Зохиолч Г.Аюурзанын “Хэвтрийн хүн” бэсрэг романыг найруулагч С.Бямба кино бүтээл болгон дэлгэцэнд төрүүлсэн нь олны хүртээл болоод удаагүй байна. Найруулагч маань 2011 онд “Хүсэл шунал”, 2013 онд “Алсын удирдлага” бүтээлүүдээ толилуулж байсан. Энэ удаа мөн л олон гайхалтай уран бүтээлчид хамтран ажилласан “Хэвтрийн хүн” –ийг бид үзэх нь. Ингээд тус бүтээлийн тухай сонирхолтой баримтуудыг дэлгэе.
1. Найруулагч С.Бямба Г.Аюурзанын эл бүтээлийг анх 2002 онд уншсан ба кино зохиолын анхны хувилбараа Германы Штутгарт хотод урлагийн резидэнс хөтөлбөрт хамрагдаж байхдаа бичсэн.
2. Энэ кино тэдний анхны хамтын ажиллагаа биш. Найруулагч С. Бямба “Мөнхийн хөдөлгүүр” баримтат кинондоо Г.Аюурзанын “Цаг хугацааны тухай яриа” эсээнээс санаа авсан бөгөөд тус бүтээл 2002 оны Ямагатагийн олон улсын баримтат киноны уралдаант хэсэгт шалгарч байжээ.
3. Кино зохиол нь 2017 онд Каннын кино наадмын “Le Atelier” хөтөлбөрт Монголоос анх удаа сонгогдсон.
4. Кинонд Швейцарын уран бүтээлч Балтазар Юукер дууны найруулагчаар ажиллаж, Германы Берлин хот дахь Studio Mitte-д пост продакшныг хийжээ.
5. Найруулагчаас энэ кино юун тухай өгүүлэх вэ гэж асуувал “үзсэн хүн бүхэн өөр өөрсдийнхөөрөө ойлгох бизээ” хэмээн асуултаас бултах нь олонтаа. Гэхдээ нэг удаа хариулахаас аргагүй байдалд ороод “Сонголтын тухай” гэж хэлсэн нь бий.
6. Кинон дээр цагийн зүү цохилохоо байн зогсож, загас сэлэхээ байн гацаж, гудамж, замын хөдөлгөөн тэр чигтээ таг зогсдог сцен бий.
7. Киноны гол дүрд нэр байхгүй. Зохиол дээр түүнийг Хэвтрийн хүн гэж нэрлэсэн боловч кинон дээр түүнийг энэ нэрээр нь нэг ч дууддаггүй.
8. Жүжигчин Г. Баттулга, Т. Ариунчимэг нар анх удаагаа бүрэн хэмжээний уран сайхны кинонд гол дүр бүтээсэн ажээ.
9. Эх зохиол дахь Инээмтгий хүн хэмээх дүрийг кинонд Хувьзаяа болгож өөрчилжээ. Гэвч Хувьзаяа мөн л нэргүй бас гарын алгандаа хээгүй, мөн хэзээ ч хөгшрөхгүй. Түүний эрхэлдэг ажил нь цаг хугацаа, хувь төөргийн засварчин. Ажлын байр нь паркын галзуу хулгана.
10. Кинонд гарах бас нэгэн дүр бол галзуу хулгана. Үүгээр мөнхийн хөдөлгөөнд байдаг амьдралыг бэлгэдэн өгүүлсэн аж.
11. Эл бүтээл найруулагч С.Бямба, хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх, ерөнхий зураач Д.Ариунсайхан, ерөнхий продюсер Ц.Ариунаа нарын хамтран хийсэн гурав дахь кино юм.
12. Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх кинонд зориулж зургаан саундтрак бичиж, АНУ дахь өөрийн студид мастеринг хийсэн. Мөн тэрээр кинонд ашигласан цорын ганц компьютер графикийн ажлыг ч давхар хийсэн.
13. Ерөнхий зураач Д.Ариунсайхан Монголын магнаг хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын ач хүү бөгөөд Германы Бабелсбергийн Кино урлагийн их сургуулийн кино зургийн тэнхимийн эрхлэгч юм. Одоо тэрээр Netflix-ийн нэгэн шинэ кинонд ерөнхий зураачаар ажиллаж байна.
14. “Хэвтрийн хүн”-ий Ерөнхий зураглаач Б.Түвшинтөгс БНСУ-д кино зураглаачийн мэргэжил эзэмшсэн бөгөөд энэ бүтээл түүний“Гуру Медиа” компанитай хамтран ажилласан хоёр дахь төсөл.
15. Зураг авалтын үед гол дүрийн жүжигчин бүсгүйчүүд бие давхар байсан агаад кино багийнхнаас ихэр хүүхдүүд хоёронтаа мэндэлж, нийт 9 хүүхэд төрсөн нь бэлгэшээлтэй үйл явдал болжээ.
16. Хамгийн хэцүү зураг авалт бороотой өдрийн зураг байсан бөгөөд бороонд нийт 50 тонн ус зарцуулсан байна.
17. Харин хоосон сандлын дүрсийг авах нь киноны хамгийн амархан, хөгжилтэй зураг авалт байв.
18. Тус бүтээлд хэд хэдэн "нүүд" буюу нүцгэн сцен гарах бөгөөд 16+ насны ангилалтай юм.
19. Кино зохиолын сүүлчийн хувилбаруудыг Б. Дөлгөөн (Magnolian) англи хэл рүү хөрвүүлэн, олон улсын наадмуудад оролцоход хамтран, хувь нэмрээ оруулсан.
20. “Хэвтрийн хүн” кинонд “Алсын Удирдлага” кинонд орсон нэг жижиг хэрэглэл гардаг. Түүнийг олоорой.
21. “Хэвтрийн Хүн” киноны дэлхийн нээлт 2020 оны 11-р сарын сүүлийн долоо хоногт товлогджээ. Кино продюсеруудын нийгэмлэгийн олон улсын холбооны (FIAPF) А зэрэглэлд багтдаг 15 кино наадмуудын нэг дээр киноны нээлт болно.
22. Энэхүү кино Гуру Медиа, Номадиа Пикчерсийн хоёр дахь хамтын бүтээл бөгөөд Номадиа Пикчерсийн хамгийн удаан хугацаанд хийсэн онцлог төсөл.
23. Киног дэлхийд түгээх ажлыг Германы “Pluto Films” хариуцаж байна.
24. Найруулагч С.Бямбын бүтээлүүдэд зам ба тэнгэрийн дүрс дандаа гардаг бөгөөд үүнийгээ тэрээр сонголт ба цаг хугацааг илэрхийлж буй гэж тайлбарладаг.
25. Энэ киноны зохиол 12 жилийн өмнө бичигдэж, харин 2 жилийн өмнө зургийг нь авсан. Ковид-оос өмнөх цаг үед "хэвтэж" өөртэйгээ танилцах нь "гаж" үзэгдэл байсан бол өнөө цагт Ковид-19 биднийг "хэвтэрт" хүчээр оруулж, өөрсдийн үнэт зүйлсийн эрэмбийг эргэн харах боломж өгч байна. "Хэвтэрт" байна гэдэг үнэндээ хэцүү боловч чухал ажил ажээ.