Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Уран барилдаан, ур хийцээрээ гайхуулан, үзэгчдийн сэтгэлийг эзэмдэж буй ЕСӨН бөх


Ойрын үед бөхийн өргөөг шуугиулж, уран барилдаан, ур хийцээрээ гайхуулж буй бөхчүүдийг танилцуулж байна. Тэд бол энэ цаг үед бөхийн дэвжээг чимж байгаа авьяастнууд юм.


Цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь

Хоёр жилийн өмнө бүх цэргийн наадмаар М.Лхагвагэрэлд өвдөг шороодон үзүүрлэж, 2019 онд сумын цолтнуудын барилдаанд сумын манлай заан Д.Цэрэннямыг хаяснаар түрүүлж байсан гэх даруухан амжилттай айсуй цагийн идэрхэн хүчтэн билээ, тэр.

Ө.Батсуурь өнгөрсөн оны сүүлч, энэ оны эхээр “Уран барилдааны шагнал”-ыг гардаж, улс, аймгийн цолтнуудын барилдаанд улсын заан Б.Бат-Өлзийд өвдөг шороодон үзүүрлэж, аймаг цэргийн цолтнуудын барилдаанд нэг түрүүлж, мөн нэг үзүүрлэн ирэх цагийн өнгөнд барилдах бөх гэдгээ батлаад байна. 


Аймгийн заан Сугирын Доржпалам

Манлай сумын хүү мянган бөхийн манлайд хүрсэн нь хоёр жилийн өмнөх явдал. Тэгэхэд С.Доржпалам эр бяраар тэгширсэн 22 настай, заанаа батлаад удаагүй зоримог байлаа. Биеийн хөгжил өв тэгш энэ залуу бөх сонирхогчдын дотор зартай нэгэн. Өнгөрсөн зун аймгийнхаа наадамд үзүүрлэж цол нэмсэн нь ч их ирээдүйн эхлэл мэт ээ. Тэр хэнийг ч хаяж магад, ямар ч мэхийг сэтгэж мэдэх уран барилдаантай заан юм. 


Улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан

Биеэр тийм ч том бишийг нь хараад Д.Амарсайхантай зодоглоход амар мэт санагдаж мэдэх ч, час халуун, сэтгэх уран, цолондоо дүүрэн бөх юм аа, тэр. Гарт хүрвэл дунгуйлдана, ухарч гишгэвэл хөлд наана, хөдлөх нь хүртэл мэх ээ. Энэ цагийн баавартай томчуудыг ташраар нь хаяхад бөхийн өргөө нурах нь уу гэлтэй шуугиж байсан цаг саяхан. Ер нь түүний барилдааныг алгасалгүй үзвэл зохилтой. Ямар ч мэхийг сэтгэж мэдэх, ухарч гишгэдэггүй уран начин даа.


Аймгийн арслан Пүрэвдоржийн Хүрэлбаатар

"Алтан цом"-ын сүүлийн тойрогт Сэлэнгийн бөхчүүдтэй тав барилдахдаа хоёр минут тутам нэгийг нь унагаж, "Гарлаа, давлаа" гэхийн зуургүй бужигнаад л бүгдийг нь давчихсан. 

Говьсүмбэрт начин болж, Орхонд арслан цом нэмсэн П.Хүрэлбаатарын хувьд өнөө жил 24 нас хүрч байна. Ид л асаж барилддаг, айхыг мэдэхгүй, ухарахыг санахгүй, зүтгэж өгсдөг зоригтой, уртай, сэтгэл дүүрдэг л үe дээ. Залуу арслан ч сүүлийн үед ассан зоригтой барилдаж байна, ийм дүүрэн итгэлд том амжилт ойрхон биз ээ.


Улсын начин Энхтүвшиний Батмагнай

Тэрбээр хоёрдугаар сарын сүүлчээр бэртлээсээ эргэн ирж, чөлөөт бөхийн 23 хүртэлх насны УАШТ-д түүртэлгүй түрүүлсэн билээ. Уг нь тэр бэртээгүй байсан бол чөлөөт бөхийн 125 кг-д М.Лхагвагэрэлийг ялах магадлалтай гэгдэж байсан ганц бөх юм.

2001 онд төрсөн Э.Батмагнай хэдхэн хоногийн өмнө бөхийн өргөөнөө улс аймгийн цолтнуудын барилдаанд анх удаагаа түрүүлсэн. Тэрбээр 2022 онд Улсын наадмын дэвжээнээ анх удаа зодоглосон бөгөөд дөрвийн даваанд улсын гарди М.Бадарчийг унагаж, улмаар тавын даваанд аймгийн хурц арслан О.Наранбаатартай тунаж барилдаад цэл залуудаа улсын начин цол хүртсэн билээ. Н.Батсуурь аваргын хэлснээр, үеийнхнээ манлайлан барилдаж тэднээс хол илүү амжилтад хүрсэн, цаашид ч улсын өндөр цолонд хүрэх том найдлага тээсэн бөх гэдэг нь гарцаагүй. Багаасаа тодорсон Э.Батмагнайг ирээдүйд их амжилтад хүрнэ гэж олон хүн итгэж байна. Үүнээс илүү хүч үгүй билээ.

