UBLife Logo
Кино

Шимэгч (Parasite) кино хийгээд найруулагч Бун Жун У | Tegshee's Movie Corner

Шимэгч (Parasite) кино хийгээд найруулагч Бун Жун У | Tegshee's Movie Corner

Энэ жил Каннын кино наадмын дээд шагнал “Алтан дал мод”-ыг солонгосын найруулагч Бун Жун У (Bong Joon-ho) “Шимэгч” (Parasite) киногоороо хүртсэнээр дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй эл шагналыг хүртсэн анхны солонгос найруулагч болж түүхэн явдлын эзэн болов. Парк Чан Ук “Oldboy” киногоороо Каннын дэд шагнал болох Grand Prix-ийг, И Чан Дон “Poetry” киногоороо шилдэг кино зохиол, Ким Ки Дук харин “Arirang”-аараа Un Certain Regard хэсгийн шагналыг гардсанаас өөрөөр солонгосын найруулагчид Каннд дээд шагналыг нь авах хүртэл хэмжээнд амжилт үзүүлж байсангүй. 

Солонгосын кино урлагийн талаар цөөн хэдэн үг

Сүүлийн хэдхэн арван жилийн дотор огцом хөгжсөн солонгосын кино үйлдвэрлэлийн дэлхий дахинаа хамгийн амжилттай борлуулсан “бараа” нь бол мэдээж “к-драма” буюу олон ангитууд нь, мөн холливудыг бараг ардаа орхих шахам хэмжээнд бүтээгдэх болсон ази онцлогийг шингээсэн өндөр төсөв зардалтай, том хэмжээний арилжааны кинонуудыг нь ч үзэгчид андахгүй болсон биз. Хэнд ч илэрхий эл хоёр үзүүлэлтээс гадна солонгосын кино урлагаас гарцаагүй онцлох учиртай нэг үзэгдэл бол солонгос триллер. Дэлхийн кино урлагт солонгос триллер гэж тусдаа дэг сургууль, хэв маяг, чансаа бий болж буйг, триллер хэмээх жанрыг солонгосчууд хэрхэн баяжуулж, тэлж буйг жич хөндөх учиртай сэдэв байх. Харин энэ бүхний гүнд солонгосын арт киноны хөгжил  хэр хэмжээнд хүрч буйг “Parasite” кино дэлхий дахинд нотлох шиг боллоо. Түрүү жил И Чан Доны “Burning” үзэгч болон шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан ч Каннын голлох шагналуудаас нэгийг нь ч авалгүй хоосон хоцорсон. Японы найруулагч Корийдагийн “Shoplifters” биш “Burning” л Алтан дал мод авах ёстой байсан гэж мэтгэх шүүмжлэгч, үзэгч цөөнгүй байсан. Харин энэ жил тэр гомдлыг “Parasite” ийнхүү тайлах учиртай байж. Тэгэхдээ Каннын 70 орчим жилийн түүхэнд жанр төрлийн кинонд нүдний гэм мэт ховор хүртээдэг Алтан дал модыг бараан комеди, триллер жанрын киногоор авсан нь найруулагч Бун Жун Угийн жанр кинонуудыг ч арт маягаар хийж чаддаг, өөрөөр хэлбэл, арт, арилжаа хоёрыг амжилттай нийлэгжүүлж хослуулдагийн гэрч болох шиг болов. Солонгосын кино урлагаас ч эл шинж маш хүчтэй анзаарагддаг. Япон, хятад зэрэг энэ цаг үед хөгжлөөрөө давамгайлж буй азийн бусад орнуудын олон зууны хүчирхэг өв соёл, урлагтай харьцуулахад Солонгосын урлаг соёлын өв балчир. Гэхдээ кино урлагийн тухайд харьцангуй хаалттай хятадын кино зах зээл, дэндүү туйлт байдал, “бид ертөнцийг ойлгох албагүй, ертөнц биднийг ойлгоход болно” гэх маягийн гаднаасаа юу ч үл нэвтрүүлэх хаагдмал, дээгүүр шинжтэй японы кино урлагийг бодвол солонгосчууд өөрсдийн үндэсний онцлог, ази хэв маягаа эдийн засгийн хөгжил, бололцоогоороо хөшүүрэгдэн олон нийтэд таашагддаг холливуд маягийн орц найрлагатай хослуулан кино үйлдвэрлэл, урлагаа юутай ч азийн орнуудаа “базах” хэмжээнд, улс орныхоо эдийн засагтаа бодитой хувь нэмэр оруулах соёлын экспорт болтол нь хөгжүүлж чадлаа, энэ зуураа кино урлагийн өнөө цагийн түүхэнд тодоор тэмдэглэх гайхалтай арт найруулагчдыг ч олноор төрүүллээ. “Parasite”-ийн найруулагч Бун Жун У ч тэдний нэг. 

