Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэн амжилтад хүрч байсан сэтгэл хөдлөм 8 жишээ


Та бүхэндээ дэлхий даяар бүсгүйчүүд өөрсдийн эрхийн төлөө тэмцэн бага гэлтгүй амжилтад хүрч байсан хөдөлгөөнүүдийн жишээнээс хүргэж байна.


1.Сонгуульд санал өгөх эрхийн төлөөх хөдөлгөөн

Шинэ Зеландад эмэгтэйчүүдийг улс төрийн ямар ч үйл ажиллагаанд оролцуулдаггүй, сонгууль өгөх ч эрхгүй байсан боловч 19-р зууны сүүлийн хагас гэхэд энэ байдал аажим аажмаар өөрчлөгдөж, эмэгтэйчүүд өөрсдийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэж эхэлжээ. Кэйт Шеффард бол Шинэ Зеландынсонгуулийн эрхийн төлөө тэмцэгчдийн хамгийн алдартай төлөөлөл. Гэхдээ тэр эрхийнхээ төлөө ганцаараа бус үзэл бодлоо илэрхийлэхээс няцаагүй мянга мянган эмэгтэйчүүдийн хамтаар сонгуульд санал өгөх эрхийнхээ төлөө тэмцэн хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. Нийт 32 мянган гарын үсэг бүхий 270 метр урт шаардлагыг парламентад өргөн барьж, хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлснээр 1893 оны есдүгээр сарын 19-ний өдөр Шинэ Зеландын эмэгтэйчүүд үндэсний хэмжээнд санал өгөх эрхтэй болсон юм. Ингэснээр Шинэ Зеланд улс эмэгтэйчүүд сонгуульд санал өгөх эрхтэй анхны улс болж чадсан билээ.


2. Дэлхийг хамарсан #MeToo

Африк-америк гаралтай Тарана Бурк гэх эмэгтэй 2006 онд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон түүхээ цахим орчинд нийтэлжээ. Яваа яваандаа тэр бэлгийн дарамт болон хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг уриалсан “MeToo” хөдөлгөөнийг үүсгэн байгуулжээ. Тус хөдөлгөөн 2017 оноос АНУ-д давалгаа өрнүүлж, удалгүй дэлхий дахины олон улс орноор тархан, эмэгтэйчүүдийн дуу хоолойгоо хүргэх, нэгдэх суваг болж чадсан юм. Өмнөд Солонгос улсын хувьд Чанвон дүүргийн Прокурорын газрын Тонгён дахь салбарын прокурор Со Жи Хён өөрийн түүхийг хуваалцаж, бэлгийн дарамтыг зоригтойгоор илчилснээр #MeToo эхэлжээ. Хууль, шударга ёсыг хамгаалах үүрэгтэй прокурорууд хүртэл бусдад бэлгийн дарамт хүчирхийлэл үзүүлж буйг илчилснээр Өмнөд Солонгосын нийгэмд цочрол үүсгэж, тус хөдөлгөөн маш хүчтэйгээр өрнөсөн байна. Удалгүй театрын ертөнцийн домог хэмээгдэж байсан И Юн-тэкийн бэлгийн хүчирхийллийн асуудал ил болсноор #MeToo хөдөлгөөн соёл урлагийн ертөнц рүү ч тархсан юм. Жүжигчид, дуучдаас эхлээд католик шашны санваартнуудын бэлгийн хүчирхийллийн хэргүүд нэг нэгээр сөхөгдөж, Өмнөд Солонгост бугшсан байсан бэлгийн хүчирхийлэл, дарамт, хүйсээр ялгаварлаг гадуурхах үзэл гээд бүхий л асуудлуудыг нийгэм даяар ярьж, шийдвэрлэж эхэлснээр эргэлтийн цэг эхэлжээ.


3. Ягаан бүлэглэл

Хойд Энэтхэгт орших ядуусын хороололд амьдардаг Сампат Пал Деви нөхөртөө хүчирхийлүүлж, зодуулж байгаа хөрш бүсгүйгээ харж тэсээгүй байна. Тэрээр хөршийн нөхөр дээрээ явж очин хүчирхийллээ зогсоож, хийж буй үйлдлээ ухааран болихыг шаардсан ч зөрүүлэн өөрт нь хүч хэрэглэн зодсоноос үүдэж энэхүү байдлыг цаашид тэвчээгүй зургаан эмэгтэй нэгдэж, хулсан саваагаар зэвсэглээд эхнэрээ зодсон нөхрийн харгис үйлдлийг зогсоохоор очжээ. Тэднээс айсан эр уучлал гуйн, буруугаа ухаарсан бөгөөд бүсгүйчүүдийн энэхүү эгэл нэгэн үйлдэл аажим аажмаар хүмүүст хүрч, тэдний холбоо улам олуулаа болоход нөлөөлсөн юм. Сампат Пал Деви дээр илүү олон эмэгтэй ирж хандах болж, 2006 онд тэр ижил өнгөөр жигдэрсэн “Ягаан бүлэглэл”-ийг үүсгэв. Тэд одоо ч ягаан хувцсаар жигдэрч, эмэгтэйчүүдийн тэгш бус байдал, хүчирхийлэл, дарангуйлал, тэр ч бүү хэл амьдарч буй орчинд нь хийх шаардлагатай байгаа өөрчлөлтүүдийн төлөө тэмцсээр байна.


