Аз жаргалтай байна гэдэг хүн бүрийн хувьд харилцан адилгүй ойлголт. Амжилт, нэр төр, хайр сэтгэл, эрх мэдэл, гэр бүл, нөхөрлөл гэх мэт аз жаргалын хэмжүүрүүдийг нэрлэж болох ч "тэнцвэрт байдал" хэмээх ойлголт аз жаргалтай салшгүй холбоотой.
Та өөртөө, амьдралдаа сэтгэл хангалуун бус, аз жаргалгүй байхдаа энэ бүхний шалтгаан нь юу вэ гэж бодож үзсэн үү?
1. Амьдралаа өөрийнхөөрөө хянаж чадахгүй байх

Хүмүүс ямар үед хамгийн тайван, аз жаргалтай байдаг гээч? Аливаа зүйл өөрийнх нь бүрэн хяналтанд байгааг мэдрэх үед. Ийм л учраас хүмүүс бие даасан, хараат бус байхыг үргэлж эрмэлздэг. Тэд өөрийнхөөрөө амьдарч, дуртай зүйлээ хийхийг юу юунаас илүү хүсдэг. Харин энэ байдал хумигдаж эхэлмэгц аз жаргалгүй нэгэн болж хувирах нь бий.
Тиймээс амьдрал тань хяналтаас гарсан мэт санагдаж байвал нэн тэргүүнд би юуг хянаж, зохицуулж чадах эсвэл чадахгүй вэ гэдгээ сайтар эргэцүүл. Үүний дараа өөрчилж чадах зүйлсийнхээ төлөө алхам хийгээрэй. Дургүй ажлаа солих, мөрөөдөл зорилгоо хөөх, хүсээгүй хүмүүсээсээ харилцаа таслах нь зөвхөн таны л шийдвэр. Мөн та төсөөлж байгаагаасаа ч илүү нөөц бололцоо, чадвартай гэдгээ мартаж болохгүй.
2. Байгаа зүйлдээ талархаж сураагүй

Өөрийгөө аз жаргалгүй болгох хамгийн амархан арга бол бусадтай өөрийгөө харьцуулах. Чамаас илүү амжилттай, карьертай, мөнгөтэй хүмүүсийг хайвал хорвоогоор дүүрэн шүү дээ. Үүнийг олж мэдэх нь өөрийгөө хангалттай сайн биш гэдгийг мэдэрч, гутрахаас цаашгүй. Үүний хажуугаар бид өөрт байгаа зүйлсдээ талархахаа хэдийн мартсан байдаг. Хэрэв та аз жаргалыг мэдэрье л гэж хичээж байгаа бол өөрт байгаа нөөц боломж, ур чадвар, хандлага, гэр бүл, найз нөхдөдөө талархаж сур.
3. 'Голдирол'

Хүний анхаарал, энерги, хөдөлгөөн бүх зүйл урсгал ус мэт харилцан зохилдлогоотой эвсэлд орж орчныг анхаарахаа болих тэр мэдрэмжийг сэтгэлзүйн ухаанд flow буюу "голдирол" гэж томъёолдог аж. Өөрөөр хэлбэл, аливаа үйлийг хийхдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлж сурах нь аз жаргалын бас нэг үндэс тул үүнд цаг зав гаргах нь туйлаас чухал. Мэргэжилтнүүд бясалгал, иог, спорт, тулааны урлагаар хичээллэх нь анхаарлаа удирдаж сурах хамгийн тохиромжтой арга хэмээн зөвлөж байна.
4. Шинэ зүйл туршиж үзэхээс татгалзах

Туршлага хуримтлуулах, шинэ зүйлс туршиж үзэх, өмнө нь очиж үзээгүй газруудаар аялах нь аз жаргалын өөр нэг эх сурвалж. Хэрэв өглөө бүр нэг л замаар ажил руугаа явж, нэг төрлийн хоол идэж, байнга үздэг киногоо үзсээр байвал аз жаргал танд хүрэшгүй хол мэт санагдана. Энд байдлаас өөрийгөө татаж гарах энгийн алхам бол өдөр бүр жижиг гэлтгүй шинэ зүйл туршиж үз, тогтсон дадал хэвшлээсээ татгалз.
5. Ирээдүйн талаар эерэг хүлээлтгүй байх

