Ес дэх удаагаа зохион байгуулагдаж буй эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ 7-р сарын 20-ноос 8-р сарын 20-ныг хүртэлх хугацаанд Австрали, Шинэ Зеланд улсуудад явагдаж байна.
Өмнө нь тус тэмцээнд 24 баг оролцуулдаг байсан бол өнөө жил анх удаа 32 баг өрсөлдөх болсон нь найман улсын багт анхны ДАШТ-дээ оролцох боломжийг олгосон.
Тэдний нэг Мароккогийн шигшээ хэсгийн хоёр дахь тоглолтодоо Өмнөд Солонгосын багийг 1:0-ээр хожиж, түүхэн анхны ялалтаа байгуулсан юм. Эл тоглолтод гоолдсон Ибтиссам Жрайди эмэгтэйчүүдийн ДАШТ-д гоол оруулсан анхны араб эмэгтэй болов. Мөн тэрээр ДАШТ-д гоолдсон Саудын Арабын багт харьяалалтай анхны тоглогч билээ.
Эхний тоглолтоо Германы багтай хийж, 6:0-ээр хожигдсон Мароккогийн шигшээ дэлхийн чансааны 55-р байрт эрэмблэгдэж байгаа юм.
Эл тоглолтын үеэр Мароккогийн хамгаалагч Ноухайла Бензина эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-д хижабтай тоглосон анхны хөлбөмбөгчин болж түүхэнд тэмдэглэгдэв. ФИФА шашны шалтгаанаар тоглогчид хижаб өмсөхийг 2014 оноос эхлэн хүлээн зөвшөөрөх болсон билээ.
Мароккогийн шигшээ дараагийн тоглолтоо 8-р сарын 3-нд эл хэсгийг тэргүүлж буй Колумбын багтай хийнэ.