4. Исланд эмэгтэйчүүдийн жагсаал

1975 оны аравдугаар сарын 24-нд Исландын эмэгтэйчүүдийн 90 гаруй хувь нь нийгэмд эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмрийг харуулахын тулд ажлаа хаян жагссан байна. Дараа нь 1985 онд 25 мянга гаруй эмэгтэйчүүд дахин ажил хаяж, эмэгтэй хүмүүст бага цалин өгөх явдлыг эсэргүүцжээ. 2005 онд гурав дахь удаагаа тэд жагсаж, үүнд 10 мянга гаруй эмэгтэй нэгдэв. 2010 болон 2016 онуудад тэд дахин жагссан бөгөөд өөрсдийн хөдөлмөрийг ижил түвшинд үнэлүүлэхийг хүсэж байгаагаа дэлхий дахин зарлаж чадсан юм. Ингэснээр 2018 онд Исланд улсад эмэгтэйчүүдэд эрчүүдээс бага цалин өгөхийг хуулиар хориглох шийдвэр гарсан юм. Исланд улс хүйсийн тэгш байдлыг хамгийн сайн хангасан улсаар жил бүр нэрлэгддэг бөгөөд эрхийнхээ төлөө тэмцэж, нэгдэж, үр дүн авчирч чадсан хамгийн сонгодог жишээгээр нэрлэгддэг билээ.


5. Угаагчдын ажил хаялт

1945 онд Ирландын Хөдөлмөрч эмэгтэйчүүдийн нэгдлийн угаалгын газрын эмэгтэйчүүд ажил хаялт зарлажээ. Ажлын таатай бус орчин нөхцөл, амьдрахад хүрэлцэхээргүй цалин, илүү цагаар ажиллах, зав чөлөө олгохгүй байх гээд тэвчихийн аргагүй нөхцөлд хүрсэн угаалгын газрын 1,500 гаруй ажилтан тухайн үед ажил хаялтад нэгджээ. Гурван сар гаруй хугацаа өнгөрч, бохир хувцаснууд уул овоо шиг цугларч эхлэх мөчид тэдний Ажил хаялт амжилтад хүрч, Ирландын бүх ажилтанд жил бүрийн амралтын хоёр долоо хоногийг хуулиар олгож эхэлжээ.


6. Токиогийн Анагаахийн их сургуулийн дуулиан

2018 оны наймдугаар сард Япон төдийгүй дэлхийн улс орнуудыг гайхшруулсан нэгэн мэдээлэл цацагджээ. Ёмиури сонин дээр гарсан нэгэн нийтлэл дээр Токиогийн Анагаахийн их сургууль эмэгтэй оюутнуудын тоог багасгахын тулд элсэгчдийн шалгалтын оноог зориудаар бууруулан дүгнэсэн хэмээх баримт дэлгэгджээ. Тус сургуульд боловсролын яамны нэгэн түшмэлийн хүүхдийг хууль бусаар элсүүлсэн гэх хэргийг шалгаж байсан мөрдөгчид уг хэргийг санамсаргүй байдлаар илрүүлсэн байна. 2011 оноос эхлэн тус сургуулийн захиргаа эмэгтэй элсэгчдийн шалгалтын оноог бууруулан засварлах болжээ. Учир нь 2010 онд энэ сургуульд элсэгчдийн 40 хувь нь эмэгтэйчүүд болж өмнөх жилийн хэмжээнээс хоёр дахин өссөн ажээ. Тиймээс 2011 оноос эхлэн эмэгтэй элсэгчдийн хэмжээг 30 хувьд барих бодлого барьж, үүнийгээ шалгалтын дүнг засварлах аргаар хэрэгжүүлж эхэлсэн байна. Эмэгтэй оюутнууд сургууль төгссөнийхөө дараа нөхөрт гарч, хүүхэд төрүүлснээр мэргэжлээрээ ажиллаж чаддаггүй, мөн эмч нарын ачаалал ихтэй ажилд эрэгтэй хүмүүс илүү тохирно гэсэн үүднээс ийм бодлого барихад хүргэсэн байх гэх таамгууд тухайн үед гарч ирж байв. Тухайн үед Твиттерт #私たちは女性差別に怒っていい буюу “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхаж байгаад бид уурлах эрхтэй” гэх утга бүхий хаштаг хүчтэй тархаж, зуу зуун эмэгтэй ажлын байран дээрх шударга бус явдал, ялгаварлалын тухай үгээ хэлж, гудамжинд гарч жагсжээ. Жирэмслэх эсвэл хүүхэд төрүүлснийх нь дараа өөртэй нь ёс бус харьцсан гэх эмэгтэйчүүд түүхээ хуваалцаж, хэвлэл мэдээллийн хүчтэй нөлөөний ачаар энэхүү хөдөлгөөн үр дүнд хүрч тус сургуулийн удирдлагууд олон нийтээс уучлал гуйж, оноо хассан шударга бус явдал дахин гарахгүй гэх амлалтыг өгчээ. Мөн сургуулийн захирлаар анх удаа эмэгтэй хүнийг томилж, тэнцээгүй, оноо хасуулсан эмэгтэй оюутнуудыг сургуульд тэнцүүлж, сурах боломжоор хангажээ.

