Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Humans of Global Youth Summit: Залуучууд дижитал ирээдүйг тодорхойлох нь


Humans of UB булангийн шинэ дугаарыг Руанда улсын нийслэл Кигали хотоос бэлтгэн хүргэж байна. Энэ жил "Generation Connect" Дэлхийн залуучуудын чуулга уулзалт анх удаа зохион байгуулагдаж, 115 орноос 15-29 насны 400 орчим залуус уг чуулгад биечлэн, 5000 орчим залуус онлайнаар оролцсон юм. 

Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ) болон Руанда улс хамтран зохион байгуулсан энэ арга хэмжээ нь Дэлхийн харилцаа холбооны хөгжлийн их хурлын нэг хэсэг юм. Гурван өдөр үргэлжилсэн чуулга уулзалт дижитал хуваагдал, онлайн боловсролын хүртээмж, дижитал ур чадвар, жендэрийн тэгш бус байдал, цахим аюулгүй байдал, цахим хог хаягдлын менежмент, ирээдүйн ажлын орчин, дижитал бизнес эрхлэлт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг өргөн сэдвийг хамрав. 

Ub.life сайт чуулга уулзалтад оролцсон гурван залуутай ярилцаж, дижитал шилжилт тэдний ажил мэргэжил, амьдралд хэрхэн нөлөөлж буй, тулгамдаж буй асуудал зэрэг сэдвийн хүрээнд ярилцлаа.


Рёота Такацүки, Япон (Оюутан, 21 настай)

Би Токиогийн их сургуулийн инженерийн ангийн төгсөх курсэд суралцдаг. Харилцаа холбооны системээр дипломын ажлаа бичихийн зэрэгцээ ажил дээрээ Deep Learning чиглэлээр судалгаа хийдэг юм. Миний бодлоор цаашид юу хийхээ олох нь л өнөө цагийн япон залуучуудад тулгамддаг гол асуудал болоод байна. Сонирхолтой нь, бага сургуулийн хүүхдүүдийн дийлэнх нь Youtuber болохыг хүсдэг гэсэн судалгаа гарсан байна лээ. Магадгүй энэ нь залуучууд өөрийгөө бусдад илэрхийлэх замаар амьдралынхаа утга учир, хийхийг хүсдэг зүйлээ олохыг хичээж байгаатай холбоотой болов уу. Мэдээж хэрэг YouTube гайхалтай платформ хэдий ч үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө тодорхой хэмжээгээр хязгаарлагдмал байдаг. Харин дижитал ертөнцөд боломж хязгааргүй. Жишээ нь, програмчлалын ур чадвар бидэнд хавьгүй их боломжийг нээж байгаа. Манай улсад ядуурал, боловсролын хүртээмжээс гадна дижитал ур чадварын хоцрогдол өөр нэг том асуудал болоод байна. Тиймээс би ирээдүйд мэргэжлээрээ дамжуулж энэ мэт тэгш бус байдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна гэж боддог доо. 

YouTube гайхалтай платформ хэдий ч үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хязгаарлагдмал байдаг. Харин дижитал ертөнцөд боломж хязгааргүй. Жишээ нь, програмчлалын ур чадвар бидэнд хавьгүй их боломжийг нээж байна.

Хүрээлэн буй орчин бидний гаргах шийдвэр, зан үйлд ямар их чухал нөлөө үзүүлдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй юм шиг санагддаг. Хэрэв чи үнэхээр л бусдад хэрэгтэй зүйл хийхийг хүсэж байвал тухтай бүсээсээ гарч, өөрөөсөө өөр хүмүүсээр хүрээлүүлэхийг хичээгээрэй гэж үеийн залуустаа хэлье. Бид метаверс зэрэг шинэлэг технологийн тусламжтайгаар хоорондоо холбогдох улам л хялбар болж байна шүү дээ. Тиймээс энэ боломжийг бүү алдаарай. 

