Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Эмэгтэй хүний бие ялгаатай гэдгийг батлах орчин үеийн шинжлэх ухааны 6 ОЛОЛТ


Эмэгтэй хүний бие олон талаар онцлог, ялгаатай билээ. Гэхдээ л шинжлэх ухааны хүрээнд эмэгтэй хүний бие өдийг хүртэл хангалттай судлагдаагүй, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн зарим асуудал төдийлөн анхаарал таталгүй олон зууныг элээжээ. Тухайлбал, эндометриоз, шизофрени, ADHD зэрэг өвчин, эмгэгтэй эмэгтэйчүүд зөв оношлогдохгүй байх магадлал эрэгтэйчүүдээс илүү байдаг аж. 

Харин сүүлийн хэдэн арван жилд эрдэмтэд энэ цоорхойг олж харан сарын тэмдгээс цэвэршилт хүртэлх эмэгтэйчүүдийн олон эрүүл мэндийг асуудлыг судалж, илүү сайн оношлох, эмчлэх тал дээр анхаарч эхлээд байна. 

Тэгвэл орчин үеийн шинжлэх ухаан эмэгтэй хүний биеийн талаар юуг олж мэдээд байна вэ?

Эмэгтэйчүүд ADHD-д өртөх магадлал өндөр 

2020-2022 оны хооронд ADHD (анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэг)-ээр оношлогдсон 23-49 насны эмэгтэйчүүдийн тоо өмнөх үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн нь эрдэмтдийн анхаарлыг ихээхэн татаж байна. ADHD-тэй хүмүүст гол төлөв хэт хөдөлгөөнтөх шинж тэмдэг илэрдэг боловч эмэгтэйчүүд "хайхрамжгүй ADHD" хэмээх өөр нэгэн төрлөөр нь түлхүү оношлогдож байгаа аж. Мөн үүнийг хэт их сэтгэл хөдлөл, суралцах бэрхшээлтэй андуурах нь элбэг байдаг гэжээ. Энэ төрлийн эмгэгтэй эмэгтэйчүүд зохион байгуулалт муутай, мартамхай байдаг гэж Дьюкийн их сургуулийн ADHD-тай эмэгтэйчүүд, охидын төвийн захирал Жулиа Шехтер ярьжээ. 

Сарын тэмдэг эмэгтэй хүний тархины хэлбэрийг өөрчилдөг


Эмэгтэйчүүд нөхөн үржихүйн идэвхтэй нас буюу амьдралынхаа 30-40 жилийн хугацаанд 450 орчим удаагийн сарын тэмдгийн мөчлөгийг туулдаг. Тэгвэл сарын тэмдэг нь сэтгэл хөдлөл, ой санамж, зан байдлыг удирддаг тархины хэсгийг ихээхэн өөрчилдөг болох нь Германы дахь Макс Планкийн Хүний танин мэдэхүй ба тархины шинжлэх ухааны хүрээлэнгээс хийсэн саяхны судалгаагаар батлагджээ. Гэхдээ эдгээр тархины өөрчлөлт нь сарын тэмдгийн үеэр тохиолддог хэт их сэтгэл хөдлөлтэй холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Ямартай ч тархинд гарч буй өөрчлөлтийн талаар олж мэдсэн нь эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг, гормоны өөрчлөлтийн талаар илүү ихийг олж мэдэх эхлэл болсон гэж судлаачид үзэж байгаа юм. 

Эрдэмтэд жирэмсний хордлогын шалтгааныг олжээ

Жирэмсний хордлогын үед дотор муухайрах нь түгээмэл боловч хүмүүс үүнийг хэвийн зүйл мэтээр хүлээж авдаг. Тэгвэл амь насанд аюул учруулж болзошгүй хүнд хэлбэрийн байнгын дотор муухайрах, бөөлжих шинж тэмдгийг гиперемезис гравидарум (HG) гэдэг бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдийн хоёр орчим хувь нь үүнийг даван туулдаг гэж судалгаанд дурджээ. 

Мөн эрдэмтэд саяхан жирэмсний хордлогыг шалтгааныг олж, судалгааныхаа үр дүнг Nature сэтгүүлд хэвлүүлсэн байна. Тодруулбал, тэд гиперемезис гравидарум (HG)-тэй холбоотой GDF15 дааврыг тодорхойлж, HG үүсэхэд уг даавар хэрхэн нөлөөлдгийг илрүүлжээ. Тус судалгааны багийн ахлагч Кимбер Уэйкфилд МакГиббон "HG нь хоолны хордлоготой төстэй. Гол ялгаа нь бөөлжсөний дараа дотор онгойдоггүй" гэжээ. 

Эрдэмтэд төрөхийн үеийн эхийн эндэгдлээс урьдчилан сэргийлэх аргуудыг илрүүлсээр байна

ДЭМБ-аас мэдээлснээр дэлхий даяар өдөр бүр 800 орчим хүн жирэмслэлт, төрөлттэй холбоотой хүндрэлээс болж нас барж байна. Хөгжингүй орнуудад ч эхийн эндэгдэл байсаар байгаа юм. Тэгвэл сүүлийн үеийн судалгаанууд эхийн эндэгдлийн гол шалтгаан болох преэклампси, цус багадалт, сепсис зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх аргуудыг илрүүлээд байна. 

