Хөгжмийн жагсаалтуудыг байнга тэргүүлэн, дэлхийн шилдэг хамтлагуудын нэг болсон Өмнөд Солонгосын BTS хамтлаг "хамтлагийн" уран бүтээлээ түр завсарлаж, хувь хувийн карьертаа анхаарахаар болсон тухайгаа мэдээллээ. Өмнөд Солонгосын эдийн засагт олон тэрбум ам.долларын ашиг орлого оруулдаг 7 гишүүн бүхий тус хамтлаг өчигдөр орой /2022.06.14/ жил бүрийн уламжлалт оройн зоог барих үеэрээ Youtube-ийн шууд дамжуулалтаар уг мэдээг дэлгэжээ.
Хамтлагийн гишүүн Suga "Бид завсарлага авч байна" гэсэн бол хамтлагийн төлөөлөгч Reuters агентлагт мэдээлэл өгөхдөө "Хамтлаг бүрэн тарахгүй. Харин хамтлагийн гишүүд өөр өөр салбарт хүч үзэж, "соло" карьертаа илүүтэй анхааран ажиллах болно" гэжээ.
Харин хамтлагийн гишүүн RM "Сүүлийн хэдэн дуунд ажиллах зуураа бид чухам ямар төрлийн хамтлаг болсноо багагүй гайхсан. К-поп хамтлаг, "idol" бүтээх систем бидэнд төлөвших хугацаа өгсөнгүй" гэсэн юм. Хамтлагийн гишүүд хувь хувьдаа чухам ямар "карьер хөөх" талаар бид удахгүй мэдээлэх болно.
Эх сурвалж: Koreaboo