Улсын наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааныг үзэх тасалбарын үнэ өнөө жил 42000-52500 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна. Тодруулбал, нэг өдрийн сүүдрэвчтэй суудлын үнэ 52500 төгрөг, сүүдрэвчгүй нь харин 42000 төгрөгийн үнэтэй борлуулагдаж буй юм.
Та бүхэн тасалбар болоод автомашины зогсоолын зөвшөөрлөө enaadam.mn сайтаас 7-р сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан авах боломжтой.
Өнөө жилийн наадмыг “Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохион байгуулна. Иймд нээлтийн үйл ажиллагаанд виртуал хөтөч, 120 морьтны үзүүлбэр зэрэг хөтөлбөрүүдийг багтаажээ.
Гэвч тухайн сайт дахь борлуулалт нээгдсэн даруйд эхний өдрийн тасалбарууд борлуулагдан дуусчээ. Одоо зөвхөн 7-р сарын 12-ний өдрийн билетүүд худалдаалагдаж байна.
Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг дахь автомашины зогсоолын зөвшөөрлийг тус сайт дээр 21000 төгрөгөөр худалдаалж байгаа аж.
Тасалбарыг 7-р сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд “Монгол шуудан” ХК хүргэж өгөхөөр зохицуулжээ. Иймд хүргэлтийн үнэ нэмэгдэхийг анхаарууллаа.