“Өнөөдрийг итгэл найдвартай байлгах нь чухал. Учир нь маргааш илүү сайжирна гэсэн найдвар байгаа цагт хүн өнөөдрийн бэрхшээлийг тэсвэрлэж чаддаг” гэж зэн буддизмын мастер Thich Nhat Hanh хэлжээ. Ажлаа сайн хийж дуусгаад оройг найзуудтайгаа өнгөрөөнө, дуртай цувралаа үзнэ, амралтын өдөр салхинд гарна гэж хүлээхдээ бид аз жаргалтай байдаггүй гэж үү?
6. Гадаа орчинд хангалттай цаг өнгөрөөхгүй байх

Байгальд цагийг өнгөрөөснөөр хүмүүс илүү аз жаргалтай болгодгийг баталсан олон арван судалгаа бий. Ялангуяа барилга, байгууламж шамбаарсан их хотод амьдарч буй хүмүүст бүр ч чухал. Тиймээс сэтгэл санаа тавгүй, эрч хүч муутай байгаа бол цэцэрлэгт хүрээлэн орж алхах, уулинд авирах зэргээр хамгийн багадаа 1-2 цагийг гадаа орчинд өнгөрөөхийг зөвлөж байна.
7. Өөрийгөө хэт их стрессдүүлэх

Манай гараг дээр амьдарч буй нэг ч хүн стрессээс зайлсхийж чадахгүй гэдэг л туйлын үнэн. Харин стресст хэрхэн хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг нь бидний сонголт. Хэрэв та хэрхэн зөв стрессээ тайлахаа мэдэхгүй байгаа бол "Стресс тайлах шалгарсан 7 арга" нийтлэлийг уншаарай.
8. Сөрөг хандлагаасаа салахгүй байх

Та "Надад ердөө л тал аяга хоол байна" гэж гомдоллодог хүн үү эсвэл "Бүтэн хагас аяга хоол байна шүү дээ" гэж өөдрөгөөр боддог хүн үү? Аливааг эерэг талаас нь харж чаддаг хүмүүс бэрхшээлийг давж гарах, амжилтад хүрэх магадлал илүү өндөр байдаг. Тиймээс ямар нэг сөрөг бодол толгойд орж ирэх бүрт үргэлжлүүлэн бодохын оронд тэр даруй тасалж, өөр бодлоор сольж хэвш. Дуртай хөгжмөө сонс, хайртай хүнээ сана, найзуудтайгаа хэрхэн хөгжилдөж байснаа дурс, орой очоод үзэх цувралынхаа тухай бодсон ч болно.
9. Мэдлэгээ зузаатгахаас татгалзах

Утга учиртай амьдралыг цогцлоохын тулд өөрийн мэдлэг, чадварыг байнга нэмэгдүүлэх хэрэгтэй. Их сургуулиа төгсөөд болчихлоо, яг магистраа хамгаалчихвал л амар сайхан жаргачих гээд байна гэж бодож байвал эндүүрэл шүү. Технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах, мэргэжлийн салбарын мэдээлэл, хөгжлийн чиг хандлагыг үргэлж судалж, сонирхож бай. Харин элдэв сөрөг мэдээлэл уншиж цаг хугацаа алдаж, сэтгэл санаагаа үймүүлэх хэрэггүй.
10. Зорилгогүй амьдрах

Хүний амьдралын утга учрыг тодорхойлдог зүйлсийн нэг нь зорилго бөгөөд зорилго, хүсэл тэмүүлэлтэй хүмүүс илүү аз жаргалтай байдгийг Стэнфордын Их сургуулиас хийсэн судалгаагаар баталжээ. Гэхдээ ганцхан зорилготой байх нь хангалтгүй гэнэ. Тиймээс гэр бүл, ажил мэргэжил, сонирхол хобби, нөхөрлөл, санхүү гээд амьдралынхаа өөр өөр хэсэгт зорилго тавь, шаардлагатай тохиолдолд тэдгээрийг өөрчилж, сайжруулж байхыг мэргэжилтнүүд зөвлөжээ.
Эх сурвалж: Entrepreneur