Грейс Мбуи, Руанда (Зохицуулагч, 25 настай)

Би шинэ төгсөгчдөд ажилд ороход шаардлагатай ур чадвар олгодог Work Ready Africa байгууллагад энтрепренер манлайллын хичээл заадаг. Мөн оюуны бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг Izere Mubyeyi ТББ-д давхар зохицуулагчаар ажиллаж байна. Энтрепренер манлайллын ур чадвар залуучуудын сэтгэлгээг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй гэдэгт гэж боддог. Учир нь, залуус бид сургуулиа төгсөөд л ажилд орох, хувийн бизнесээ босгохоос эхлээд хоорондоо холбогдох, хамтран ажиллах шаардлагатай болдог. Тэр болгонд энтрепренер ур чадвар маш их хэрэг болно. Залуу эмэгтэй хүний хувьд боловсролын салбарт ажиллахад зарим нэг саад бэрхшээл тулгарна л даа. Жишээ, өөртэйгээ чацуу хүмүүстэй ажиллахад би багш гэхээсээ, тэдэнд өөрийгөө нээхэд нь туслах, чиглүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа хүн гэдгээ ойлгуулах хэрэгтэй болдог. Үүнээс гадна залуу гэдгээсээ болоод ажил, мэргэжлийн хүрээнд гарч ирдэг зарим боломжуудыг хүртэж чаддаггүй. Гэхдээ туршлага хуримтлуулахын хэрээр шинэ шинэ боломжууд нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна. 

Эмэгтэйчүүд сургуульд сурахад л хангалттай, ажил дээр гараад гүйцэтгэх ажил л хийж чадна гэдэг хэвшмэл ойлголтыг халахын тулд бид хичээж ирсэн. Одоо л эмэгтэйчүүд дэлхийн хөгжлийн нэг хэсэг гэдгээ ойлгож эхэлж байна.

Дэлхий дахинаа яг одоо дижитал шилжилт хурдацтай явагдаж байна. Бид технологи ашиглахгүйгээр нэг өдрийг ч өнгөрөөх боломжгүй болсон. Руанда улс мөн ч энэ шилжилттэй зэрэгцэн алхаж байна. Сүүлийн жилүүдэд залуучуудыг технологийн дэвшилтэй холбох, хэрэглээг нь дэмжих зорилготой төвүүд олноороо бий болсон. Гэвч энэ ахиц дэвшлийн хажуугаар дижитал хуваагдлыг арилгахын тулд хийх ажил бидэнд их байна. Ялангуяа технологийн салбарт эмэгтэйчүүд олноороо хөл тавих боломжийг бүрдүүлэх шаардлагатай байгаа. Эмэгтэйчүүд сургуульд сурахад л хангалттай, ажил дээр гараад гүйцэтгэх ажил л хийж чадна гэдэг хэвшмэл ойлголтыг халахын тулд бид хичээж ирсэн. Одоо л эмэгтэйчүүд дэлхийн хөгжлийн нэг хэсэг гэдгээ ойлгож эхэлж байна. 

Өөртэйгээ адилхан залуучуудад боловсрол эзэмших тэгш боломж олгохыг хүсдэг. Тэр дундаа, сурах, хөдөлмөр эрхлэх боломж нь хамгийн их хумигдсан хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад туслахыг илүү их эрмэлздэг. Хэрэв бид ойрын 5-10 жил энэ хоцрогдлыг арилгаж чадахгүй бол нийгмийн энэ бүлэг эргэлт буцалтгүй ард хоцорно гэж эмээж байна. Эцэст нь хэлэхэд, залуус бид ихэнхдээ өөрсдийн дотоод нөөц боломж, ур чадвараа тэр бүр анзаарч хардаггүй. Тэгэхээр бусдаас урам зориг авч, суралцахаасаа урьтаж өөрийнхөө юу хийж чадахаа олж нээгээрэй. Нэгэнт нээсэн хүчийг ашиглах амархан шүү дээ. 

Конни Сиу Ман Хэй, Хонгконг (Оюутан, 20 настай)

Би Хонконгийн Хятадын Их Сургуульд биоанагаах ухааны инженерийн чиглэлээр суралцахын зэрэгцээ НҮБ-ын Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази Номхон далайн бүсийн залуучуудын элчээр ажилладаг.

