UBLife Logo
Спорт

АЯА,СПОРТ-БАЯР БАЯСГАЛАН БУЮУ ЧИ!

АЯА,СПОРТ-БАЯР БАЯСГАЛАН БУЮУ ЧИ!

Ц.ЭнхтүвшинТаван цагариг сонин

Шинэ 2024 он гарлаа. Өндөр жил буюу Олимпийн жил. Олон олон он жилүүдийн адил үйл явдал өрнөж, үүх түүх бичигдэх нь тодорхой ч оны онцлох үйл явдлын нэг нь долдугаар сарын 26- наас наймдугаар сарын 11-нд Францын нийслэл Парис хотноо болох Зуны олимпийн XXXIII наадам.

Орчин үеийн олимпын хөдөлгөөнийг үндэслэгч, суут соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч, түүхч барон хэргэмт Пьер де Кубертений унасан газар, угаасан усанд болох "Парис-2024" олимпийн наадамд зориулан нэгэн сонирхолтой мэдээллээр шинэ оны салхийг хагалсу. Мэдээж Кубертенийг орчин үеийн Олимпийн наадмыг санаачлагч, Олон улсын олимпийн хорооны анхны нарийн бичгийн дарга, мөн ерөнхийлөгч, Хүндэт ерөнхийлөгчөөр насан эцэстлээ ажиллаж байсныг олон хүн мэднэ.

Харин Пьер де Кубертенийг "олимпийн аварга"болж байсныг дуулсан, мэдсэн хүн уншигч авхай нарын дотор хэд байна?

Кубертен Олимпийг энх тайван, эв нэгдлийн баяр болгож, дайн дажины оронд хүмүүс спортоор "тулалдаж" байхын төлөө олон жил мөрөөдөж , түүндээ ч хүрсэн билээ. Мөн Кубертений бас нэгэн хүсэл нь спорт-урлаг хоёрыг нэгдмэл болгох байсан гэдэг. Түүний энэ хүсэл ч бас биелэлээ олсон юм.

1912 онд Шведийн Стокхольм хотноо болсон Зуны олимпийн V наадмын хөтөлбөрт Урлагийн тэмцээн анх удаа багтжээ.

Архитектур, утга зохиол, хөгжим, уран зураг, уран баримал гэсэн дотроо таван төрлөөр алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулж, спортын бусад төрөлд олгодог олимпийн медальтай яг адилхан медалийг гардуулж, ялагчийг олимпийн аваргад ( яг л тамирчинтай адил) тооцдог байжээ.

Урлагийн тэмцээнд оролцогчдод хоёрхон шаардлага тавьдаг байсны нэг нь бүтээл спортын сэдэвтэй байх, нөгөө нь яг эх хувилбар байх. Тэмцээнд оролцогчид өөрийн бүтээлийг урьдчилан илгээх бөгөөд урлаг, соёлын алдартнуудаас бүрдсэн шүүгчид шалгаруулалтыг хийдэг байсан гэнэ.

Өөрийнхөө жинхэнэ нэрээр бүтээлээ илгээвэл шүүгчдэд нөлөөлнө гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан Пьер де Кубертен утга зохиолын төрөлд "Спортын магтаал" шүлгээ Георг Гогрод ба Мартин Эшбах гэсэн нууц нэрээр ирүүлсэн бөгөөд алдарт шүлэг нь торолгүй түрүүлж, эзнээ олимпийн аварга болгосон түүхтэй.

Зуны олимпийн хөтөлбөрт Урлагийн тэмцээн 1948 оны Лондоны олимпийн наадмыг дуустал багтсан бөгөөд ОУОХ-ноос урлагийн тэмцээнд дан мэргэжлийн уран бүтээлчид оролцож буй тул олимпийн үзэл санаанд харшилж байна хэмээн олимпийн наадмаас хасчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.