Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

П.Майнбаяр: Барьж үлдэж чадсан мөч хором л мөнх


Хөвсгөл аймагт аж төрж, уран бүтээлээ туурвиж буй зохиолч, яруу найрагч Пүрэвжалын Майнбаяртай ярилцлаа. Тэрээр “Шар навчны сүнс", "Сарны бичээс”, "Шинэ улирал", “Сая жилийн намар”, "Бясалгагч мөчир", "Огторгуйн нугаас түүсэн шүүдэр", “Сүүдэргүй манан”, "Өвсний шувуу", “Эртний сэтгэл”, "Салхинд гэрэлтэх тэнгэр", “Үүрдийн хоосон агшин” зэрэг яруу найргийн 10 гаруй ном хэвлүүлсэн бөгөөд хамгийн сүүлд “Хагас нь эс хагас нь элс” хүүрнэл зохиолын түүврээ уншигчдын хүртээл болгоод буй билээ.

-Таны зохиолоо бичдэг идэвхтэй үе хэдээс хэдэн цагийн хооронд байдаг вэ?

-Би өдрийн найман цагийн ажилтай учраас энэ хугацаанд зохиол бичих боломж байхгүй. Тиймээс амралтын өдөр, оройн цагаар л голцуу бичдэг. Гэхдээ би ч одоо тийм айхавтар бичиж бүтээсэн хүн биш дээ. Хэр хэмжээндээ л бичиж туурвихыг эрмэлзэж явна. Хүүрнэл зохиол бичихэд тодорхой дадал, арга зүй, хугацаа шаардагддаг юм байна. Дотроо нэг юм олоод барьчихсан, түүндээ ороод бичих үе байдаг. Яг тийм булуу халсан үедээ л зохиол бүтээлийг бичиж дуусгахыг эрмэлздэг.

-Хамгийн сүүлд хэвлүүлсэн “Хагас нь эс хагас нь элс” номоос тань “Довцог” өгүүллэгийг уншигчид нэлээд онцолж байна лээ?

-Монгол хүний байгаль дэлхийг хайрлах, сүсэг бишрэл, ан амьтадтай холбогддог харилцаа их нарийн. Энэхүү харилцааны талаар зохиолчид зөндөө бичсэн. Хүний зүрх сэтгэл дэх нандин зүйлийг хэрхэн уран зохиол болгох вэ гэдгийн нэг илрэл нь болж бичигдсэн юм болов уу даа. Энэ ном маань хоёр хэсэгтэй. Эхний хэсэг нь илүү далд нарийн сэжмээр холбогдож бичигдсэн гэхэд болно.

-Та өөрийн анхны ном болох “Шар навчны сүнс” номоо гаргаснаас хойш яг арван жилийн хугацаанд өөр ямар ч ном гаргаагүй байдаг. Энэ хугацаанд ямар шалтгаанаар уран бүтээлээ завсарласан юм бэ?

-1996 онд “Шар навчны сүнс” номоо гаргасан. Гэвч анхны номоо гаргасныхаа дараа өөрийн шүлгүүдийг уншихаар “дэмий юм биччихэж дээ” гэж бодогдох үе байлаа. Тэгээд анхны номоо гаргаснаас хойш хэсэг хугацаанд бараг бичээгүй. Ер нь би шүлэгч болдог хүн нь биш юм байна. Харин нийтлэл, тэмдэглэл энэ тэр бичвэл зүгээр гэхшүү юм боддог, энэ санаагаа ч ойр тойрныхоо улсад хэлдэг байж билээ. Хүмүүс шүлэг зохиол бичдэг гээд байхаар нь ингэж эсэргүүцэж байгаа ухаантай юм. Гэсэн ч яруу найраг хүнийг нэг л өдөр тэсэшгүй болгох үе байдаг юм билээ. Тэгээд л дахиад бичиж эхэлсэн. Хэрвээ бичдэггүй байсан бол амьдрал минь жаахан гунигтай, мухардмал болчих байсан байх аа даа. 