Тэрбээр мөн 2017 болон 2018 онуудад Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШТ-д түрүүлж байв. 


Аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр

Түүний хувьд, өргөөнд явагдсан улс, аймгийн цолтнуудын барилдаанд гурав түрүүлээд байна. Гурван жилийн хугацааг бэртэл гэмтэлд алдаагүй бол улсын цолонд өлхөн хүрчихээр бөх юм. Н.Өсөхбаяр 1998 онд төрсөн агаад Үндэсний бөхийн өсвөрийн УАШТ-д гурав дараалж түрүүлсэн төдийгүй залуучуудын УАШТ-ээс мөн нэг түрүүтэй. 

2014 оны улсын наадмаар хүүхдийн барилдаанд үзүүрлэж байв. Тэрбээр бөхийн өргөөнд зодоглосон сүүлийн таван барилдаандаа дараалан шөвгөрч, нэг түрүүлэн, нэг үзүүрлэж, Их шөвөгт хоёр удаа, мөн дунд шөвөгт нэг удаа шалгараад байгаа юм.


Сумын заан Дэлгэрийн Цэрэнням

Сумын баяр наадмын гурван түрүүтэй манлай заан Дэлгэрийн Цэрэннямын хувьд, сумын заанууд дундаа амжилтаар ч, барилдаанаараа ч өнгөлж яваа залуу. Түүнийгээ ч нотолж бөхийн өргөөнд явагдсан сумын заануудын барилдаанд есөн удаа түрүү үзүүр булаалдсанаас гуравт нь түрүүлээд байна. 

Тэрбээр өнгөрсөн жил Багахангай дүүргийн наадамд зодоглохдоо аймгийн цолонд тун ойртсон. Гэвч тавын даваанаа Тувагийн бөх Монгуш Айдынтай тунан барилдаж, өвдөг шороодсон юм. Мөн Хэнтий аймгийн баяр наадамд гурван жил дараалан гурав давсан бөх өө. 


Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий

Ховдын бөхчүүд ямар ч барилдаанд ач холбогдол, эрэмбийг үл хамаарч үзэгчдээ хүндлээд зодоглож байна. Тэр хэрээрээ барилдаан нь ч улам чамбайрч, бусдаасаа бараг л хол илүү өнгөлөөд эхэлжээ. Энэ чигтээ байвал Улсын наадмын түрүү ч Ховдын Их дөрвөлөөс тодрох нь гарцаагүй биз ээ.

Баргийн мэхэнд барьц алддаггүй, тун нягт барилддаг Б.Бат-Өлзий зааныг хазайлгана гэдэг ямар ч бөхөд бэрх даваа. Ялангуяа дүүрэн барьцанд хүрчихсэн үед барилдаан түүнийх боллоо л гэсэн үг. 

Хаврын сар шинийн барилдаанд түрүүлж, мөн гуравдугаар сард хоёр өдөр дараалан зодоглохдоо хоёуланд нь түрүү, үзүүр булаалдсан зэрэг нь түүнийг өнгөрсөн жил хэр өнгөтэй байсныг бэлхэнээ илтгэх биз ээ. Хүчит зааны эл ялгуусан амжилт өнөө жил ч үргэлжлэх төлөвтэй байна. Мөн сар шинийн барилдаанд хоёр удаа түрүүлсэн гэдэг бол гарцаагүй баавар амжилт юм.


Улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар

Энэ зун Батцэнгэл сумынхаа 100 жилийн ойгоор Улсын арслан цолтой барилдана гэж бүтэн жилийн өмнө мэдэгдсэн түүний цээжинд Төрийн наадмын түрүү элбэг багтдаг. Үнэхээр ч биеэр жижиг гээд бярдуулдаггүй, халгамаар барилдаантай бөх гэвэл түүнийг л нэрлэх биз. Үзэгчид шуугиад эхэлбэл улам л бие нь хөнгөрч, иртэй, уртай барилддаг бөх өө. Түүний барилдаан удах нь тун ч ховор. Б.Зоригтбаатар бөхийн өргөөнд зодоглосон сүүлийн таван барилдааныхаа нэгт нь түрүүлж, дөрөв үзүүрлээд байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
Өчигдөр
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
Өчигдөр
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.