UBLife Logo
Дэлхий

Жинхэнэ хайрыг нь олж өгсөн хүнд 100 мянган долларын шагнал амлажээ

Ub.life
Ub.life
Жинхэнэ хайрыг нь олж өгсөн хүнд 100 мянган долларын шагнал амлажээ

Мати Ройд хэн нэгэнтэй болзох нь тийм ч чухал санагддаггүй байв. Гэтэл 30 насны босгыг давсанаар амьдралдаа чухалчлах зүйлс нь өөрчлөгдөж эхэлжээ. Тэдгээрийн дотор хүүхэдтэй болох хүсэл ч багтсан байв. 

Ингээд тэр 2021 оны арванхоёрдугаар сард Рой Date-Me Docs-д танилцуулгаа оруулав. Уг танилцуулгад "6 фут 2 инч өндөртэй, архи уудаггүй, тамхи татдаггүй, хар тамхи хэрэглэдэггүй. Мөн энгийн хосууд шиг цагийн хамт өнгөрөөх сонирхол бага, доод тал нь хоёр хүүхэдтэй болохыг хүсэж байна" гэжээ. Рой хүүхдээ хамтран өсгөх хүн олж өгвөл 2000 доллар шагнал өгнө хэмээгээд өөрийнх нь танилцуулгыг шэйрлэхийг хүмүүст уриалсан байна. Гэтэл түүний нэг найз шагналын санг нэмэгдүүлж, Ройг 18 сарын турш "аз жаргал"-тай болгосон нэгэнд нэмж 1000 доллар амлав. 

Dropbox-д инженерээр ажилладаг Анатолий Заславскийд энэ санаа таалагдсан тул жинхэнэ хайртай нь учруулж өгсөн хүнд 4 жилийн хугацаанд хувааж төлөх нөхцөлтэйгээр 100 мянган долларын шагнал амлажээ. Ингэхдээ тэр хоёр янзын болзол тавьсан байна. Нэгд, хамтрагчтай болсон эхний жил 25 мянган долларыг өгөөд үлдсэн шагналыг сар бүр 2000 доллар шилжүүлэх замаар хуваан төлөх, хоёрт, хэрэв ирээдүйн хамтрагч нь зөвшөөрвөл орлогынхоо 10 хувийг дээр дурдсан хуваарийн дагуу өгөх санал тавьжээ. Түүнчлэн орлого нэмэгдвэл тэднийг зуучилсан хүнд очих хувь ч бас нэмэгдэх нөхцөлтэй. 

Анатолий Заславский

"Санхүүгийн ертөнцөд ийм зарчим ажиллаад байхад болзооны ертөнцөд яагаад болохгүй гэж бодсон" хэмээн Заславский ярив. Тэрбээр урсгал зардал болон хайр дурлалын амьдралдаа хэр их хөрөнгө оруулалт хийх боломжтой байгаагаа бодож үзсэний үндсэн дээр дээрх мөнгөн дүнг амласан гэнэ. 

Тухайн үед жилд Заславский жилд 200,000 орчим долларын орлого олдог байсан бөгөөд сарын урсгал зардал нь 13 мянган доллар байв. Амьдралд нь төдийлөн үнэ цэн нэмэхгүй ийм их зүйл худалдаж авахын оронд жилийн орлогынхоо 12 хувийг хайртай хүнээ олоход зориулах нь түүний хувьд харин ч утга учиртай сонголт байсан гэнэ. 

Стэнфордын их сургуулийн социологич Майкл Ж.Розенфельд үүнийг хуучны гэрлэлтийн зуучлагчтай адилтган тайлбарласан бөгөөд яг үнэндээ энэ бол "шагнал" гэхээс илүүтэй тухайн хүний зарцуулсан цаг, танилын хүрээ, сэтгэл зүйн мэдлэг, туршлага, таныг ойлгож, чиглүүлэх чадварт төлж буй төлбөр гэж тайлбарлажээ.

Амьдралд нь төдийлөн үнэ цэн нэмэхгүй ийм их зүйл худалдаж авахын оронд жилийн орлогынхоо 12 хувийг хайртай хүнээ олоход зориулах нь түүний хувьд харин ч утга учиртай сонголт байсан гэнэ.

Заславский ийнхүү 100 мянган доллар амласны дараа таван бүсгүйг түүнтэй танилцуулахаар болж, хоёртой нь видео дуудлага хийсэн гэнэ. Гэвч хэнтэй нь ч нүүр тулж уулзаагүй гэв. Энэ хооронд тэр экс найз бүсгүйтэйгээ эргэн нийлж, бас дахин салав. Өдгөө тэр олон хамтрагчтай байгаа хэдий ч урт хугацааны, тогтвортой хамтрагчтай байхыг хүссэн хэвээр тул 100 мянган долларын амлалт хүчинтэй байгаа гэж Нью-Йорк Таймст ярьжээ.

Нийтлэлийн эхэнд дурдсан Ройгийн хувьд 27 эмэгтэйтэй танилцсанаас тавтай нь видео дуудлага хийж, нэг эмэгтэйтэй биечлэн уулзжээ. Гэвч эдгээрийн аль нь ч романтик харилцаанд хүрээгүй гэнэ. Харин түүний найз Кэрри Радомски Ройгийн шагналын талаар фэйсбүүктээ шэйрлэсэн нь Карисса Кассиелийн анхаарлыг татжээ. 

Хүмүүс Ройгийн амлалтын хачин жигтэй, танилцуулгадаа хэт их мэдээлэл оруулж, энэ залуу аутизмтай юм шиг байна гэх зэргээр янз бүрийн сэтгэгдэл бичсэн байв. Кассиелийн хувьд харин ч шударга, тодорхой байгаа нь таалагдаж байлаа. Мөн хүмүүсийн сэтгэгдэлд Рой ямар хариу бичсэнийг нь уншихад "Таны хэлсэн санаа үнэхээр сонирхолтой юм", "Би үүнийг өөрчлөх хэрэгтэй юм байна", "Нээрээ ингэж нэмж болох юм байна шүү" гэхчлэн ухаалаг, хүлээцтэй хариултууд бичсэн нь Кассиелд сэтгэгдэл төрүүлжээ.

Кассиел уг постны дор Ройг өмөөрч сэтгэгдэл бичсэнээр тэд холбогдож эхлэв. Тухайн үед Рой Канадад, Кассиел Жоржиа мужид амьдардаг байсныг үл харгалзан мессеж бичдэг болж, удалгүй нүүр тулан уулзжээ. Цаашид хос болж чадах эсэхээ мэдэхийн тулд хэдэн долоо хоногт хамт амьдарч үзсэн бөгөөд Мексик рүү аялахдаа Кассиелийн хүү Тэйнийг хамт авч явжээ.  

Эцэст нь, Рой Жоржиа муж руу бүрмөсөн нүүж, хос хоёр өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард хуримаа хийсэн байна. Тэдний найзын хүссэнээр харилцаа 18 сараас илүү үргэлжилсэн тул Радомскид 1500 долларын шагнал өгсөн бөгөөд тэрбээр үүнийг ашгийн бус байгууллагад хандивлахаар болжээ. Рой Кассиелийн хүүг албан ёсоор үрчилж авах эсвэл хос хоёр дундаасаа хүүхэдтэй болвол Ройгийн анх амласнаар Радомскид нэмж 2000 доллар очих юм байна. 

Эх сурвалж: The New York Times

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.