Ном уншаад сэтгэл догдлох, баатарлаг үйл явдлаар нь зориг зүрхээ хурцлах, новш ноохой дундаас нь өөрийгөө олж харах, дүрийн сэтгэл зүйг мэдрэх зэрэг илрэлүүд бол миний л хувьд утга бүхий зүйл

-Сүүлийн үед “Шинэ зүйл гэж байхгүй. Шинэ зүйл гэдэг сайтар мартагдсан хуучин зүйл юм” гэх үзэл давамгайлах болжээ. Та энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-Энэ бол харьцангуй ойлголт. Шинэ гээд бичсэн юм аль эртний хуучин юм байх тохиолдол бий. Хуучин гээд бодож явсан юм мөнхийн шинэ байх боломжтой. Хэн нэгнийг давтах байдлаар юм уу эсвэл шууд хуулбарлах нь утгагүй. Санаж сэрэх бол өөр. Болж өгвөл өөрийнхөө боломжийг л ашиглах хэрэгтэй. Боломжоо ашиглаж бичнэ гэдэг өөрийнхөө дотор байгаа бодит үнэнийг бичнэ гэсэн санаа юм.

-Хүмүүс аливаа зохиол бүтээлийг уншаад сайн, эсвэл муу гэх үнэлгээг өгдөг. Таны хувьд сайн зохиолыг ямар шалгуураар тодорхойлдог вэ?

-Хүний бүтээсэн зүйлийг сайн, эсвэл муу гэж хэлэх маш хэцүү зүйл байхгүй юу. Гэтэл хүний цаг хугацаа, оюун бодол гэхчлэн өөрт байгаа бүхнээ зориулсан номыг нь нэг харчихаад эсвэл тухайн зохиол бүтээлийн орон зайд нэвтэрч чадаагүй хэрнээ зохиол бүтээлийг нь үнэлнэ гэдэг ярвигтай. Сайн зохиол уу, муу зохиол уу гэдгийг уншиж байж л мэднэ. Тэгэхээр унших л хэрэгтэй. “Энэ жаахан тиймхэн зохиол юм даа” гээд бодчихсон бол тэрийг заавал муугийн муу болгох гээд адгаад байж яах юм. Зохиолчийн бүтээсэн орон зай, цаг хугацаанд очно гэдэг гайхалтай зүйл шүү. ”Энэ хүн яг ингэж л бодож бичсэн байх даа. Ийм зүйл тэр зохиолчид үнэхээр мэдрэгдсэн байх даа” гэж бодогдтол ном уншигддаг. “Зуун жилийн өмнө зохиолч нь үүнийг биччихээд салхи сөрөөд л зогсож байсан байх даа” гэх мэт мэдрэмж төрдөг. Тийм мэдрэмж төрүүлж байгаа зохиол л гоё зохиол байх. Сүүлийн үед зохиолыг хэр дуулиан шуугиан тарьснаар нь сонгож унших хандлагатай болчихсон ч юм шиг санагддаг. Гэвч зохиол бичих нь дуулиан шуугиантай явдал мөн юм уу. 

Зүүднээс илүү амьдралыг хүмүүс бидэнд

Зүсэлж өгсөн өгөөмөр бурханд талархъя!

-Тиймгүйсэн бол цэцэгт нуга гэгээ татаж

Цэл залуухан бүсгүй бүлээхэн горхинд 

Өлмийгөө дүрэн суухыг харахгүй байхсан...

Усны мандалд жараахай цүлхийхийг

Уйтгарлах мөчдөө сонсохгүй л байхсан

Эргийн галуу хачин уярмаар ганганахад

Элэг зүрхэнд минь хөнгөн өд сэрвэлзэхгүй байхсан

Эмээ минь хаа нэгтэйгээс шивнэхгүйсэн

Цэцгийн цоморлигт шүүдэр нуугдахыг

Бороотой үдшээр харахгүй л байхсан

Цэвэр тунгалаг яруу найргийн төлөө

Бодлогошрол, ганцаардлаа зориулахгүйсэн.

Аяа, Зүүднээс илүү амьдралыг хүмүүс бидэнд

Зүслэж өгсөн өгөөмөр бурханд талархъя!

Бурхан гэж хэн болохыг мэдэхгүй нэгэнд

Булгийн эхэнд ургасан улаалзганы бутыг чагна гэж зөвлөе!

-Та ямар зохиолчийн номыг унших дуртай вэ?

