Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах, дархлааг дэмжих, нөөцлөх, нөөшлөх, даршлах боломжийг бий болгох, хангамж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн өдийд “Алтан намар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Хөдөө орон нутгийн газар тариалан эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр, зах зээлийн ханшаас хямд үнээр хэрэглэгчдэд хүргэхэд анхаарч байгааг УБЗАА-наас онцолсон юм.
Нийслэлийн зүгээс нийт 31 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн долоон дүүргийн 17 байршилд 186 цэгт хүнсний ногооны худалдаа гараад байна. Хөдөө орон нутгаас ирж буй газар тариалан эрхлэгчдийн тооноос хамааран батлагдсан байршлуудыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн үзэсгэлэн худалдаанд оролцох ногоочдоос түрээсийн төлбөр, нэмэлт хураамж авахгүй юм.
Мөн ХХААХҮ болон Сангийн сайд нарын хамтарсан тушаалаар зах зээлд худалдан борлуулсан, стандартын шаардлага хангасан 10 нэр төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг энэ жилээс эхлэн олгохоор болсон. Харин мөнгөн урамшуулалд хамрагдах иргэн, аж ахуй нэгж нь https://plant.mofa.gov.mn/ цахим сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай. Бүртгүүлэхдээ газар тариалан эрхэлж буй газрын хэмжээ, тариалангийн төрөл, халдваргүйтгэл хийж, пестицид ашигласан эсэх мэдээллээ илгээх шаардлагатай юм. Мөн хөрс, усны лабораторийн шинжилгээнд орж, баталгаажсан бүтээгдэхүүнд урамшуулал олгох журмын зохицуулалттай ажээ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/4aa1298f-9daf-490b-9f58-1883798d1e1e/9b3130816e4fa4a01c1d177670c06d53.png)