I.
Дэлхийн улс орнууд соёлоо нийгмийн цаг үе болгонд хөгжүүлж, шинэчилж ирсэн байдаг. Энэ нь өв соёлынхоо гүнд шингэсэн үнэт зүйлүүдээ бодитой хэрэглэж байгаагийн илрэл юм. Монголчуудын хувьд ч гэсэн соёлын арвин их өв сантай. Гэвч түүнийгээ хэрэглэх, шинэчлэх тал дээр төдийлөн анхаарч ажилладаггүй. Харин ч эсрэгээр яг тэр хэвээр нь хадгалах сонирхолтой байдаг. Түүний үр дүн бол одоогийн бидэнд байгаа ардын аман зохиолууд, тууль болон “Монголын нууц товчоо”, үлгэрүүд юм.
Харин энэ бол орчин цагийн үлгэр. Монголын хүүхдийн уран зохиолд нэгэн шинэ тууж төрсөн нь Д.Оюунчимэгийн “Өнчин цагаан ботго” юм.
Зохиолч, орчуулагч, яруу найрагч Д.Оюунчимэгийг “Гэсгээгдэгсэд”, “Тэнгэрийн цаг болоогүй” тэргүүт тууж, “Оройн ганц мод”, “Норгой”, “Усгал” зэрэг олон бүтээлээр нь уншигчид мэднэ. Үүнээс гадна түүний хүүхдийн тууждаа нэр болгон авч, гол дүрийг нь ургуулсан Яриг цагаан ингэний Сариг цагаан ботгоны тухай үлгэрийг ч бид андахгүй.
Харин түүний хүүхдэд зориулсан шинэ тууж нь танил бус өгүүлэмж, нэгэнтээ шуудхан л ид шидээр тодорхойлоход дэндүү өнгөц гэмээр бэлгэдэл зүйн давхар хэлэмжтэй. Эмээтэйгээ өссөн Бүүвэй хүү ээжийгээ мэдэхгүй бөгөөд аав нь төдийлөн анхаарал тавихгүй. Эмээгээсээ хойш хатуу ширүүн хойд эхийн гараар орж, эх нь аргамжаандаа тэлчлэн ботголох үедээ эндсэн залуу ингэний Сариг цагаан ботготой найзлах болов.
Энэ нь зарим нөхцөлд өөр олон ч үлгэр болоод монголын хүүрнэл зохиолоос үзэж болох танил өгүүлмж. Харин зохиолч Д.Оюунчимэг өгүүлэмжийг цааш урнаар хөгжүүлж, баялаг төсөөлөл, түүнээс олж болох сургамжийг хослуулсан шинэлэг бичлэгийн хэлбэрээр агуулгыг нь доторлон урлажээ.
II.
Бүүвэй хүүд тохиолдсон бүхэн бидний мэддэг хийгээд мэдэхгүй түүх. Сариг цагаан ботго, долоон чоно, Жавар өвгөн, луугийн ам гээд л зарим нь орос ардын үлгэрүүдэд ч гарч байдаг сан. Харин тэдгээрийн доторх цасан охид, талын хатан, удган чоно тэргүүт болоод зохиолыг хэлбэршүүлсэн чөлөөт сэтгэлгээ, ямар нэгэн эргэцүүлэх холбоосын алдаагүй үйл явдлын хэлбэршил зэрэг нь туужийн үндсэн илэрхийллийг үлгэрийн хэлээс ялгаж өгнө.
Сариг цагаан ботгоо хайж, шуурганд төөрсөн Бүүвэй хүү эргэлдэн бүжиглэгч бяцхан цасан охид, дараа нь тув тунгалаг мөсөн ертөнцийн эзэн Жавар өвгөнтэй таарна. Өнөөх цасан шуургыг үүсгэгчид нь өвгөний шадар туслахууд байв. Гэвч үйл явдлыг нарийвчлан тоочихоос илүүтэй зохиогч нь эдгээрийг дорнын сургамжит үлгэрүүд, Монголын хүүхдийн уран зохиолд түлхүү ажиглагддаг тусч, нинжин, ухаалаг сэргэлэн дүрүүдийн зарчмаас эс ондоогоор шийдэж өгсөнд учир байгаа юм.
Яг л Чарьлз Диккенсийн зохиолын баатруудтай л адил. Түүний романы баатрууд, бяцхан хүүхдүүд анхнаасаа л сул дорой, айж бэргэдэг, уйлдаг, гомддог. Гэвч тэд өөрсдийн сайхан сэтгэл, үнэнч зангийнхаа эцэст Дэвид Коппэрфилд эсвээс бүхнийг ухаарсны төгсгөлд Каролл болон хувирах нь бий. Говийн бор толгодын дунд ихэнхдээ хөл нүцгэн гүйж, хэдэн малынхаа хойноос гэдэс хоосон таваргах Бүүвэй бол яг тийм дүр. Уг дүр цаашид хөгжихийн хэрээр яг л Диккенсийн зохиолын баатрууд шиг эрэлхэг зориг, цорын ганц найздаа гаргасан үнэнч зангийнхаа хүчээр өөрийгөө авраад зогсохгүй бусдад ч аз жаргал, амар тайвныг авчирч өгнө.
