Гадаадын нэгэн сайт дээр "Та нарын багадаа анзаарч мэдэж байгаагүй ч том болоод ойлгосон зүрх зүсэм үйл явдал, дурсамж юу байдаг вэ" гэх асуултын доор ирсэн хариултуудаас та бүхэндээ орчуулан хүргэж байна. ҮҮнийг уншиж байх явцад үнэхээр зүрх минь шархалсан юм. Өөрөө хүүхэдтэй болчихсон болохоор ч тэр үү бүр ч хүнд тусаж, нулимс дуслуулахгүй байж тэссэнгүй. Ямар ч хүүхдэд ийм үйл явдлууд, хүчирхийлэл, шударга бус явдал бүү тохиолдоосой хэмээн хүсэж, бас сэрэмжлүүлж энэхүү түүхүүдийг орчуулан хүргэж байна.
1. Бага байхдаа би яаж 24 цаг тасралтгүй унтаж чаддаг байснаа хүн бүхэнд гайхуулж, сонирхуулж ярьдаг байсан. Багш, найзууддаа хүртэл амралтын өдрүүдэд ганц ч сэрэхгүйгээр унтаж амарч чаддаг гэж гайхуулан ярьдаг байлаа.
Гэтэл коллежид ороод л би аав ээж хоёр салаад, аав дээр амралтын өдрүүдэд очдог байхад тэр намайг харж, хамт байхгүй гэсэндээ унтуулдаг эм уулгаж өдөржин шөнөжин унтуулаад орхидог байсныг олж мэдсэн. Олж мэдээд би хэсэгтээ л сэргэх аргагүй хүнд байдалд орж байлаа.
2. Би 16 настай байхдаа л хүүхдүүд өдөр болгон зодуулж шийтгүүлдэггүй болохыг бусдаас олж мэдсэн. Найзуудын маань нэг нь л гэхэд хамгийн сүүлд 10 настайдаа л шийтгүүлж зодуулж байснаа хэлсэн юм. Харин би ангидаа 16 настай хэрнээ одоо болтол зодуулж байгаа ганц хүүхэд нь байсан.
3. Манай найзын авга ах нь найз бид хоёрыг хүүхдийн хувцасны дэлгүүрт зориулан зургаа авхуулаач гэж гуйсан юм. Би тэр үед яваагүй л дээ. Гэхдээ сүүлд нь би түүний авга ах огт хувцас зардаггүй, дэлгүүр нь нээгдээгүй болохыг олж мэдсэн. Харин тэр найзад минь хэдэн жилийн турш бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан болж таарсан. Бид тэр үед 8,9 настай байсан.
4. Нэг удаа аав минь ээжийг хоолондоо буруу амтлагч хийсэн байна гээд таваг дүүрэн хоолыг тааз руу шидчихэж билээ. Тэр үедээ би ойлгоогүй, харин ч жаахан хүүхэд шиг гээд инээдтэй санагдаж байсныг яана. Гэтэл одоо бодоход ямар муухай үйлдэл байсныг ойлгодог. Ямар ч насанд хүрсэн хүн ийм үйлдэл гаргаж болохгүй.
5. Ээж маань дүү болон биднийг дөнгөж алхаж сурсан үеэс авхуулаад л хотоор өдөржин, оройжин алхдаг байсан юм. Энэ байдал маш удаан үргэлжилж, бид өдөр бүр шахуу хотоор алхаад л байдаг байлаа. Гэтэл би саяхан ээж минь биднийг аавд зодуулахгүй гэсэндээ л өдөржин гэрээс хол авч явдаг байсныг ойлгосон.
6. Жаахан үймүүлэхээр л ээж надад "Эмэна" буюу бургуй тавьдаг байсан юм. Их сургуульд ороод энэ тухай тоглоомоор хүмүүст ярьтал тэд бүгд над руу маш гайхсан байдалтайгаар, чимээгүйхэн ширтэж эхэлсэн. Тэгж л би энэ нь энгийн нэг гэм хоргүй шийтгэл биш байсан юм байна гэдгийг ойлгож авсан. Хэт их бургуй тавих нь олон сөрөг талтай, дээрээс нь ямар хүний бодолд үнэхээр хүүхдээ ингэж шийтгэх санаа орж ирдэг байна аа гэх мэт олон шүүмжлэлийг би дараа нь сонссон.
7. Хоёрдугаар ангид байхдаа би нэг өдөр усанд орж байтал эгч минь орж ирээд надтай удтал хамт тоглоомоор тоглож байсан юм. Гэтэл үнэндээ аав минь хэт их архи ууснаас болоод зүрхний шигдээс болчихсон, эгч минь надад харуулахгүй гэсэндээ түргэний эмч нар иртэл намайг гаргахгүй саатуулж байсан нь тэр юм билээ.
