Казахстаны Астана хотноо 4-р сарын 09-14-ний өдрүүдэд чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн АШТ үргэлжилж байна. Өнөөдөр 62 кг-ын жинд зодоглосон дэлхийн аварга, Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт МУГТ Пүрэвдоржийн Орхон хагас шигшээд өнгөрсөн жилийн Белградын ДАШТ-ий хүрэл медальт БНХАУ-ын Луо Шяо-Жюаныг 7:3-аар ялж, Азийн АШТ-д гурав дахиа финалдав.Тэрээр алтан медалийн төлөө “Токио-2020” олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбековатай барилдана.
Тэрээр өнөө жил Улсын АШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлэхдээ шигшээ барилдаанд Токиогийн олимпод 20 настайдаа оролцож тавдугаар байрт орсон, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Хонгорзулыг цэвэр дарсан юм.Чөлөөт бөхийн дэлхийн аварга, МУГТ П.Орхоноос 2018 оны Азийн наадмын үеэр авсан шинжилгээгээр допинг илэрсэн тул дөрвөн жилээр барилдах эрхээ хасуулсан билээ. Өнгөрсөн оны есдүгээр сарын 16-ны өдрөөр түүний торгуулийн хугацаа дуусгавар болсон тул эргэн дэвжээнд зодоглох боломжтой болсон юм.