UBLife Logo
Боловсрол

Коронавирус ба секс: Бидний МЭДЭХ ЁСТОЙ 6 зүйл

Ub.life
Ub.life
Коронавирус ба секс: Бидний МЭДЭХ ЁСТОЙ 6 зүйл

"Секс хийсэн тохиолдолд коронавирусийн халдвар авах болов уу" гэж бодсон ч хэн нэгнээс энэ талаар зүрхлэн асууж чадаагүй бол энэ мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. BBC коронавирус ба секстэй холбоотой эргэлзээг тайлах зорилгоор доктор Алекс Жорж, сексийн талаар дагнаж бичдэг сэтгүүлч, BBC Radio 1-ийн Unexpected Fluids шоуны хөтлөгчөөр ажиллаж байсан Аликс Фокс нараас дараах асуултуудыг асуужээ. 

1. Коронавирусийн дэгдэлтийн үеэр секс хийх нь хэр аюулгүй вэ? 

Алекс Жорж: Хэрэв та хэн нэгэнтэй дотно харилцаатай байдаг, мөн тухайн хүнтэйгээ хамт амьдардаг бол та хоёрын сексийн харилцаанд төдийлөн өөрчлөлт орохгүй. Гэхдээ та хоёрын хэн нэгэнд коронавирусийн шинж тэмдэг илэрч эхэлбэл нэн даруй зайгаа барьж, гэртээ өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Хэдийгээр мэргэжилтнүүд хүмүүсийг хоёр метрийн зайнаас харилцахыг зөвлөж байгаа ч нэг гэрт амьдардаг хүмүүсийн хувьд энэ нь бараг боломжгүй юм.

Аликс Фокс: Хэрэв танд өчүүхэн төдий шинж тэмдэг илэрч байгаа бол хамтрагчид чинь халдварлах эрсдэлтэй гэдгийг бодолцоорой. Тиймээс шинж тэмдэг илэрсэн л бол хэн хэнээсээ хол байсан нь дээр. 

2. Танилцаад удаагүй хүмүүсийн тухайд? 

Алекс Жорж: Яг одоогийн нөхцөлд халдвар авах эрсдэлтэй учраас сексийн шинэ хамтрагчтай болохыг би хувьдаа зөвлөхгүй.

Аликс Фокс: Халдвар авсан ч ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй хүмүүс бий гэдгийг санаарай. Хэдийгээр танд зүгээр санагдаж болох ч ахуйн хавьтлаар, үнсэлтээр вирусийн халдвар тархах боломжтой. 

3. Саяхан танилцсан хүнтэйгээ үнсэлцсэн юм. Гэтэл удалгүй бид хоёрт өвчний шинж тэмдэг илэрсэн. Би одоо яах ёстой вэ? 

Алекс Жорж: Хэрэв та халдвар авсан байж болзошгүй хүнтэй дотно харилцаатай байж, үнсэлцэх зэргээр бие махбодийн харилцаанд орсон бол нэн даруй өөрийгөө тусгаарлаарай. Шинж тэмдгүүдийг ажигла, хэрэв хүндэрвэл бүр ч сэрэмжтэй байх хэрэгтэй. Албан ёсны сайтаас мэдээлэл авч, хүндэрсэн тохиолдолд нэн даруй эмнэлгийн тусламж дууд. 

Аликс Фокс: Та хоёр бие биенийхээ өмнө тодорхой хариуцлага хүлээж байгааг ойлгох ёстой. Хэрэв танд өвчний шинж тэмдэг илэрвэл ойр дотно харилцаатай байсан бүх хүндээ даруй дуулга. Та хоёр үнсэлцсэний дараа эсрэг талын хүнд чинь шинж тэмдэг илрээд танд илрээгүй байж болно. Гэсэн ч өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. 

4. Коронавирусийн халдвар гарахаас өмнө би хамтрагчтайгаа бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвч хэрэглэдэггүй байсан. Тэгвэл одооноос хамгаалалт хэрэглэх ёстой юу? 

Алекс Жорж: Чухам яагаад бэлгэвч хэрэглэдэггүй байсан бэ гэдгээс л шалтгаална даа. Хэрэв та хоёр хоёулаа БЗХӨ-ний шинжилгээ хийлгэсэн, жирэмслэлтээс сэргийлэхийн тулд өөр арга хэрэглэж байсан, хамтрагч чинь цэвэршилтийн өмнөх шатандаа явж байгаа учраас хамгаалалт хэрэглэдэггүй байсан бол үүнд санаа зовсны хэрэггүй. Харин та гадуур тавих гэх мэт аргад найдаж хамгаалалтгүй бэлгийн хавьталд ордог байсан бол яг одооноос бэлгэвч хэрэглэж эхэлсэн дээр юм. 

5. Бэлэг эрхтэн, үтрээнд хүрсэн тохиолдолд халдвар авах боломжтой юу? 

Алекс Жорж: Хамтрагчийнхаа эрхтэнд хүрч буй тохиолдолд үнсэлцэх магадлал өндөр гэсэн үг. Харин вирус шүлсээр дамжиж халдварладгийг бид биднэ. Үндсэндээ, коронавирус гар, ам, хамар, бэлэг эрхтнээр дамжих боломжтой. Тиймээс хамтрагчтайгаа хамт амьдардаггүй бол харилцаанд орохоос аль болох татгалзах нь зүйтэй. 

6. Ийм нөхцөл байдалд хэрхэн харилцаагаа хэвээр хадгалж үлдэх вэ? Би хувьдаа ганц бие байхыг хүсэхгүй байна. 

Аликс Фокс: Энэхүү цар тахал олон хүнийг "Тааламжтай бэлгийн амьдрал гэж юу болох", "Сэтгэл хангалуун харилцаа юунаас бүрддэг" талаар дахин бодоход хүргэж байна. Хосууд бие биедээ зориулж эротик өгүүллэг бичиж буй талаар би сонссон. Бас болзож байсан хос хоёр халдварт өвчний улмаас хоёр өөр газар хөл хорионд орсон ч нөхцөл байдлыг давуу тал болгож ашиглаж байгааг харлаа. Маш олон хүн харилцаандаа илүү бүтээлчээр хандаж байна. Хэрэв та толгойгоо жаахан л ажиллуулбал нүүр нүүрээ харж уулзахгүйгээр халуухан мөчүүдийг өнгөрүүлэх мянга мянган арга бий гэдгийг ойлгох болно. 

Түүнчлэн хамтрагч нь бэлгийн өөр дур хүсэлтэйг олж мэдсэн хүмүүс ч байгаа байх. Магадгүй та өмнө нь долоо хоногт нэг л удаа болзоонд явдаг байснаа одоо тэр хүнтэйгээ нэг дээвэр дор амьдарч байж ч болно. Магадгүй та яг одоо секс хийхийг эсвэл, хийхгүй байхыг хүсэж ч мэднэ. Хамгийн гол нь, үүнийг эсрэг хүндээ хүндэтгэлтэй, хүнлэг байдлаар илэрхийлэх нь чухал. Хамтдаа амьдарч л байгаа бол хүссэн үедээ секс хийх эрхтэй гэсэн үг биш юм. 

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
2
2
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.