Тэмдэглэлийн дэвтэр хөтлөх нь өөрийгөө ойлгох, үйл явцаа дүгнэх, бүтээлч чадвараа хөгжүүлэх зэрэг олон гайхалтай давуу талтай. Шинэ оноос эхлэн шинэхэн тэмдэглэлийн дэвтэр хөтлөхөөр шийдсэн бол танд санал болгох төрөл төрлийн санаа бидэнд байна.
#1 Сар / өдөр тутмын хийх зүйлсийн тэмдэглэл
Жижигхэн дэвтэрт хийх зүйлсээ бичиж тэмдэглэн, яаралтай, чухал үйл явдлуудыг марталгүй санах нь үр бүтээмжийг гайхалтай нэмэгдүүлдэг. Ямар нэгэн зүйл мартсан мэт яарч будилах үе танд хэзээ ч гарахгүй.

#2 Өдрийн тэмдэглэл
Өдөр бүр тэмдэглэл хөтлөх хэцүү бол хааяа чухал бодол мэдрэмжээ хөтлөхөд дэвтрээ ашиглаарай.

#3 Аяллын тэмдэглэл
Аялахыг хүссэн газрын мэдээлэл, аяллын үеийн дурсамж, бодол мэдрэмжээ хадгалахад дэвтрээ зориулаарай.


#4 Зүүдний тэмдэглэл
Сонирхолтой, учир битүүлэг, нууцлаг зүүдээ мартахгүйн тулд орныхоо дэргэд дэвтрээ хадгалахаа мартуузай. Зөнтэй зүүд ч юм бил үү?


#5 Урам зориг өгөх үгсийн тэмдэглэл
Өөртөө сануулахыг хүссэн, хэн нэгнээс сонссон, хэлэхийг хүссэн сайхан үгсээ дэвтэртээ буулгаарай. Хэзээд, хаанаас нь ч нээж харахад таатай байх болно.

#6 Дасгалын хөтөч тэмдэглэл
7 хоног бүрийн дасгал хөдөлгөөн, хоол хүнс, биеийн өөрчлөлтөө хянахад цаг гаргахаа ч мартуузай.

#7 Талархлын тэмдэглэл
Амьдралд хайртай зүйлсээ өөртөө эргэн эргэн сануулж, өдөр бүр баяжуулж байгаарай.

#8 Дурсамжийн тэмдэглэл
Бусад тэмдэглэлээс ялгаатай нь заавал юм бичихгүй ч байж болно. Үзсэн үзвэрийн тасалбар, очсон газраасаа олсон жижигхэн цаас, цэцэгний дэлбээ гээд л дурсамж болгон хадгалах бүхий л гайхалтай жижигхэн зүйлсээр дэвтрээ дүүргээрэй.


#9 Зургийн дэвтэр
Бодол мэдрэмж, мөрөөдөл хүслээ зургаар илэрхийлэн дэвтрээ чимэглээрэй.

#10 Санхүүгийн тэмдэглэл
Орлого зарлага, авах зүйлсийн жагсаалт, хадгаламж зэргээ дэвтэртээ хянан бичээрэй.

#11 "Bullet journal"
Дээрх бүх л тэмдэглэлийг нэг дэвтэрт багтааж яагаад болохгүй гэж? Бүгдийг нь өөрийн "bullet journal"-даа бичиж тэмдэглээрэй.
