Өвлийн улирлын гоё сайхныг мэдрэн, амралтын өдрүүдээ хөгжилтэй, дурсамжтай өнгөрөөцгөөх үү?
#1 Галт тэрэгтэй ойрхон аялах
Улаанбаатар хотоос 2-3 цагийн хооронд галт тэргээр хүрч очих боломжтой гоё өртөөнүүд зөндөө бий. Түнхэл, Баянбуурал, Батсүмбэр гэх мэт ойрхон бөгөөд байгалийн үзэсгэлэн бүрдсэн өртөөг зориход өндөр зардал гарахгүй ч дурсамжтай аяллыг бүтээх болно.

#2 Ууланд гарч цэвэр агаар мэдрэх
Өвлийн цэнгэг агаарыг мэдрэхийн тулд аль болох цагийн эртэд уул руу өгсөж эхлэх хэрэгтэй. Хамгийн аюулгүй, авирахад амархнаар нь Богд хан ууланд гарч болох бол хүн багатай замаар алхахыг хүсвэл Сэлбийн эцсээс өгсдөг жим, Цэцээ гүн, Тэрэлж уулын алхах жимээр алхаарай. Уулан гарахдаа жимгүй замаар алхах нь аюултай тул жимтэй замаар гарахыг зөвлөж байна.

#3 Нохой чаргатай аялах
Хотоос ойрхон нохой чарга унуулдаг газар цөөнгүй бийгээс өөрсдийн сонголтоор үйлчлүүлээрэй. Хүсвэл давхар мориор аялж ч болно.

#4 Цана, чаргаар гулгах
Өвлийн улирлыг цана, чаргагүйгээр хэрхэн төсөөлөх билээ? Хувийн бэлтгэлээ сайтар базаагаад амралтын өдрүүдээр цэнгэг өвлийн агаарыг мэдрэн цана, чаргаар гулган спортлог өнгөрүүлээрэй.

#5 Хотуудтай танилцах аялал
Эрдэнэт, Дархан хотод та очиж байсан уу? Улаанбаатараас бага зэрэг зайтай ч заавал зорин очих хотууд танд өвөрмөц дулаахан уур амьсгал төрүүлэх нь гарцаагүй. Үйлчилгээний газрууд ихтэй, өөр өөрсдийн онцлогтой хотуудаар аялах тав тухтай ч байх болно.

#6 Агаарт цайлах нэг өдрийн үүргэвчтэй аялал хийх
Үүргэвчээ үүрээд хамгийн эхэнд таарсан зуслан явах автобусанд суугаад эцэс хүртэл нь яваарай. Бэлх, Шаргаморьт, Шадивлан, Нүхт, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар зэргээс өөрийн сонголтоор явж очоод өдрийг хөгжилтэй, дурсамжтай өнгөрөөж болох юм. Амралтын газар байрлалгүйгээр дулаан хувцас, халуун уух зүйл, өдрийн хоолоо цүнхлээд гарчихвал өөр зардал бараг л гарахгүй.

#7 Мазаалай мөсөн хотхоноор аялах
Улаанбаатар хотын Скай Резорт цанын баазын талбайд байрлаж буй мөсөн хотхон нь 4000 м.кв талбайг хамрах бөгөөд 50 метр урт гулсуур, цас мөсөн баримлуудаас бүрдэнэ. Ирэх сарын 8 хүртэл нээлттэй байх учир боломжтой өдрөө хаагдахаас нь урьтан зочлоорой.

#8 Тэрэлжийн эко хүрээлэнд зочлох
Тэрэлжид байрлах "Farmhouse Retreat" нь тэндэх олон газруудаас ялгаатай нь байгалийн олон зүйлийн ургамал ногоо, цэцэгс моддоор дүүрэн хүлэмжин амралтын газарт тухлах гоё байна даа? Очоод бясалгах, бодлоо цэгцлэх, өөртөө болон хайртай хүндээ цаг гаргах зэрэг намуухан дулаахан орчныг бүрдүүлээрэй.
