UBLife Logo
Кино

"Улаанбаатар" олон улсын кино наадмаас алдаж боломгүй 10 кино

Б.Энхжин
Б.Энхжин
"Улаанбаатар" олон улсын кино наадмаас алдаж боломгүй 10 кино

Дэлхийн кино урлагийг Монголын үзэгчидтэй нэг алхмаар ойртуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам 10 сарын 16-аас 22-ны өдрүүдэд 16 дахь жилдээ зохиогдох гэж байна. Энэхүү кино наадмаар дотоодын төдийгүй гадны олон шилдэг кинонууд тухайн улсынхаа элчин сайдын яамны тусламжтайгаар үзэгчдийн хүртээлд хүрэх ба кино урлагтай холбоотой олон сонирхолтой үйл ажиллагаанууд болох юм. Тэгвэл уншигч та бүхэнд “Улаанбаатар” олон улсын кино наадмаас алдаж боломгүй 10 киног танилцуулъя.


1. “Гажуудал” (2024) - Б.Баатар

Энэ жилийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлтийн киногоор найруулагч Б. Баатарын “Гажуудал” сонгогджээ. Тус сэтгэл зүйн триллер кино нь Пусаны кино наадмын “Азийн Киноны Цонх” хэсэгт албан ёсоор шалгарч олон улсад аль хэдийн нээлтээ хийсэн билээ. “Этгээд” киногоороо өөрийгөө таниулсан найруулагч Б.Баатарын энэ удаагийн кинонд үзэгчид өндөр хүлээлт үүсгээд байна.

2. “Чоно үүр шөнөөр ирдэг” (2024) - Габриелл Брэди

Австрали, Монгол, Герман улсын уран бүтээлчдийн хамтарсан энэхүү кино нь уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан гамшигт шуурганы дараа Монголын хөдөө нутаг дахь гэрээ орхин хот руу нүүсэн залуу хосуудын амьдралыг харуулах болно. Шинэ амьдралын хэв маягтаа дасан зохицохоос өөр аргагүйд хүрч буй хосуудын сэтгэл хөдөлгөм, зүрх шимшрүүлэм түүх уншигч та бүхэнд нэгийг бодогдуулах биз ээ.

3. “Жимийн түүх” (2024) - Арно Ларри, Жан-Мари Ларри

Аймерик гэх залуу хуучин ажлынх нь бүсгүй болох Флоренстэй таарах бөгөөд Флоренс зургаан сартай хөл хүнд бөгөөд ганц бие аж. Удалгүй хүү Жим төрөх ба энэ үед Аймерик тэдний дэргэд байх болно. Жимийн төрсөн эцэг Кристоф гарч ирэх хүртэл тэд хамтдаа аз жаргалтай он жилүүдийг өнгөрөөж байлаа. Хүүгийн төрсөн эцэг буцаж ирсний дараа Юра уулсын дундах гэр бүлийн аз жаргалтай амьдрал аажмаар өөрчлөгдөнө. Энэхүү сэтгэл хөдөлгөм бүтээл нь эцэг хүний мөн чанар, дотоод мөн чанарыг онцлон харуулахыг зорьжээ.

4. “Зөрлөг” (2024) - Леван Акин

Тэтгэвэртээ гарсан багш Лиа удаан хугацаанд холбоо тасарсан зээ дүү Теклагаа олохоор шийднэ. Лиагийн эрэл түүнийг Истанбул руу аваачиж, хуульч Эмривтэй уулзсанаар үйл явдал цааш өрнөнө. Истанбулаар зээгээ тасралтгүй хайх боловч том хотоос хэн нэгнийг олох гэдэг амаргүй даваа байлаа.

5. “Ариун инжир модны үр” (2024) - Моххаммад Расулоф

Мөрдөн байцаах шүүгчээр томилогдоод удаагүй Иманы баяр хөөртэй зэрэгцэн хотын гудамжинд амиа алдсан залуу бүсгүйн төлөөх олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болно. Жагсаал цуглаан, Засгийн газрын хатуу хариу байр суурь зэргээс Иманы гэр бүлийн харилцаа муудаж асуудлууд үүсэж эхэлнэ. Нэгэн өдөр түүний гэрт байсан буу алга болох бөгөөд нэн тэргүүнд гэрийнхнээ сэжиглэв. Нэр хүнд, албан тушаалаа алдахаас айсан тэрээр улам бүр улайран, өөрийн гэртээ мөрдлөг явуулж, хил хязгаар бүрийг нэг нэгээр нь давахад хүрнэ.

