Юу ч хийж амжаагүй, хангалттай амарч, өөртөө цаг гаргаж чадаагүй байтал нэг л мэдэхэд зун дуусаж, намар ирэх мэт санагдаж байна уу? Тэгвэл өөртөө нэг л өдрийн чөлөө олгон дотогш өнгийж, өөрийгөө болон зуныг мэдрэх дараах бяцхан төлөвлөгөөг хэрэгжүүлээрэй. Амар амгалан зуны өдрийг ганцаараа өнгөрөөхөд сэтгэл тайтгарч, гайхалтай амралт болж чаддаг шүү.
#1 Ганцаараа дугуйтай, галт тэрэгтэй, автобустай, явган аялах
Ганцаараа агаар салхинд гарангаа өөрийгөө чагнаж, өөртэйгөө ярилцаж, алив жижигхэн зүйлсийг ажиглан мэдрээрэй. Дуртай ном, хөгжмийн жагсаалтаа зэхэхээ мартуузай.
#2 Дотны хүндээ гараар захидал бичээд шуудангаар илгээх
Хэн нэг талархаж, хүндэтгэж, хайрлаж явдаг хүн рүүгээ мэйлээр захидал илгээсэн ч болно. Өөрийн бодол мэдрэмжийг захидалд буулгаж, хэн нэгэнд илэрхийлэхэд гол учир нь оршино. Зүгээр л өөрт төрж буй бодол, хэлэхийг хүссэн үгс, зуны эгэл нэгэн өдөр өглөө босоод юу хийдэг, эргэн тойрноосоо юу мэдэрч буй тухайгаа буулгахад л болно. Эсвэл өөртөө захидал бичээд яг жилийн дараа ирэхээр шууданд өгч ч болох юм. Жилийн дараа өнгөрсөн дэх өөрөөсөө захидал авах нь догдлом биш гэж үү?

#3 Хүүхэд насаа дурсан, өөртөө амттан авч өгөх
Жаахан байхдаа ээж аавынхаа гараас хөтлөөд, дэлгүүр ордог байснаа санаж байна уу? Тэгвэл өөртөө нэг өдөр зав гарган эрхлүүлээд аваарай. Хүүхэд байхдаа хийдэг байсан нандин зүйлсээ бид заримдаа ой санамжийн гүндээ мартчихсан байдаг. Өнгөрсөнг хүлээн зөвшөөрч, хайрлаж сурах нь "одоо"-гоо хайрлахад ч туслах болно.

#4 "Цаг хугацааны аялал" хийх, нэмж арвижуулах
Айл бүрт гэрэл зургийн цомог байдаг даа? Чамд бий юү? Цахим сүлжээ хөгжсөөр бид цомгоо үзэх, зураг угаалгахаа больсон ч энэ зун зав гарган цомгоо цэгцлээрэй. Эхнээс нь үзэнгээ цаг хугацаагаар аялж, өөрийгөө, амьдралыг, юмсыг санан дурсах нь хэчнээн сайхан гээч? Цомгоо үзэж дууссан бол хэзээнээс хойших дурсамж үгүй байгааг нягтлаад гэрэл зургаа угаалгахаар зэхээрэй. Одоо цаг үе ч гэсэн энэ цомогт багтах хэрэгтэй биш гэж үү?

#5 Зүгээр л ганцаараа байх
Хийх дуртай бүхнээрээ энгийн нэг өдрийг хамгийн өдөр болгон хувиргаарай. Дуртай киногоо үзэж, дуртай номоо уншиж, дуртай дуугаа ганцаараа аялан, дуртай хөгжим дээрээ эрх чөлөөтэй бүжиглэ! Ганцаараа гараад нар шингэхийг харж, өөрөө өөртөө хамгийн сайхан үгсийг хэлээрэй.

#6 "Би"-тэй барьсан тансаг оройн зоог
Өөртөө зориулан тансаг оройн зоог бэлтгээрэй. Лаа асааж, ширээгээ чимэглэн, засаад хамгийн дуртай хоолоо цаг гарган бэлтгэнэ. Хооллонгоо гоёмсог хөгжим сонсож, цаашид юу хийх, хүсэл мөрөөдөл, зорилгоо бодоорой. Өөрийн сул тал, давуу талаа жагсаан бичээд, сул талаа хүлээн зөвшөөрч, давуу талаа хэрхэн "өнгөлж" болох талаар бодож ч болох юм.