Тухайлбал, АНУ-ын Хүнс ба Эмийн захиргаа (FDA) преэклампси буюу жирэмсний үед илэрдэг артерийн даралт ихсэлттэй холбоотой ноцтой хүндрэлийг урьдчилан таамаглах цусны шинжилгээ хийхийг зөвшөөрчээ. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар нь преэклампси нь жирэмсэн үед элбэг тохиолддог эмгэгүүдтэй төстэй байдаг тул оношлоход хэцүү байдаг гэнэ. Тиймээс шинээр нэвтэрч буй цусны шинжилгээний тусламжтайгаар эрсдэлийг эрт илрүүлж, олон олон эмэгтэйчүүдийг төрөлтийн үед хүндрэл үүсэхээс сэргийлж чадах аж.

Түүнчлэн судлаачид хүүхэд төрүүлэх үед их хэмжээний цус алдалт үүсгэдэг цус багадалтын шийдлийг мөн олжээ. Өмнө нь үүнээс сэргийлэхийн тулд жирэмсэн эмэгтэйчүүдийг төмрийн бэлдмэл уухыг зөвлөдөг байсан. Тэгвэл нэг удаа 15 минутын дусал хийхэд дөрвөн долоо хоногийн турш өдөрт дөрвөн шахмал бэлдмэл уусантай тэнцэж байгааг тогтоожээ. 

Гуравдугаарт, эмч нар кесар хагалгааны үед сепсис үүсгэдэг халдварыг бууруулахын тулд антибиотик азитромициныг удаан хугацаагаар хэрэглэж ирсэн. Тэгвэл энгийн төрөлтийн үед эмийг нэг тунгаар хэрэглэх нь төрсний дараах сепсисийн эрсдэлийг 30 хувиар бууруулдаг болохыг саяхны эмнэлзүйн туршилтаар баталжээ.

Зарим өвчлөл цэвэршилтээс үүдэлтэй байж болзошгүй гэж үзжээ


Мөрний холбогч эд хөдөлж чадахгүй болтлоо үрэвсэхийг "хөлдүү мөрний синдром" гэдэг аж. Судалгаанд дурдсанаар энэ өвчнөөр шаналж буй хүмүүсийн дөрөвний гурав нь эмэгтэйчүүд байдаг гэжээ. Тэгвэл энэ нь цэвэршилтийн нөлөө байх магадлалтай гэнэ. Дээрх судалгаагаар эмэгтэйчүүдийн 50 орчим хувь нь цэвэршилтийн үеэр уг үе мөчний өвдөлтийг мэдэрсэн гэж хариулсан бөгөөд цэвэршилтийн үед эстроген даавар буурах нь уг өвчлөлд хүргэж болзошгүй гэж судлаачид таамаглаж байгаа юм. 

Түүнчлэн өөр нэг судалгаагаар эстрогенийн түвшинг нэмэгдүүлэх дааврын эмчилгээ хийлгэж буй эмэгтэйчүүдэд уг өвчлөл харьцангуй бага байгаа нь ажиглагджээ.  

Цэвэршилтийн үеийн халуу шаталтыг эмчлэх аргыг олжээ

Цэвэршилтийн үед эстроген даавар буурснаар эмэгтэй хүний биед олон төрлийн өөрчлөлт гардаг. Үүний нэг нь васомоторын синдром юм. Нүүр, хүзүү, цээж гэнэт халуу шатаж, хөлрөн арьс улайхыг васомоторын синдром гэдэг. Судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүдийн 80 хүртэлх хувь нь васомоторын синдромын зэрэгцээ хөлрөх, зүрх дэлсэх, толгой эргэх, ядрах, түгших шинж тэмдгийг мэдэрдэг гэжээ. Цэвэршилтийн үед яваа эмэгтэйчүүдэд васомоторын синдром өдөрт хэд хэдэн удаа тохиолддог бөгөөд энэ шинж тэмдэг дунджаар дөрвөн жил үргэлжилдэг гэжээ. 

Тэгвэл эстроген даавар буурах нь биеийн хэмийг зохицуулдаг тархины гипоталамус дахь мэдрэлийн эсүүдэд нөлөөлж, бие гэнэт халуу дүүгэн шатахад хүргэдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Үүний үр дүнд эмийн компаниуд өдгөө васомоторын синдромыг эмчлэх эмийг туршиж эхлээд байна. 

Эх сурвалж: National Geographic

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Жо Байден анхны эхнэр, охин хоёроо алдаад амиа хороох тухай бодож байснаа хуваалцжээ
2
15 цагийн өмнө
Том Холланд, Зендая хоёр ойрын хугацаанд гэрлэхээр ярилцсан гэв
3
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
12 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.