-Үндэснийхээ зохиолчдоос бол Б.Ренчин, Д.Нацагдорж, С.Эрдэнэ, Д.Намдаг, Ч.Лодойдамба, С.Дашдооров, П.Лувсанцэрэн, Д.Маам, П.Баярсайхан, С.Пүрэв, Д.Норов, Б.Нямаа, Ж.Лхагва, Г.Нямдорж, Д.Намсрай, Ц.Доржготов, Д.Энхболд, Б.Догмид гээд л цааш үргэлжилнэ дээ. Д.Намсрай зохиолчийн “Лусын охины тэмдэглэл” тууж нь “Уул усны үр сад” гэдэг уран сайхны кино болсон. Тэр зохиолд байгаль ертөнцийг хайрлах тухай сэтгэл өвдмөөр бичсэн байдаг юм. Хүүхдүүд нь шувууны үүр хормойлж ирдэг нэг хэсэг бий. Гал түлэх гэж. Тэгэхэд нь ээжийнх нь хэлж байдаг үгс бол сэртхиймээр шүү. Бас С.Дашдооров гуайн зохиолууд байна. С.Дашдооров гуай зохиол бүтээлдээ хөдөөгийн ахуй, амьдралыг үнэхээр энгийн сайхан дүрсэлж бичсэн байдаг.

-Гадаадын зохиолуудаас ямар зохиолд дуртай вэ?

-Михаил Шолоховын “Дөлгөөн дон” роман энгийн, үнэн, амьд зохиол санагддаг. Орчуулагч Б.Дашцэрэн гуай ч эх хэлнээ яруу сайхан буулгасных биз ээ. Энэ романд амьдралын урсгалыг эрээлж будалгүй бичсэн байдаг. Ю.Мишимагийн “Алтан сүм”, А.Камюгийн “Этгээд хүн”, Милорад Павич “Салхины дотоод тал”, Борхес, Хемингуэй, Фолкнер, Горький, Жек Лондон, Маркес, Гоголь, Айтматов, Кафка, Чеховын зохиолууд гээд л нэрлэх байна даа. Хэдэн жилийн өмнө би Орхан Памукийн “Цас” романыг догдлон уншиж билээ. Ном уншаад сэтгэл догдлох, баатарлаг үйл явдлаар нь зориг зүрхээ хурцлах, новш ноохой дундаас нь өөрийгөө олж харах, дүрийн сэтгэл зүйг мэдрэх зэрэг илрэлүүд бол миний л хувьд утга бүхий зүйл. Зарим үед ном уншиж байхад өөрийн мэдэлгүй самсаа шархирах үе гардаг даа. Үгээр хэлэхийн аргагүй. Хүн өөрт байгаа боломжоороо аль болох шинэ, содон зүйлсийг уншиж л байх хэрэгтэй. Аль нэг ном тэвэрч хэвтчихээд үүнээс илүү нь үгүй гээд явцуурч болохгүй шүү дээ. Тэгвэл дэндүү утга учиргүй болчихно. Ойрмогхон гэвэл би Дазай Осамүгийн “Хүн байх эрхгүй”, Ц.Буянзаяа “Хар үхэр алаг сүүдэр”, Үй Хуагийн “Цусаа худалдсан тэмдэглэл”, Элис Манрогийн “Сайн бүсгүйн хайр” зэрэг зохиолууд уншсан байна. Ямар зохиолд дуртай вэ гэсэн учраас л санаанд буусан зохиолуудыг нэрлэж байгаа юм. Түүнээс биш унших номууд биднийг хүлээж байдаг.

Миний хүүхэд нас нэг тийм нөөлөг дулаан орчинд өнгөрсөн юм. Тэндхийн амьдралын хэв маяг ч их гэгээн сайхан байжээ. Тэр үед манайхан бие биенийхээ төлөө амьдарч, сэтгэл зүрхэнд нь гэрэл гэгээ татах мэт л байдаг сан

-Та яруу найргийг өөрийнхөөрөө тодорхойлооч?

