UBLife Logo
Өнөөдрийн зурвас

Өнөөдрийн зурвас: Эвийн үүдтэй “Чингис хаан”

Өнөөдрийн зурвас: Эвийн үүдтэй “Чингис хаан”

Бага тойрогт их хөдөлгөөн хорьсноос автозамд үүссэн нүргээнийг морин цагт Төрийн есөн хөлт цагаан туг зорчих сураг даруй дарсан нь томоороо, чухлаараа 30 жилд байгаагүй соёлын бүтээн байгуулалт хаалгаа нээх товыг хотоороо хоёр жил хүлээснийх байлаа. Бидний дунд хэрэгт сониучирхсан нь ч бий, түүхийн дурсгалд дурласан нь ч бий. Гэхдээ л бид яг адилхан хүлээжээ. Дугуй булант цагаан баганат Төв музейн барилгыг нурааж Улаанбаатарын уран барилгын анхны ансамбль эвдэгдэхэд тэсэрсэн бухимдал Чингис хааны музей үүдээ дэлгэхэд түр намжин анхаарав. “Чингис” гэдэг нэр монголчууд нэгэн зэрэг эе хичээх мөнх сэрэмж ажээ.  

"Чингис хаан" музей нүүдэлчдийн төрт ёсны түүхийг цогцоор нь харуулахын тул үзмэрүүдийнхээ 100423 ширхэг буюу 93 хувийг эх хувиар бүрдүүлж, үлдсэн хувийг энэ цагт туурвиж буй урлаачдын оюунаар бүтээлгэжээ. Барилга нийт есөн давхар 20500 ам метр талбайтай бөгөөд эд өлгийн зүйлс нягтлан үзэхэд хялбар байх орон зайд дэлгэж, тус бүр гэрэлтүүлжээ. Соёлын сайд Ч.Номин Засгийн газрын гишүүний албаа өдгөө тус музейн эрхлэгчээр ажиллах болсон академич С.Чулуунаас хүлээн авсан нь “Чингис хаан” музейн өөрийнх нь түүхэнд хожим сонирхолтой мөр болон үлдэх болов уу. Засаг солигдож, улс төрд эв хагарахад ч “Чингис хаан” музейн хувьд хэн эхлүүлсэн, хэн үргэлжлүүлж бүтээх аль алин нь хоршил болох нөхцөл бүрдсэн хэрэг. Соёлын сайд Ч.Номин УИХ-д Музейн хуулийг өргөн барьж батлуулсан нь “Чингис хаан” музей цаашид өөрийн гэсэн эрхзүйн орчинд үйл ажиллагаа явуулахыг угтуулсан цогц шийдэл болсон. Түүнчлэн музейг олон улсын стандартад нийцүүлэн дэглэх нарийн чимхлүүр ажилд Ч.Номин Монголын нэртэй урчуудыг дайчилж, орчин үеийн технологийг шингээхэд хамтран ажиллаж, дүрслэх урлаг төдийгүй технологийн салбарынхны хувьд бас нэгэн түүх бичлээ. 

“Чингис хаан” музей монголчуудын соёлын үнэт зүйлийг бүртгэн цуглуулж, хадгалан хамгаалж, судлан сурталчлах үүргийг дээд зэргээр гүйцэтгэхээ, мөн Чингис хаан судлал, Монгол судлалын гол зангилаа төв болж үйл ажиллагаа нь өргөжин тэлэхийг Соёлын яам амалж байна. Музейд өдгөө тавигдсан хосгүй үнэт үзмэр, дэлхийд хосгүй эд өлгийн зүйлс цаашид олон улс орноос өөрсдийн түүхэнд холбогдох эд өлгийн зүйлсийг татан төвлөрүүлэх ажлыг ч хийхээр төлөвлөжээ. 

“Чингис” нэртэй музей билигт сайн өдөр нээгдэж олны хөлд дарагдсан шигээ монголчууд баялаг түүх, арвин их соёлоо ирээдүйд улам их түгээн дэлгэрүүлэх үйлсэд үргэлжид эв нэгдэлтэй байх болтугай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.