Монголын волейболын Дээд лигийн улирлын тоглолтууд өндөрлөж, "Хөвсгөл Эрчим" болон "Хилчин" багууд аваргын төлөө өрсөлдөж байгаа билээ.
Хоёр багийн эхний тоглолтод "Хөвсгөл Эрчим" баг 3:0-ээр илүүрхсэн. Тэгвэл цувралын хоёр дахь тоглолт өчигдөр явагдаж, тэд мөн л 3:0-ээр хожлоо. Ингэснээр аваргын төлөөх цувралыг "Хөвсгөл Эрчим" 2:0-ээр тэргүүлж эхэллээ. Аваргын цомд хүрэхийн тулд одоо тэдэнд ганцхан хожил дутуу байна.
"Хөвсгөл Эрчим" баг Үндэсний Дээд лигт арван удаа түрүүлсэн амжилттай. Өнөө жил түрүүлбэл 11 дэх удаагаа аваргын алдарт хүрнэ. Харин "Хилчин" 2021 онд одоогийн "Хөвсгөл Эрчим" багийн гол тоглогчид болох Г.Хонгорзул, Хосбаяр нарыг "Хобби Эйс"-т тоглож байх үед хожин, түрүүлж байв. Тэр жил “Хобби Эйс” баг Дээд лигийн тэмцээнд онцгой амжилт гарган, 17 тоглолтод дараалан хожоод байсан юм. Өөрөөр хэлбэл, тэд лигийн эхний тоглолтоос финал хүртэлх бүх тоглолтууддаа ялсан билээ.
Хосооноо, Хонгороо гэсэн хослол дөрвөн улирал дараалан волейболын Дээд лигийн финалд шалгараад байна. Г.Хонгорзулын хүчтэй, оновчтой, ухаалаг довтолгоонууд, Хосооноогийн ухаалаг, мэдрэмжтэй дамжуулалт, тоглолтыг удирдах чадвар урьд нь “Хобби Эйс”-ийн, өдгөө бол "Хөвсгөл Эрчим" багийн сайн амжилтын салшгүй хэсэг болоод буй.
Мөн "Хөвсгөл Эрчим"-ээс Hechavarria Coreoso Arlin-ий шилдэг тоглолтуудыг ч онцлохгүй байхын аргагүй ээ.
Хоёр багийн цувралын дараагийн тоглолт 1-р сарын 21-нд Мөсөн Өргөөд явагдана.