-“Барьж үлдэж чадсан мөч хором мөнх”. Тухайн шүлгийг барьж үлдэж буй мөч, шүлэг зохиол бичих орон зайн бол бичээч хүний хувьд мөнхийн юм. Мөнх юм байхгүй гэдэг. Энэ хорвоогийн эд юмс үрэгдэж байхгүй болно гэдэг. Амьдрах хугацаандаа байгаль ертөнцийн үзэгдэл юмсыг өөртөө нээж, барьж авч үлдэж, амьдралд тохиолдох мөчүүдийг зүрх сэтгэлдээ хадгалж чадсан бол чи мөнхийн хүн. Харамсах зүйл байхгүй. Чиний бий болгосон яруу найраг энэ. Тэнгэр цэнхэртэхийг, гол шуугьж урсахыг, шувуу жиргэхийг, үүл бүрхээд бороо орохыг, цас намуухан будрахыг харж, мэдэрч агшныг барьж үлдэх нь л яруу найраг юм. “Харцага шувууны жигүүр болон одов”, “Энгийн хүний үр ээжээс илүү бодогдоно”, “Ногооны униар огторгуй тулж зэрэглэн мяралзахад”, “Хайрын хүчинд сэтгэл минь тэнгэрийн заадас шиг гэрэлтэнэ” гэх ч юм уу. Баригдахгүй зүйл баригдах шиг болдог тэр мөчийг би яруу найраг гэж ойлгодог. Явж явж яруу найраг надад ингэж л буусан. Мөч хормуудыг барьж үлдсэн учраас л бид амьдарч байгаа. Тийм биш бол амьдрал гэж юу юм бэ? Би амьдралаас их зүйл хүсдэггүй. Хүмүүсийн тэсэшгүй их хүсч мөрөөддөг зүйлсийг би хүсэж мөрөөддөггүй. Тиймээс намайг тайван орхиж болно. Нам гүмхэн амьдрахыг л боддог. Энэ бодол минь тэгээд зүрхэнд л орших юм даа. 

-Гэхдээ зохиолч хүн тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, алдар нэртэй болохын тулд л зохиол бүтээл туурвидаг юм биш үү?

-Хэрэв тийм бол алдар нэр аяндаа хүрч ирдэг байлгүй дээ. Ирэх ёстой бол шүү дээ. Гэхдээ алдар нэр гэгч нь ирэхгүй бол гомдоллоод байх хэрэггүй л дээ. Түүнийг санан гансарч явдаг бол бичихгүй байсан нь дээр. Зөвшөөрөгдөх гэдэг бол өөр ойлголт. Илүү дээд түвшний зүйл шиг санагдаж байна. Би юмыг үнэн байгаасай л гэж хүсдэг. Үнэн гэж байхгүй гэлцдэг. Гэтэл бидний үнэн биднийх шүү дээ. Хэрэв худал юм бол амьдрал мамьдрал гэх юу байна. Үнэн гэж итгээд л амьдарч байгаа биз дээ. Нүдэн дээр алив юмс эмтэрч бутраад байхаар би эмзэглэдэг. Харсаар байтал уул алга болж, горхи булаг ширгэж байна шүү дээ. Хүнд байдаг гол шиг тунгалаг, нуур шиг намуун чанарууд нь байхгүй болоод л байгаа. Бид амьд халуун зүйлсээ гээсээр л байгаа.

Хөггүй гитар шиг өдрүүдийг 

Зүрхэндээ үүрээд алхаж явна

Хөгжим юм болохоор нь 

Шидчихэж бас чадахгүй байна

Хөглөе гэхнээ хуруу чилээд 

Дэмий л бодлоо урна

Хөрөх мэт ийм амьдралд 

Дэвүүр хэрэгтэй ч юм шиг...

Утас бүр нь судас гэдгийг

Ухаарч ойлгоход нас хангалттай

Ая эгшгийг нь танихад

Ай яасан урт юм бэ?

Хүндээр дарах хутагт тэнгэр

Хөлөө завилан суужээ

Зүүсэн эрхинийх нь оосорт

Зүйлийн аялгуу л торжээ.

-Та Техникийн их сургууль төгссөн байх аа. Уран зохиолын боловсролыг хэрхэн эзэмшсэн бэ?