7."Stand by Her"

2020 онд Хятадын Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Зян Жинжин охид эмэгтэйчүүдийн сарын тэмдгийг жирийн үзэгдэл гэдгээр нь хүлээж авдаг болгоход чиглэсэн “Stand by Her” хөдөлгөөнийг эхлүүлжээ. Шанхай хотын нэгэн их сургуулийн дөрвөн ариун цэврийн өрөөнд “Авч хэрэглээд, дараа нь буцаагаад хийгээрэй. Сарын тэмдгийг доог тохуу болгохоо больцгооё” гэх үгтэй сав байрлуулж, дотор нь ариун цэьрийн хэрэглэл үнэгүй байршуулжээ. Удалгүй Хятад даяар 300 гаруй сургуульд энэхүү хайрцгийг байршуулжээ. Сарын тэмдэг бол энгийн зүйл, үүнээс ичиж зовох хэрэггүй гэх санааг тэр түгээж эхэлсэн ба санхүүгийн хүндрэлээс үүдэн ариун цэврийн хэрэглэл авч чадахгүй охид эмэгтэйчүүдэд туслах зорилгыг урдаа тавьжээ. 2020 оны аравдугаар сард гэхэд түүний эхлүүлсэн хөдөлгөөн улам бүр тархаж, 126 мянган долларын хөрөнгө босгон хөдөө, алслагдмал сууринд амьдардаг хоёр мянга гаруй өсвөр насны охидод ариун цэврийн хэрэглэл илгээж, мөн бэлгийн боловсролтой холбоотой мэдээ мэдээлэл хүргэжээ. Мөн үүнээс гадна Чөндү хотод амьдран суудаг 17 настай ахлах сургуулийн сурагч охин найзуудтайгаа хамтран “Stand TogetHer” клубыг байгуулан алслагдмал суурин, хотод амьдардаг охидод ариун цэврийн хэрэглэл илгээхээр хандив цуглуулж эхэлснээр сарын тэмдэг ирэх үед хичээлдээ явж чадахгүй, ариун цэврийн хэрэглэл авах мөнгөгүй байсан охидод тусалжээ.


8. Өндөр өсгийтийн эсрэг уриалга

Лондон хотын төвд байрлах нэгэн компанийн хүлээн авагчаар ажилладаг Никола Торп ажил дээрээ 5-10 см өндөр өсгийтэй гутал заавал өмсөх ёстой гэдэг шаардлагыг нэгэн удаа сөрж, өндөр өсгийт өмсөхөөс татгалзаж, үүнээс болж түүнийг ажлаас нь хөөжээ. Үүнийг шударга бус шаардлага гэж эсэргүүцсэн Никола ажлын байран дээр өндөр өсгийт өмсөхийг шаарддаг компаниудыг хуулиар хориг тавихыг шаардсан уриалга цахим хуудсанд тавьсан ба тэр даруй 150 мянга гаруй хүн нэгдэж, дэлхий дахины анхаарлыг татаж чадсан билээ. Энэ үед “Үсээ шараар будах ёстой”, “Хөл, цээж гарсан хувцас өмсөх ёстой”, “Нүүрээ ямагт будаж байх ёстой” зэрэг шаардлагуудыг тавьдаг олон компаниуд илчлэгдэж, эмэгтэй хүн ажлын байран дээр заавал “эмэгтэйлэг” хувцаслах ёстой гэсэн шаардлага тавьдаг байдлыг хүмүүс эсэргүүцэж эхэлжээ. Үүний дараагаас компани “Эмэгтэй ажилчид намхан өсгийтэй гутлыг хүссэн үедээ өмсөх боломжтой” хэмээн дотоод журамдаа өөрчлөлт оруулжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
3 өдрийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.