Монголын хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ баг 2024 оны олимпод оролцох эрхийн төлөөх эхний тоглолтоо өнөөдөр 18:00 цагаас Сингапурын эсрэг хийнэ. Тус тоглолт Тайланд улсын Чонбури цэнгэлдэх хүрээлэнд явагдах юм.
Сингапур гурав хоногийн өмнө Тайландтай тоглож, 6:0-ээр хожигдоод буй. Харин Монголын шигшээгийн тамирчид Тайландын цаг агаар, уур амьсгалд дасан зохицохоор хэд хэдэн удаагийн бэлтгэлийг хийгээд байгаа аж.
Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэбат "Тоглолтуудын үр дүнгээс илүү тэмцээн оролцож байгаа нь бидэнд туршлага болно. Манай улсын Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хөгжилд юу хэрэгтэй байна вэ гэдгийг олж харах чухал тэмцээнд хүрэлцэн ирлээ. Цаг агаарын байдлаас болоод багаараа урт хугацааны бэлтгэл хийхэд хүндрэлтэй байлаа. Гэхдээ үндсэн багаараа 14 хоногийн бэлтгэлийг эх орондоо хийгээд Тайландад ирсэн. Тамирчдын хувьд өвлийн улиралд футзалны тэмцээнтэй байсан. Мөн бид хамгийн сүүлд өнгөрсөн оны 11-р сард Лаос улсад нөхөрсөг тоглолтыг хийсэн" хэмээн тэмцээний өмнөх хэвлэлийн хурлын үеэр онцолжээ.
Монголын шигшээ баг хоёр дахь тоглолтоо 4-р сарын 7-нд талбайн эзэн Тайландын эсрэг хийх билээ.