-Намайг зарим хүмүүс уран зохиолын боловсролтой хүн гэж боддог юм шиг байгаа юм. Яг үнэндээ, би уран зохиолын боловсролгүй юм даа. Мэдэж танихын төлөө байна. Хүн мэдэхгүй юмаа мэдэхгүй л гэж хэлэх хэрэгтэй. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэж мөн ч гашуун үнэн үг шүү. Тэгэхээр мэддэг зүйлээ бичих хэрэгтэй болно. Мэдэхгүй юмныхаа дайсан болчихгүй шиг байвал тэгээд болох нь тэр дээ. Ийм л юм. Би өөрт олдсон боломжоороо л ном зохиол уншиж иржээ. Үнэндээ бол бас л хожуу уншсан. Боловсролтой, мэдлэгтэй хүмүүстэй уулзаж тэднээс суралцаж, мэдлэг мэдээлэл авч байх хэрэгтэй. Тийм хүмүүстэй уулзах сайхан шүү.

-Арван жилээ сумандаа төгссөн үү?

-Тийм ээ. Бүрэнтогтох суманд төгссөн. Намайг наймдугаар анги төгсөж байхад нийгмийн байдал нэг л хайнгадуу, болчихсон үе байлаа. Сургуулиа завсардаад, хөдөө гарсан. Сүүлд 1996 онд Техникийн их сургуульд орсон юм. Одоо аймгийн нийгмийн даатгалын хэлтэст бүртгэл санхүүгийн ажил хийж байна.

-Та хэр их сэтгэл хөдлөлтэй вэ?

-Сэтгэл хөдлөлтэй. Нутаг руугаа явах, уул овоонд гарах, багын анд нөхөдтэйгөө уулзах, ах дүүсдээ очихдоо догдолж, сэтгэл хөдөлдөг. Манай нэг авга ах хүн ирэхээр их баярладаг хүн байсан сан. Хүн хүлээгээд л. Ирэхээр нь баярлаад л. Миний хүүхэд нас нэг тийм нөөлөг дулаан орчинд өнгөрсөн юм. Тэндхийн амьдралын хэв маяг ч их гэгээн сайхан байжээ. Тэр үед манайхан бие биенийхээ төлөө амьдарч, сэтгэл зүрхэнд нь гэрэл гэгээ татах мэт л байдаг сан. Авга ахдаа зориулж, 

...Сэтгэл хөрөхөөс л айсан ах минь

Сэтгэл хөдлөхийг л амьдрал гэж итгэсэн ах минь... гэж бичиж байв.

-Та зохиол бичээд хэр их ашиг олдог вэ?

-Хүн ном бүтээлээ борлуулж, үр шимийг нь хүртдэг байвал зүгээр л байх. Хүний уншихгүй зүйл бичээд байх ч хаашаа юм. Бичсэн зүйлийг нь хүмүүс уншаасай гэж хэн ч хүсдэг байх. Битгий уншаасай гэхдээ бичиж, хэвлүүлдэггүй байлгүй дээ. 

-Ямар уншигч хамгийн үнэн үнэлгээг өгдөг юм бэ?

-Хандлагыг нь харахад залуучууд их сонин сонин өнцгөөс харж байгаа нь ажиглагддаг. Тэгээд мэдээж буурьтай, мэдрэмжтэй уншигчид цаг үе бүхэнд л байдаг шүү дээ. Тэд л аливаа зохиолоос олон өнгийг нээж чаддаг гэж хэлмээр байна.

-Та ойрд утга зохиолын аль төрлөөр түлхүү бичиж байна даа?

-Яруу найргийн нэг ном хэвлэлд бэлдэж байна. Бас нэг хүүрнэл зохиол дээр ажиллаж байгаа. Ирэх ондоо хэвлүүлэх санаатай л байна.

-Таныг юу хамгийн ихээр жаргалтай болгодог вэ?

-Сэтгэлийнхээ гүнд амар амгалан байх л намайг жаргалтай болгодог. Алсад нэг тайван хүн байгаа хэрнээ л заримдаа тайван бус болох үе гарах юм даа. Энэ нь ч цаг зуурын л учир шалтгаан болов уу.

Энэ хорвоод би өширхөж үзээгүй

Эргэлзэх үедээ ч өрөвдөн шимширдэг

Сүүлчийн өдөр минь байсан ч

Сүүдрийнхээ хүйтнийг бусдад түгээхгүй.

Хамгийн их уншилттай
1
4 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.23
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
8 цагийн өмнө
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
2
Өчигдөр
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
3
3 өдрийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.