Энэ сарын 24-нөөс зургаадугаар сарын 2 хүртэл Таиландын Бангкокт Парисын олимпын эрх олгох боксын тэмцээн явагдана. Энэ тэмцээнээс олгох олимпын 51 эрхийн төлөө 600 тамирчин өрсөлдөх юм. Эрэгтэй 7 жинд 28 эрх, эмэгтэй 6 жинд 23 эрх олгох болно.
2023 онд болсон тивийн аваргын тэмцээнүүдээс эхний боксчид олимпын эрхээ авсан. Кубын олимпын хошой аварга, дэлхийн 5 удаагийн аварга Хулио Сесар ла Крус, олимпын хошой аварга, 2015 оны дэлхийн аварга Арлен Лопес, олимпын аварга, 2018 оны дэлхийн аварга, Ирландын Келли Харрингтон, 2016 оны олимпын аварга, 2016 оны дэлхийн аварга, Францын Эстель Моссели зэрэг одод эрхээ аваад бэлтгэлдээ гарсан байгаа.
Бангкокт улсууд олимпын эрх аваагүй жинд л тамирчдаа илгээсэн байгаа. Жингүүдэд олимпын эрхийн эзэд тодроход тус жингийн тэмцээн өндөрлөх юм. Энэ бол Парисын олимпын эрх авах сүүлийн боломж. Одоогийн байдлаар 56 улсын тамирчид 188 эрх авчихаад байгаа. Австралийн баг 12 эрх авчихсан байгаа бөгөөд бүтэн эрх авсан шигшээ баг байхгүй байна. Олимпын эрхийг улсад нь өгөх бөгөөд тухайн ҮОХ ямар тамирчнаа Парист явуулахаа шийдэх юм.
Бангкокт өгөх олимпын эрхүүд
Эрэгтэй
51 кг – 4 эрх
57 кг – 3 эрх
63,5 кг – 5 эрх
71 кг – 5 эрх
80 кг -– 3 эрх
92 кг – 4 эрх
+ 92 кг – 4 эрх
Эмэгтэй
50 кг – 4 эрх
54 кг – 4 эрх
57 кг – 4 эрх
60 кг – 3 эрх
66 кг – 4 эрх
75 кг – 4 эрх

Парисын олимпын эрхээ аваагүй байгаа олимпын медальтнууд хэд хэд бий. Мароккогийн 69 кг-ын жингийн 2016 оны олимпын хүрэл медальт, 2015 оны дэлхийн аварга Мохаммед Рабии байна. Тэрээр Токио олимпод оролцоогүй ч Парисын эрхийн төлөө өрсөлдөнө. Өнгөрсөн жил Рабий 75 кг-д Африкийн аварга болсон билээ.
2020 оны олимпын 51 кг-ын жингийн хүрэл медальт, 54 кг-ын 2019, 2023 оны дэлхийн аварга, Таиванийн Хуан Сяовэнь Италийн тэмцээнд эрхээ авч чадаагүй, Бангкокт ирээд байна.
64 кг-ын жингийн олимпын хүрэл медальт, Италийн Винченцо Манжакапре гурав дахь олимпоо орохоор үзэлцэнэ. 63,5 кг жинд мөн 2020 оны олимпын 57 кг-ын хүрэл медальт, Ганагийн Сэмюэл Такьи иржээ. Энэ жил тэр Африкийн наадмын аварга болсон ч Италийн олимпын эрхийн тэмцээнд эхний тойрогт ялагдсан юм.

Казахстаны эрэгтэй багт ганцхан эрх дутуу байгааг авахын тулд 63,5 кг-д Мухамедсабыр Базарбайулы тулалдана. Харин эмэгтэйчүүдэд нь таван эрх дутуу байгаа юм. Тэдний өрсөлдөгч Узбекистаны эрэгтэй баг бүх эрхээ авчихсан, харин эмэгтэйчүүд нь 3 эрх дутуу байна.
Манай багийн хувьд эрэгтэй, эмэгтэй тус бүр (О.Есүгэн, Б.Чинзориг) нэг эрхтэй байгаа.
Монгол Улсыг төлөөлөн олимпын эрхийн тэмцээнд өрсөлдөх тамирчид:
Эрэгтэй:
+92 кг - Х.Бекнур
92 кг - Н.Отгонболд
80 кг - Г.Далай
71 кг - О.Бямба-эрдэнэ
63.5 кг - Э.Цэндбаатар
57 кг - Х.Энх-амар
51 кг - Г.Ган-эрдэнэ
Эмэгтэй:
75 кг - Э.Эрдэнэтуяа
66 кг - Г.Бадмаараг
60 кг - М.Намуун
57 кг - Т.Болортуул
54 кг - М.Энхжаргал