6. “Хоёроос нэг рүү” (2024) - Натя Брункхорст

Герман улсын уран бүтээлчдийн бүтээсэн “Хоёроос нэг рүү” киноны ази дахь нээлт “Улаанбатар” олон улсын кино наадам дээр болох гэж байна. 1990 оны Халберштадт хотод зун цаг иржээ. Марен, Роберт, Фолька нар хуучин хонгилоос Зүүн Германы сая сая мөнгөн дэвсгэрт олно. Бараг л үнэ цэнгүй өнөөх мөнгийг гурван найз авч явах бөгөөд найз нөхөд, хөршүүдийнхээ хамтаар мөнгөн дэвсгэртийг бараа бүтээгдэхүүнээр сольж, арилжаалан капитализмыг хууран мэхлэх ухаалаг төлөвлөгөө боловсруулна.

7. “Маргааш бий” (2023) - Паолла Кортеллеси

Делиа бол Иваногийн эхнэр, гурван хүүхдийн ээж бөгөөд гэрийн амьдралд өөрийгөө зориулах нь зүйтэй гэж боддог нэгэн билээ. Ром хотод амьдардаг тэдний гэр бүл амьжиргаагаа залгуулах гэж бишгүй л чармайх бөгөөд Ивано гэрийн эзний байр сууриа үргэлж хатуу ширүүн аргаар сануулна. Иваногийн гэр бүл хайрт том охин Марселлагаа баян айлын хүү Жулиотой гэрлүүлэхээр догдлон хөөрч байсан ч нэг нууцлаг захидал Делиагийн итгэл үнэмшил, хүсэл зоригийг өөрчлөх болно.

8. “Хар нохой” (2024) - Гуан Хү

Хятадын баруун хойд хэсэгт киноны үйл явдал өрнөнө. Ланг гэх нэгэн зожиг эр төрөлх хотдоо эргэн ирж, гудамжны нохой устгалын багт ажилд орно. Ажлаа хийж явахдаа эрлийз хар нохойтой учирч, түүний зовлонг мэдэрсэн Ланг нохойтой дотносож, өөрийн дотоод сэтгэлийг нээн, хайрлан энэрэх сэтгэлийг олж авч, гудамжны нохдыг чөлөөлөхөөр шийднэ.

9. “Тосоор гоож” (2024) -  Луиз Курвуазье

77 дахь удаагийн Каннын кино наадмын “Un Certain Regard-Youth” шагналт “Тосоор гоож” кинонд Жюра мужид амьдардаг 18 настай Тотоне өдөр хоногийг нөхөдтэйгөө шар айраг ууж, наадан цэнгэж өнгөрөөнө. Нэг л өдөр тэрээр долоон настай дүүгээ асарч, амьдралаа залгуулах сорилттой тулгарна. Ийнхүү мужийнхаа хөдөө аж ахуйн шилдэг Комте бяслагийг шалгаруулах тэмцээнд оролцож, гучин мянган еврогийн шагналын эзэн болохоор сэтгэл шулуудна.

10. “Шамбал” (2024) - Мин Бахадур

Балбын Хималайн нэгэн тосгонд шинэхэн гэрийн эзэгтэй Пэма, нөхөр Таши болон түүний дүү Карма, Дава нарын хамт амьдардаг. Таши Лхас руу урт хугацааны худалдааны аялалд яваад алга болно. Ташиг явсны дараа Пэмад хөл хүнд болсноо мэдэх ба нэр төрөө хамгаалахаар Карматай хамт Ташийг хайх аялалд гарна. Энэ аяллаар Пема зөвхөн эр нөхрөө хайгаад зогсохгүй өөрийн дотоод мөн чанар, өөрийгөө хэн бэ гэдгийг олохоор сэтгэл шулуудна.

"Улаанбаатар" олон улсын кино наадмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарж сонирхоорой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.