Үүнээс гадна хүү шуурганд төөрч, осгосон тэдгээр хүнд мөчид зохиолч ид шидийн мэт ертөнцийг биежүүлж, хүүд ер бусын амгалан, гайхаш төрүүлсэн зураглалыг хамтатгаснаар уншигчид цасан шуурганд төөрч будилсан жаалхүүг өрөвдөх бус харин ч атаархах мэт сэтгэл зүйтэй болон хувирна.
Учир нь “Хүү цав цагааны дундуур алгуурхан урагшилж байлаа. Зөвхөн нүд гялбам цагаан л үлдэж бусад бүх зүйл алга болжээ. Тэнгэр, нар, тал, мал, алсын барааны аль нь алга. Гэхдээ юмс алга боллоо гээд аймаар санагдсангүй. Харин ч ер бусын амгалан оргино” гэх ажээ.
III.
Мэдээж хүүхдийн номд зураг тун чухал. “Өнчин цагаан ботго” бэсрэг туужийн номын зураачаар “Монсудар” хэвлэлийн газрын “Жангар” редакцын зураач Б.Төрмөнх урлажээ. Харин тус номыг “Ножо паблишинг”-аас эрхлэн хэвлүүлсэн юм.
Уг номын зургуудад зөн совинлог, саарал өнгөнөөс түлхүү ургасан сүнслэг ахуй ч мэдрэгдэнэ. Энэ зохиолын шидлэг чанар, гол дүрийн баатрын эсрэг ертөнцөд хийсэн аялалтай тун ч зохицож өгчээ.
Мөнхүү Бүүвэй хүүгээс бусад хүн, Жавар өвгөн, Талын хатан ч тэр хэмжээний хувьд сүрлэг хийгээд уул мэт том аж. Жаахан хүүхдийн нүдээр л тэднийг харж, тэдгээрээс сүрдэж байгаа шиг мэдрэмж уншигчдад давхар төрөх нь гарцаагүй.
Зохиол бол амьдралын бодит хуулбар биш. Ямар нэг байдлаар дээгүүр түвшинд бичигдэх ёстой. Магадгүй бодит оршихуйг ямар нэг хэмжээгээр тааруулан урласан байх учиртай байж ч мэднэ. Уран зохиолын ер бусын шинж чанарыг илүү товойлгон гаргасныг болзолт дүр гэдэг шүү дээ. Зохиолын гол баатар Бүүвэйгийн замд тааралдах цасны охид, Жавар өвгөн, Талын хатан, удган чоно зэрэг нь яг л тийм дүрүүд юм. Мөнхүү тэдний орчин ахуй нөхцөл нь бусдын хүсдэг ид шидийн нэг хэсэг болж буй. Үүнд л хүүхдүүдийн хүсдэг зүйл, ямар нэгэн гүнзгий ойлтголт, танин мэдэхүйгээр дамжуулан уламжлалыг хүртээх гэсэн соёлын үнэ цэн оршдог.
Үүнээс гадна уул ус, байгалийн гамшиг, тал нутаг нь ямар нэгэн байдлаар өөрсдийн гэсэн эзэнтэй, тэдгээрийг хайрлан хамгаалж, дээдлэхгүй бол аюул отож болзошгүйг ч туужийн деталь хэсгүүдэд чухал агуулга болгон шигтгэж өгсөн нь бий.
Бүүвэйг түүнд үргэлж сайн хандсаар ирсэн Дүнжээ өвгөн олдог. Эмгэн нь болох Ааяа ч мөн хүүд тун сайн. Эцэст нь хүүгийн ээж ирснээр тэд хамтдаа аж төрөх болжээ. Гэвч үүнийг зөвхөн аз жаргалтай төгсгөлийн үгээр хулдаад орхисонгүй. Бүүвэйгийн ээж ч мөн хүүтэйгээ адил төөрсөн нэгэн байсныг төгсгөлийн өгүүлэмжээс уншигчид ойлгох болов уу. Харин хүүгээ олж, тал нутагтаа ирснээс төөрч явсан амьдралын тойрогт замаа олж чаджээ.
Орчин цагийн үлгэр “амар сайхандаа жаргах” бус үнэн байдал, эрэлхэг зоригоор өөрсдийнхөө хувь заяаг олж, бүтээж чадсан төгсгөлтэй. Мөн хүүхдийг нойрсуулах бус сэрээх, номд дурлуулах, шимтүүлэх, уламжлал, зан заншлын талаарх үнэт чанарыг сургамжлахгүйгээр ойлгуулж болохыг Д.Оюунчимэг зохиолч бидэнд харууллаа. Тэгээд ч үлгэр уншиж хүүхдийг унтуулдаг арга Хюготой хамт өнгөрсөн зуундаа л үлдсэн билээ.
Нийтлэлч Б.Алтанхуяг