Бидэнд технологи ашиглахгүй, дижитал ур чадварт суралцахгүйгээр амьдралаа төсөөлөхөд бэрх болсон. Ажилд орох, бүх төрлийн үйлчилгээ авах, эрүүл мэндийн тусламж хүртэх, нийгмийн амьдралд оролцох гээд бидний алхам бүр цахимжсан гэж хэлж болно. Ялангуяа цар тахал дэгдсэнээс хойш дижитал шилжилт эрчимжиж, роботын тусламжтайгаар бохир усны системд коронавирусийн халдвар байгаа эсэхийг илрүүлэх зэрэг дэвшилтэт технологийг шинэлэгээр ашиглаж байна. Гэхдээ л энэ шинэчлэлийг нийгмийн бүлгүүд харилцан адилгүй хүлээж авч байгааг хэлэх хэрэгтэй болов уу. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд дөнгөж ухаалаг утас ашиглахад суралцаж байгаа бол залуучууд эсрэгээрээ технологийг бүтээлчээр ашиглан нийгмийн асуудалд шийдэл олж, цаашлаад бүр шинэ технологи бүтээхэд хувь нэмрээ оруулж байна. Эерэг өөрчлөлтүүдийн хажуугаар Хонконгийн залуучуудад тулгамдсан асуудал ч цөөнгүй бий. Үүний нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудал юм. Цар тахлын үед бид хүн хоорондын зай баримтлаад зогсохгүй сэтгэл зүйн хувьд ч нийгмээсээ тусгаарлагдаж, холдсон гэж хэлж болно. Хэдийгээр манайд олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг ч сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой нийгэмд тогтсон хэвшмэл ойлголт, гутаан доромжлох явдал байсаар байна. Тиймээс технологийн тусламжтайгаар л энэ талаарх ойлголт, мэдлэгийг хүмүүст түгээж, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгож, нийгмийн сөрөг ойлголт, хандлагатай тэмцэх боломжтой гэж боддог. Боловсролын тогтолцооноос үүдэлтэй стресс залуучуудын дунд өндөр байдгийг энд онцлон тэмдэглэмээр байна. 

Жижиг гэлтгүй хичээл зүтгэл хуримтлагдсаар эцэстээ мэдэгдэхүйц том өөрчлөлт, үр нөлөөг авчирдаг. Тиймээс өөрийгөө бүү хязгаарла, том, жижиг аль нь бай ч анхны алхмаа зориглоод хийгээрэй. Ялангуяа, охид бид нийгмийн хэм хэмжээг мөрдөхийн оронд өөрийн хүсэл эрмэлзэл, сонирхлоо дагах хэрэгтэй.

Суралцдаг чиглэл маань биоанагаах ухааны инженерчлэл, сайн дураараа оролцдог ажлууд маань мэдээлэл харилцаа холбооны технологитой (МХХТ) холбогддог гээд бодохоор зарим хүмүүст эрс ялгаатай хоёр салбар юм шиг санагдаж мэдэх юм. Гэхдээ дижитал шилжилт зөвхөн технологид суурилдаггүй, олон салбарыг хамарсан ээдрээтэй үйл явц учраас дижитал шилжилт, инноваци, тогтвортой байдлыг шинжлэх ухаантай хослуулснаар нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх боломжтой. Миний хувьд мэргэжлээрээ дамжуулж эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, STEM салбар болон МХХТ-ийг тойрсон бодлогыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. 

Эцэст нь, залуучуудад хандаж хоёр зүйлийг уриалмаар байна. Нэгд, жирийн нэг оюутан, бичиг хэргийн ажилтан эсвэл инженерийн оруулах хувь нэмэр, өөрчлөлт гэж юу байхав дээ хэмээн та бүхэн бодож байж магадгүй. Жижиг гэлтгүй хичээл зүтгэл хуримтлагдсаар эцэстээ мэдэгдэхүйц том өөрчлөлт, үр нөлөөг авчирдаг. Тиймээс өөрийгөө бүү хязгаарла, том, жижиг аль нь бай ч анхны алхмаа зориглоод хийгээрэй. Ялангуяа, охид бид нийгмийн хэм хэмжээг мөрдөхийн оронд өөрийн хүсэл эрмэлзэл, сонирхлоо дагах хэрэгтэй. Хоёрт, STEM, МХХТ-оос өөр чиглэлээр суралцаж буй залуучуудад дижитал шилжилт хэтэрхий хол, хувь нэмрээ оруулах боломжгүй мэт санагдаж мэднэ. Бодит байдал харин ч эсрэгээрээ байдгийг хэлмээр байна. Технологийн салбарт ажиллах эсвэл технологийн тусламжтайгаар шинэлэг шийдлүүдийг боловсруулахад гээд хувь нэмрээ оруулах боломж дүүрэн бий.  

Холбоотой мэдээлэл: Дэлхийн харилцаа холбооны хөгжлийн их хурал эхэллээ

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.01.06
Humans of UB / Аутизмд хийсэн аялал
2
2023.11.23
Humans of UB | Уур амьсгалын өөрчлөлтөд эергээр нөлөөлсөн монгол хүүхдүүдийн түүх
3
2023.06.27
Humans of UB | Паркаа бүтээгчид
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.