UBLife Logo
Сэтгэл судлал

Жижиг зүйлд стресстдэг болчихлоо, яах вэ?

Жижиг зүйлд стресстдэг болчихлоо, яах вэ?

Стресс, уур бухимдал гэдэг хянахад хэцүү атлаа хамгийн хор хөнөөлтэй сэтгэл мэдрэмж гэж хэлж болохоор... Хувь хүнийг зовоохоос гадна эргэн тойрныхонд нь агаар мэт тархаж байдаг гээд бодохоор аймшигтай. Ялангуяа монгол улсын хувьд тайван хүн бараг л үгүй болов уу. Ойрын өдрүүдэд сонгууль тохиох гэж байгааг ч хэлэх үү, хаа сайгүй л стресстсэн хүмүүс таарч байгаа байх. Иймд танд зориулаад стрессээ намдаах, гадагшлуулах арга замуудыг хүргэе. Бүх аргууд мэдээж нөлөөлөхгүй байх, гэлээ гээд танд тохирох ганц ч атугай арга байж л таараа.

Юуны түрүүнд хамтдаа стрессийн хор хөнөөлийн талаар уншиж судалцгаая. Бидний мах бодь гэдэг сэтгэл зүйн мэдрэмжтэй нягт холбоотой учир сэтгэл санаа стресстсэнээс үүдэн ходоод хямрах, зүрхний үйл ажиллагаа доголдох, хоол боловсрох үйл ажиллагаа алдагдах гээд тоочоод баршгүй хор хөнөөлтэй. Нөгөөтээгүүр таргалалтын гол шалтгаан болдог. Яагаад гэдгийг та мэдэж байгаа байх. Мөн хүн хоорондын харилцаа, унтах нойр, идэх дуршил, арьс гээд ер нь бүхий л зүйлд нөлөөлнө гээд бодчих. Иймийн тулд хэрэв та өөртөө хайртай л бол стрессээс ангижирч, амар амгалан байх арга замыг хайх нь зөв юм.

Алхам 1: Стрессээс салахын тулд хамгийн түрүүнд өдөөгч учир шалтгааныг олох нь зүйтэй болов уу. Өөртэйгөө ярилцаад үз. Яг юу чиний бухимдлыг өдөөж байна вэ? Хүн бүрийн стресстэх тулгуур шалтгаан янз бүр байдаг. Зарим хүмүүс үнэхээр тэсэж болохооргүй нөхцөл байдалд стресстдэг бол зарим нь хэн нэгнийг найтаах төдийд стресстэх жишээний. Иймд өөрийгөө анзаар.

Алхам 2: Дүрсхийх мэдрэмжийг дарахуй. Юутай ч ямар нэг зүйлд бухимдал тань төрөөд стресстэж бас уурлалаа гэж төсөөлье. Тэгвэл тэрхүү дүрсхийсэн уур бухимдлыг хэрхэн зөв гадагшлуулах вэ? Энэ тал дээр олон шийдлүүд байдаг ч хамгийн амар арга нь өөрийг гэсэн арга барилтай болох явдал юм. Жишээ нь метал хөгжим сонсох. Халаасандаа бохь авч явах мөн стресстэж эхлэнгүүт халаасан дахь бохио зажлах гэх мэт өөрийн гэсэн арга барилтай болоорой.

Алхам 3: Урт хугацааны арга хэмжээ авах. Мэдээж алхам 2 дээр бичсэнчлэн жижиг сажиг аргаар өөрийгөө зохицуулаад, бухимдлаа тайлан амьдарч болох ч гэлээ энэ нь урт хугацаандаа тийм ч үр дүнтэй арга биш юм. Иймд өөртөө ямар нэг дадал суулгах, хөлсөө гадагшлуулах дасгал хөдөлгөөн хийх, сэтгэл зүйчтэй ярилцах, тэмдэглэл хөтлөх зэрэг урт хугацаандаа хэрэгжүүлэх арга хэмжээ аваарай.

Нэмж дурдахад өөрийгөө хайрлаарай. Сайн унтаж амар, өөрийгөө урамшуул, магт. Тэртээ тэргүй бухимдалтай эрэн зуунд амьдарч байгаагаас хойш ядаж өөрөө өөртөө зөөлөн хандах хэрэгтэй биз дээ. Мөн "Таван минутын дотор тайвшрахад тань туслах 5 арга", "Стрессийг ердөө минутын дотор бууруулах шидтэй биеийн 8 цэг" зэрэг нийтлэлүүдийг уншаарай. Танд тус болох нь гарцаагүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.