Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Дотоод хүүхдээ хайрлаж, сонсож, өнгөрснийг явуулах 5 бодлын бясалгал


Хүн бүрийн дотор хүүхэд байдаг гэдэг. Хүүхэд насны сайхан дурсамж хийгээд хүнд хэцүү сэтгэлийн шарх насан туршид үргэлжилж, амьдралын олон шийдвэрүүдэд нөлөөлсөөр байдаг. Судалгааны сэтгэл судлаач, доктор Диана Рааб "Хүүхэд насны гэр бүлээ уучилж, дотоод хүүхдээ энэрэн хайрлах нь хүнд хэцүү цаг үеийг даван туулж, өөртөө итгэлтэй, хайраар дүүрэн ирээдүйг бүтээхэд тусладаг" гэжээ. 

Хүн бүрийн хүүхэд нас аз жаргалтай, нарны илч мэт дулаахан байдаггүй. 

Хүүхэд насандаа авсан сэтгэлийн шарх өнөөг хүртэл зовоож, зоригтой алхам хийхэд хүлж боох мэт санагдаж, хүүхэд насаа санан дурсахад өнөө хэр нь өвдөлт мэдэрдэг үү? Хүүхэд насны сэтгэлийн шархыг анагаан эмчлэхэд мэргэжлийн сэтгэл засалчдын тусламж хэрэгтэй. Мэргэжлийн хүний тусламж авах хараахан боломжгүй үедээ өөрөө өөрийгөө энэрэн хайрлаж, дотоод бодол бясалгалын тусламжтайгаар дотоод хүүхдээ сонсож ойлгож бид чадна. 

#1 Эхлээд, дотоод хүүхдээ оршин буйг мэдрээрэй

Нүдээ аниад өөрийнхөө дотор оршин буй бяцхан хүү/ охиныг мэдрэн түүнийг сэтгэлдээ зураглан төсөөлөөрэй. Бага насандаа эргэн очоод өөрийгөө толинд харж буйгаар төсөөлж ч болно. Тэгээд түүний нүд рүү ширтэн хараад зөөлөн инээмсэглээрэй.

"Сайн уу? Чамтай уулзаж буйдаа баяртай байна" 

#2 Түүнийг сонсон, хамтдаа мэдрээрэй

Хүүхэд насаа дурсахад ямар дурсамжууд эргэн санагдаж байна? Дотоод хүүхэд тань юу гэж хэлэхийг хүсэж буйг анхааралтай сонсоорой. Энэ зуур бодолд тань цаг хугацааны дараалалгүй олон хүчтэй дурсамжууд харван орж ирж болно. Тэр бүрийг нэг нэгээр нь аль болох тухайн үед байсан өөр шигээ мэдрэхийг хичээх замаар дотоод хүүхэд тань юу хэлэхийг хүсэж буйг чагнаарай. 

Үл тоогдсон, орхигдсон, айсан, ичиж санаа зовсон, санааширсан, бухимдсан, уурласан, гэмшсэн эсвэл өөр бусад сөрөг мэдрэмжүүд мэдрэгдэж байна уу? Чухам аль нь болохыг тодорхойлох гээд үзээрэй. "Эдгээр мэдрэмжүүд нь ихэвчлэн хүчтэй сэтгэл хөдлөл, тавгүй байдал, эсвэл хуучин шархыг өдөөх нөхцөл байдалд үүсдэг" гэж сэтгэл засалч Ким Эгел хэлжээ. 

#3 Хүүхэд насны дурсамжаа эргэн амилуулаарай 

Өмнөх бодлын явцад ямар нэг дурсамж бусдаасаа илүү хүчтэй мэдрэгдсэн үү? Тэр дурсамжийг илүү тодруулан, яг л тэр цаг хугацааг эргэн амилуулан мэдрээрэй. Зураг ба дүрс бичлэг нь аливаа дурсамжийг илүү тод мэдрэхэд тусалдаг тул тэр үеийн архиваа эргэн харж, тэр үеийн өдрийн тэмдэглэлээ сөхөн уншаарай. 

Өөрийгөө яг л жаахан хүүхэд болсон мэтээр мэдэрч, хувцсаа өмсөн, хамгийн их тоглодог байсан зүйлээрээ тоглож, бага насны гэртээ явж буйгаар мэдрээрэй. Ингээд ямар мэдрэмж төрж буйг яг л хүнд тайлбарлаж өгч буй мэтээр одоогийн өөртөө хэлж өгөөрэй. Өмнө нь анзаарч байгаагүй, эсвэл бараг мартчихсан олон зүйл гарч ирж болно. 

Хэрвээ хүүхэд нас тань зовж шаналж буйг мэдэрвэл одоо том хүн болсон та очин түүнтэй ярилцаж, үг хэлж, өргөн босгоорой. 

"Хүүхэд насанд хамгийн их хэрэгтэй байсан том хүн нь одоо бид өөрсдөө болсон."

#4 Хүүхэд байхдаа дурлан шохоорхдог байсан зүйлсээ хийгээрэй

Цаг өнгөрөхийг үл тоон хэдэн цагаар ч хамаагүй тоглодог байсан тоглоом, хийдэг байсан зүйлсээ эргэн зураглаарай. Эмээ өвөөгийнхөө гэрт очих дуртай байсан бол бодолдоо эмээ өвөөгийнхөө гэрийн хаалгыг төсөөлөн, хаалгыг нь татан ороод тэднийг яг л бага насных шиг галынхаа дэргэд сууж байгааг, хамт хөзөр тоглож, гадаа гарч үүлсийг ажиглаж буйгаар төсөөлөөрэй. 

Хэрвээ одоо цагт хийж чадахаар зүйлс байгаа бол хийж, мэдэрч, тоглож, дотоод хүүхдээ сэргэтэл нь баярлуулаарай. 

Хүүхэд байхдаа хийхийг, авахыг, тоглохыг, идэхийг, очихыг хүсдэг байсан ч хэзээ ч боломж олдоогүй зүйлс байгаа юу? Одоо та тэр бүгдийг нэг нэгээр нь хийж чадахаар том хүн болсон. Сар бүр нэг "Биелээгүй бага насны мөрөөдөл"-өө биелүүлбэл ямар уу? 

#5 Бага настайгаа ярилцаарай

Та одоо байгаагаараа хүүхэд насныхаа өөдөөс харан сууж буйгаар төсөөлөн бясалгаарай. Тэгээд түүнтэй ярилцаж, асуулт асууж, одоогийн амьдралаа ярьж өгч, түүнд талархаж, бас хэлэхийг хүссэн бүхнээ хэлээд, чангаас чанга тэврэн үнсээрэй. Тэгээд хуучин бүх муухай дурсамж үлдээсэн хүмүүст "Баяртай. Би та нарыг уучилж, бас тавин явуулж байна" гэж итгэл дүүрэн хэлээрэй. 

Төгсгөлд нь

Дотоод хүүхдээ олж, хайрлаж, сонсох нь том болохыг хүсэхгүй байгаа явдал биш. Харин ч өнгөрсөн хар бараан мэдрэмж дурсамжаа тавин явуулж, сайхан дурсамжуудаа хайрлан нандигнаж, ирээдүйд өөртөө илүү итгэлтэй амьдрахын тулд болохыг санаарай. 

Эх сурвалж: Healthline

Illustrations: _Dotorhun_

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Таныг "сэтгэлээр" хуурч буй хүнд илрэх 8 шинж тэмдэг
2
2024.04.25
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.23
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
санал болгох
1
Уржигдар
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.