БНСУ-ын волейболын Дээд лигт тоглох Ази тамирчдыг сонгон шалгарууллаа. Тус шалгаруултанд Тайвань, Индонез, Филиппин, Япон, Малайз, Хонгконг зэрэг улсын нийт 24 тамирчин оролцсон юм.
Драфтын эхний сонголтоор Ж.Энх-Эрдэнэ "Samsung Bluefangs" багт, 4 дэх сонголтоор Б.Баярсайхан "Ansan Okman" багт тус тус сонгогдож, жилийн 100,000 ам долларын цалинтай гэрээгээ үзэглэлээ.
"Sports Times Korea" сонины нийтлэлд дурдсанаар, тоглолтын ур чадвар, техникээс гадна Солонгос улсад зургаан жил амьдарсан, мөн Солонгосын их сургуулийн багт волейбол идэвхтэй тоглож байсан зэрэг үзүүлэлтээрээ Монголын хоёр тоглогч дасгалжуулагч, албан тушаалтнуудын сонголтын тэргүүн эгнээнд багтжээ. Тэдэнтэй хамтарч ажиллахад хэлний чадварын хувьд ямар ч асуудал гарахгүй, мөн Солонгост хэдийн дасан зохицсон байдал зэрэг нь БНСУ-ын лигийн багуудын сонголтод голлон нөлөөлснийг онцолсон байна. Тус шалгаруулалтад Монголын шилдэг тамирчид болох Б.Батсуурь, Т.Хангал нар мөн оролцсон юм.