UBLife Logo
Ном

“Одот талдаа буцахсан” номын сэтгэгдэл

Ub.life
Ub.life
“Одот талдаа буцахсан” номын сэтгэгдэл

Эгэл монгол эмэгтэй Балдангийн Цэвэгмаагийн тухай Шиба Рёотора, Койбүчи Шиничи гээд хоёр ч алдартай япон эрдэмтэн, профессор ном бичжээ. Япончуудын хийсэн баримтат кино ч бас байдгийг олон жилийн өмнө үзэж байв. Тэрхүү хоёр номын нэг нь Койбүчи Шиничи гуайн бичсэн “Одот талдаа буцахсан” юм. Намтар-дурсамж төрөлд хамаарах боловч уншаад эхэлмэгц уран зохиолын бүтээл лүгээ адил уншигдах нь даанч таатай санагдаж билээ. 

Цэвэгмаа гуай буриад зон олны төлөөлөл бөгөөд нялх бага ахуйд нь аав ээж нь Оросын хавчлагаас дүрвэн Өвөр Монголыг зорин, тэндээ суурьшжээ. Балчир наснаасаа Такацука багштай охидын сургуульд явж, япон хэлийг шимтэн сурсан нь хожим Хятад оронд Соёлын хувьсгал гарахад “хөрөнгөтний боловсролтой” хэмээн гадуурхагдан шүүмжлүүлэхэд хүргэж байж. Бидний нэрлэж дассан Ар Монгол, Өвөр Монгол гэх тусгаарлалт. Гэтэл угтаа нэг л үндэс язгуураас салаалсан үр жимс шүү дээ. Ар Монголд нэгдэхийг хүсэн мөрөөсөх залуусын эрчимт тэмцэл, хурал, мэтгэлцээн, сөрөг талаас явуулах суртал ухуулга, сөргөлдөөн, туйлшрал дундуур монгол соёл, монгол хэл, монгол яс үндсээ хадгалан өвлүүлэх эрмэлзэлдээ хөтлөгдөн тэмцэж явахдаа нөхөр Бүрэнсайнтайгаа танилцжээ. Бүрэнсайн бол монгол хэлний профессор, Өвөр Монголд ар монголчуудын хэрэглэж буй шинэ бичгийг нэвтрүүлэн дагах тухай Бямбын Ренчин, Цэндийн Дамдинсүрэн нарын эрхэм хүмүүстэй хуралдаж, хамтарч явсан түүхтэй нэгэн. Гэвч монгол хэл соёлоо дээдлэн хадгалах хүсэл мөрөөдөл нь тэднийг Соёлын хувьсгалын хэлмэгдүүлэлтийн бай болоход хүргэжээ. Ингээд л Цэвэгмаа гуай балчирхан Имина охиноо аваад, эр нөхрөөсөө амьдаараа хагацан, одот талаа зорин Улаанбаатарт ирсэн аж. Гэвч улс төрийн туйлшрал, нийгэмд бугших явцуу үзэл, улс хоорондын сөргөлдөөн эгэл жирийн хүний амьдралыг хэрхэн өөрчилж, донсолгож болдог тухай түүний түүх энд хүрээд ч дууссангүй. Тэр бүх сонирхолтой, бартаатай боловч бахархалтай түүхийг уншигч танд шинэхнээр нь үлдээгээд, бичилгүй орхиё.

“Одот талдаа буцахсан” номыг уншаад хамгийн түрүүнд хувь хүний үнэт зүйлийн эрэмбэ гэх үг санаанд бууж байлаа. Өөрөөс шалтгаалахгүй улс төр, нийгмийн хүчин зүйлийг бид яаж ч чадахгүй. Ийм хүчин зүйлээс зарим нь хожиж, зарим нь хэлмэгдэж, амьдаараа үхэж, итгэл найдвараа алддаг. Харин Цэвэгмаа гуай бартаа саад, зовлон шаналал тохиоход ариун үнэн зарчим, хүсэл эрмэлзэл, сайхан сэтгэл, бусдыг гэх хайр хүндлэлээ алдалгүй, чин шударгаар ажиллаж хөдөлмөрлөсөөр иржээ. Том гол мөрөн ямар ч хүйтэн хэмд доороо хөлддөггүй шиг зовлон дундуур ундран түгсээр л байдаг мөн чанарын гоо үзэсгэлэн гэж байдаг ажээ. Магад, улс төр, нийгмийн ийм том хүчин зүйлс хувь хүний үнэт зүйлийн эрэмбийг сорьж шалгаж, мөн чанар, сэтгэлийн хатад нь оноо тавьчихдаг гэлтэй. Харьцангуй энхийн цагт амьдарч буй бид ийм сорилттой тулбал үнэт зүйлсийн маань эрэмбэ холбирон солигдох эсэхийг өөрсдөөсөө асуумаар санагдана.

Түүхээ таньж мэдэх нь хэчнээн чухлыг хүн бүхэн мэддэг ч хаанаас эхлэн уншихаа мэддэггүй, аль эсвэл тоо баримтаар хэт дарсан бүтээлүүдээс эмээдэг нь олон. Гэвч түүх гэдэг зөвхөн он цаг, тоо эсвэл аль нэг чухал эрхмийн нэр биш билээ. Ямар ч түүх байсан, тэр түүхийг туулж өнгөрүүлсэн эгэл жирийн хүмүүс бий. Тэдгээр хүмүүсийн хувийн түүхээр дамжуулан том түүхийг таних нь энгийн уншигч бидний сэтгэлд илүү танил дотноор хүрч, басхүү тэр түүхийг давтвал, дахин алдвал юу хүлээж байдгийг хамгийн хүчтэйгээр мэдэрч болох аж. Цэвэгмаа гуайн түүхээр бид хол зайгаар үл зааглагдах үнэнч хосын сэтгэл, ээж-охины нандин харилцаа, ахан дүүс, амраг садан, бүр танихгүй харь хүмүүсийн элгэмсэг тусархуу зангаар хэлхэгдсэн ‘жижигхэн’ хүмүүсийн түүхээс эхлээд, Орос, Япон, Монгол, Хятад гээд дөрвөн орны цаг үеийн өнгө төрх, байр байдал, хувьсгалын өрнөл, үр дагавар бүхий ‘том’ түүхийг ч таньж болох аж.

Гэр бүл бүхэн өөрийн гэсэн түүхтэй. Магад, Цэвэгмаа гуайн түүх бидний аав ээж, өвөө эмээгийн үеийнхний бүхий л гэр бүлүүдийн түүхийг төлөөлж, залуу хойч та бидэнд өөрийн гэр бүлийн түүхийг ухан сонирхох, дахин таньж нээх хүсэл эрмэлзлийг төрүүлнэ хэмээн итгэнэ.

Сэтгэгдэл бичсэн: Г.Цэлмэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
1
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.