8. Ээж минь архины хамааралтай болсон аавыг шөнө орох дуртай уушийн газруудаар нь хайж явахдаа намайг ганцааранг нь үлдээхгүй гэсэндээ машины бүхээг хэсэгт хийгээд авч явдаг байсан. Ээж яаж ийгээд түүнийг олдог байсан бөгөөд удалгүй хашхирч, муудалцаж эхэлдэг байсан. Намайг авч явж байгааг нь аав мэддэггүй байсан юм билээ.
9. Ээж ойр ойрхон эмээгийнх рүү явдаг байсан. Утсаа авах тоолонд л "Эмээгийнх рүү нь дахиад явж байна шүү" гэнэ. Гэхдээ үнэндээ эмээ минь өөрийгөө хороохыг байнга оролддог байснаас болж, ээж минь туслахаар очдог байсан юм билээ.
10. Хүүхдүүд хэрэв гэртээ оройтож ирвэл ээж аав нь оруулахгүй хаалгаа цоожлоод гадаа хонуулах, хийх ёстой хийгээгүй байвал хоол ундгүй хувцасны шүүгээнд цоожлуулах нь хэвийн л үзэгдэл юм байна гэж би боддог байсан. Гэхдээ манай дүү нар хэзээ ч ингэж шийтгүүлээгүй. Бусад хүүхдүүд ч ингэж шийтгүүлдэггүй болж таарсан. Би үнэхээр л тийм муу хүүхэд байсан юм болов уу?
11. Ах минь надад амттан зөөдөг байлаа. Заримдаа чихэр, бялууны зах, бяслаг, M&M гээд бага багаар надад амттан өгдөг байсан. Гэхдээ би түүнээс хэдхэн жилийн дараа аав ээж маань биднийг огт хооллодоггүй байсан болохоор ах маань нууцаар хоол зөөж, надад өгдөг байсныг олж мэдсэн. Ах минь гурав, дөрөвхөн настай байхаасаа надад хоол хулгайлж авчирч өгдөг байсны ачаар би одоо эрүүл энх явж байна.
12. Аавтай цуг амралтын өдрүүдээ өнгөрүүлэхээр очиход аав намайг дандаа л өөр өөр байшинд, өөр хүмүүс дээр авчирдаг байсан. Надад бол өөр өөр газар очиж, шинэ хүмүүстэй уулзах нь сонирхолтой байдаг байсан. Гэхдээ том болоод аав зүгээр л намайг өөр айлд орхиод явчихдаг, тэгж байж өөрөө гэртээ харьдаг байсныг мэдсэн юм.
13. Эмээ намайг хаана ч юм үл мэдэх газар үлдээгээд явчихдаг байсан. Харин гэрээ олоод буцаад ирэхэд их гайхна. Би энэ бүхнийг зүгээр л тоглоом гэж боддог байсан.
14. Аав ээж хоёр муудалцах болгонд ээж "Энэ бүхэн чиний буруу", "Яах гэж чамайг төрүүлэв ээ" гэж уйлдаг байсан. Дэндүү жаахан байсан болохоор би яах ёстойгоо ойлгоогүй, чимээгүй л өрөөндөө, орон дотроо хэвтдэг байсан. Хэдэн жилийн дараа би ээж аав хоёрыг намайг хүнд өргүүлэх тухай ярилцаж байсныг нь харин олж мэдсэн юм. Үнэхээр л би өөрийгөө тэдний амьдралын алдаа гэж бодох болсон. Тиймээс насанд хүрэх хүртлээ тэдэнтэй тааралдахгүйг чадлаараа хичээж, гадуур хамаг цагаа өнгөрүүлсээр, төрсөн өдрөөрөө нүүсэн дээ. Одоо тэдэнтэй ямар ч харилцаагүй байгаа минь намайг шархлуулдаггүй. Хүсээгүй байхад нь дарамт учруулан амьдарсаар байгаа минь харин намайг шархлуулдаг байсан.
15. Гэртээ байхдаа өртдөг хүчирхийлэл энгийн зүйл биш гэдгийг би мэддэг байсан л даа. Гэхдээ нэг удаа найзууд минь намайг харих гээд явах болгонд хоорондоо тэврэлдэн уйлдаг байснаа ярихад л миний зүрх жинхэнээсээ урагдах шиг болсон.
Хэрэв таны ойр орчимд хэн нэгэн хүчирхийлэлд өртөж, ямар нэг асуудал тулгарч, ямар нэг зүйл болохгүй байгаа мэт мэдрэгдвэл заавал анзаарч, анхаарал хандуулж, бас үйлдэл хийж байгаарай. Бусдыг хамгаалдаг, анхаардаг, үлгэрлэдэг том хүмүүс байцгаая.