Ес дэх удаагаа зохион байгуулагдаж буй эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ 7-р сарын 20-ноос 8-р сарын 20-ныг хүртэлх хугацаанд Австрали, Шинэ Зеланд улсуудад явагдаж байна.
Эмэгтэйчүүдийн ДАШТ-д анх удаа өрсөлдөж, анхны гоолоо бүртгүүлж, анхны ялалтаа байгуулж, анх удаа хасагдах шатнаа шалгарсан гээд цоо шинэ амжилтад хүрсэн Мароккогийн шигшээ өчигдөр Францын багт 4:0-ээр хожигдсоноор энэ удаагийн аялалаа өндөрлүүллээ.
Кадидиату Диани эхний гоолыг оруулсан агаад Кенза Дали, Ле Соммер нар мөн гоолдож, тоглолтын эхний хагас 3:0-ээр завсарласан. Францын шигшээгийн бүх цаг үеийн мэргэн бууч Ле Соммер тоглолт дуусахаас өмнө ахин нэг гоолыг оруулснаар, тэд бямба гарагт Австралийн багтай тоглохоор болов. Диани энэ ДАШТ-д дөрвөн гоол оруулж, гурван гоолын дамжуулалт өгөөд байна. Харин Ле Соммер Францын шигшээгийн төлөө 92 дахь, эмэгтэйчүүдийн ДАШТ-д найм дахь гоолоо орууллаа. Тэрээр Францын домогт тамирчин Мари-Лаур Делигийн түүхэн амжилтыг давж, эмэгтэйчүүдийн ДАШТ-д хамгийн олон гоол оруулсан франц хөлбөмбөгчин болсон юм. Эжени Ле Соммер 2015 оны ДАШТ-д гурав, 2019 оны ДАШТ-д хоёрыг, 2023 оны ДАШТ-д мөн гурван гоол оруулаад байна.
Шөвгийн наймд Австралийн Сэм Керр, Мэри Фаулер нарыг сөрөн Ле Соммер, Диани гэсэн довтолгооны сонирхолтой өрсөлдөөн биднийг хүлээж байна.
Өнөө жил эмэгтэйчүүдийн ДАШТ-ий түүхэнд анх удаа Африкийн гурван баг хасагдах шатнаа шалгарсан ч тэд гурвуулаа шигшээ 16-д хожигдлоо.
Мароккогийн багаас Ибтиссам Жрайди эмэгтэйчүүдийн ДАШТ-д гоол оруулсан анхны араб эмэгтэй болсон юм. Мөн хамгаалагч Ноухайла Бензина ДАШТ-д хижабтай тоглосон анхны хөлбөмбөгчин болж түүхэнд тэмдэглэгдэв.