүй байх чинь өөрөө яг хүний ёс мөн үү? Хүний харилцааг робот маягийн сэтгэхүй рүү л чиглүүлээд байх шиг. Ингэлээ гээд доромжлолыг байх ёстой зүйл мэтээр ойлгохгүй байхыг хүсье. Маргалдагч хүмүүсийн жудгаас доромжлох, эс доромжлох шалтгаалдаг. Хүний олонхийн ухамсраар, нийгэмд тогтсон уламжлалт ёс, эерэг зөв, сайн сайхнаар доромжлолыг шүүх, харилцаанаасаа шахах, ичгүүрлэх учиртай. Доромжлохгүйгээр, нэгнээ үг, үйлдлээр гэмтээхгүйгээр ойлголцдог байх нь бидний ухамсарт байх ёстой үнэ цэн. Иргэний маргааныг Эрүүгийн хуулиар зохицуулах гэж оролдож, бүр хуульчилж байгаа нь доромжлол, мунаглал юм.
Монгол Улсад өмнө нь ийм оролдлого бүтээгүй, гэтэл долоон жилийн дараа дахин санаархаж байгаа нь үнэндээ улстөрчдийн эрх ашгийг дээгүүрт тавьсан хэрэг. Тэд зөвхөн өөрсдийнхөө толгойд ургуулсан алдар хүндээрээ үүнийг хийхээр улайрч байгаа явдал. Иргэд тэднийг улстөрч болсноороо алдар хүндтэй гэж үзэхгүй болсны эсрэг улстөрчдийн дургүйцэл, айдас их хүчтэй байна. Тиймээс Эрүүгийн хуульд доромжлох гэх заалтыг оруулж иргэдийг үзэл бодлоо илэрхийлэх, хардах эрхгүй болгох гэж байна. Гэвч Үндсэн хуульд хүний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг тунхагласан. Маш том зөрчил үүгээр үүсэх болно. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, доромжлох заалтаар шийтгэж эхэлбэл олон нийтийн сүлжээ хэрэглэгч иргэд хувийн орон зайгаа ашиглах боломжгүй болно. Тэдэнд ял шийтгэл оногдуулна. Манай нийгэм хувь хүний эрх чөлөө, ялгаатай байдал, нэр төрийг хамгаалах сэдлээр амьсгалж байгаа энэ цаг үед хууль тогтоогчид хүний нэр төр, алдар хүндийг дээдэлсэн хуульд анхаарч байгаа нь уярам хэдий ч хэнийг ч, юугаар ч айлгадаг, шүүдэг болчихвол хүний эрхээр халхавчилсан аймшигт ухралт болно.
“Доромжлох” гэж яг яахыг хэлэх, ойлгох талаар өнөө хэр нарийн тодорхойлолт, муучлах, шүүмжлэх гэхчлэн ижил төстэйвтөр утгаас зааглан томъёолсон агуулга гаргаж ирээгүй байна. Хүний нэр төртэй холбоотой ойлголт буюу арьс өнгө, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлыг шүүмжлэх, гутаах, эсэргүүцэхийг ойлгох юм уу, эсвэл иргэн улстөрчийн зохисгүй үйлдлийг шогловол, шүүмжилбэл түүний эрхэмсэг оршихуй хөндөгдөх үү? “Энэ намайг доромжиллоо” гээд шүүхдээд, эрүү тулгаад байж боломгүй нягт ойлголт, эмзэг харилцаа шүү дээ. Энэ заалтын адил сэтгүүлчдийг гахайд тооцсон тодорхойгүй ойлголт цөөнгүй байна. Тухайлбал, сэтгүүлч эх сурвалжаа нууцлах зэрэг хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд мөрдөгддөг мэргэжлийн наад захын эрхийг хуулиар хангаагүй хэрнээ энгийн иргэнээс ялгаатай гэх байр суурь өнөө хэр баттай хэвээр л байна. Ингээд л сэтгүүлчдийг гахай шиг худал хөөргөөд, иргэдийг бусад амьтан шиг дорд үзэн нийгмээ доромжилсоор байх уу?
Хэвлэлээр авилга, албан тушаалын гэмт хэргийн талаар илчлэн бичсэн сэтгүүлчийг бусдын нэр төрд халдсан, гутаан доромжилсон гэх гомдлоор шалгасаар л байгаа. Сэтгүүлчийн түшсэн баримт үнэн, бодитой байсан ч, тухайн мэдээ, нийтлэлээс гутаасан, доромжилсон гэх ганц нэг үг олдог нь гомдол үүсгэн шалгах, сэтгүүлчийг, буруутгах "сайхан" шалтаг, хэвлэлийг бүхэлд нь гахай болгон харлуулах боломж болсоор ирсэн. Монгол хэлний үгийн сан, монгол хүний хэл яриа, сэтгэлгээн дэх тэмдэг нэрсийнхээ онцлогийг ч ухахгүй байж эрүү тулгахаар завдах нь үндсэндээ улстөрчдийн өөрсдөдөө бий болгож буй олон нийтээс дээгүүр орших айдас л юм.