Бямба гарагийн өглөө Бразилийн шигшээ 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатнаа Боливийн багийг 5:1-ээр хожив.
Неймар тус тоглолтод торгуулийн цохилтоо алдсан ч, нөхөж хоёр гоол оруулснаар домогт хөлбөмбөгчин Пелегийн амжилтыг гүйцэж, тус улсын бүх цаг үеийн шилдэг мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ.
31 настай тэрбээр шигшээ багийнхаа төлөө 125 тоглолтод оролцож, 79 гоолыг оруулаад байна. Бразилийн шигшээ дараагийн тоглолтоо 9-р сарын 13-ны өглөө Перугийн багтай хийнэ.
Неймар тоглолтын дараагаар өгсөн ярилцлагадаа "Дээд амжилтад хүрнэ гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Би Пелегээс сайн тоглогч биш. Би үргэлж Неймарын түүхийг бүтээж, Бразилийн хөлбөмбөг, шигшээ багийн түүхэнд нэрээ дархлахыг хүсдэг байсан. Өнөөдөр би зорилгодоо хүрлээ" гэжээ.
Пеле Бразилийн шигшээ багийн төлөө 77 гоолыг оруулсан агаад ДАШТ-д гурвантаа түрүүлсэн цорын ганц хөлбөмбөгчний хувьд бүх цаг үеийн домогт тоглогчдын нэгт тооцогддог билээ. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 82 насандаа бурхны оронд одсон юм.
Харин Неймар саяхан бууриа сэлгэж, Францын аварга ПСЖ клубээс Саудын Арабын Аль-Хилал клубт нэгдсэн билээ. Тэрбээр 2017 онд Барселонагаас ПСЖ клуб рүү шилжихдээ дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болсон юм.
Неймар 18 настайгаасаа хойш 13 жилийн турш Бразилийн шигшээ багт гоол оруулжээ.
Нэг зүйлийг сануулахад, Бразилийн эмэгтэйчүүдийн шигшээгийн довтлогч Марта 171 тоглолтод 115 гоол оруулсан амжилтаараа тус улсын бүх цаг үеийн дээд амжилтыг эзэмшдэг.