Найруулагч Бун Жун Угийн бусад кинонуудын тухайд

Бун Жун У 31 насандаа “Хуцдаг нохой хүн урдаггүй” (Barking Dogs Never Bite, 2000) нэрт бараан комеди төрлийн киногоор найруулагчийн анхны гараагаа эхэлж байсан бол ижил төрөл жанрын “Parasite” киногоор 19 жилийн дараа найруулагчийн замналын оргилдоо хүрч буй нь сонин тохиолдол. Анхны киногоороо Бун Жун У ер юу ч батлаагүй. Үзэгчид ч төдийлөн нааштай хүлээж аваагүй, шүүмжлэгчид ч нэг их шальтай юм дуугараагүй гэдэг. Харин түүнд кино найруулагчийн хувиар “анхны” амжилтыг авчирсан бүтээл бол солонгост анхны цуврал аллагын хэрэг хэмээн тэмдэглэгдсэн ботид явдалд тулгуурлан хийсэн гэмт хэрэг, триллер төрлийн “Аллагын дурсамж” (Memories of Murder, 2003) кино. Хожим Бун Жун Угийн кино бүрт шахуу гол дүрийг бүтээсэн жүжигчин Сун Кан У-гийн сайн гүйцэтгэл, зураглаачийн дориун ажил, захын буйд хотод гарч буй жигтэй цуврал аллага тойрсон киноны түгшүүрт, тааварлагдашгүй өгүүлэмж, нууцлаг уур амьсгал гээд олон шинжээрээ яггүй сайн бүтээл болсон. Солонгосын кино театруудаар ч үзэгчдийн эрэлт өндөртэй байж, олсон ашиг орлого, амжилт нь “Аллагын дурсамж”-ийг продюсерлэсэн компаниа дампуурахаас аварсан гэдэг. 

2006 онд хийгдсэн “The Host” хэмээх Хан мөрнөөс аймшигт араатан гарч ирэн нэгэн гэр бүлийн охиныг хулгайлан оддог фантази, адал явдал төрлийн кино нь мөн итгэмээргүй амжилт үзүүлж тухайн ондоо солонгост бүх цаг үеийн хамгийн өндөр орлого олсон киногоор тодорч байв. Хэдий  санхүү хавчигдмал байсан ч найруулагч “The Host” киноны мангасыг үнэмшилтэй бүтээхэд тухайн үеийн солонгосын кино урлагт зүтгэж байсан мэргэжилтнүүдийн ур чадвар, боломж арай бүрэлдээгүй гэж үзсэнээс тэр үү, “Бөгжний эзэн” киноны тусгай эффектийг гүйцэтгэсэн шинэ зеландын компаниар мангасны загварыг хийлгэсэн бол “The Day After Tommorrow” кинонд ажилласан америкийн компани CGI буюу компьютер график, визуал эффектийг гүйцэтгэсэн аж.  

Найруулагчийн дараагийн “Эх” (The Mother, 2009) кино олон шинжээрээ бараг л төгс триллер гэж болно. “The Host” киноноос ч өмнө жүжигчин Ким Хё Жатай уулзахад киноны санаа анх төрсөн бөгөөд түүнээс хойш кино зохиолоо бичиж дуусгах хүртэл 5 жилийг зарцуулсан байдаг. Өсвөр насны охиныг жигтэйгээр хороосон аллагын хэрэгт гэмтэн болсон оюуны хомсдолтой хүүгээ хэргээс мултлах, гэм буруугүйг нь нотлохын төлөө цуцалтгүй тэмцэх эх хүний мятрашгүй сэтгэлийн тухай гэж болмоор сайх кино хэргийн учгийг гол дүрүүдтэй хамт зугуухнаар тайлах сонирхолтой өрнөл, үзэгчдийн анхаарлыг тасралтгүй хөвчлөн дайчлах төгс хэмнэлийнхээ цаана хүний мөн чанарын талаарх ярвигтай асуултыг нууж байна. Шаргал өвс халиурсан талд нэг л жир бус гуниг, гансрал харцандаа хөвүүлсэн хижээл насны эмэгтэй огт эв дүйгүй гэмээр бүжиглэж эхлэх нь триллер киноны хувьд дэндүү яруу, жигтэй эхлэл, харин төгсгөл нь, төгсгөлийн сцен “Эх” киног жирийн нэг гэмт хэргийн киноноос дэндүү анги түвшинд аваачдаг. Гайхалтай төгсгөл. Төгс триллер.

“Эх” киноныхоо дараачаас Бун Жун У төрөлх эх орондоо бус холливудад ажиллах болж хоёр кино найруулсны нэг нь ижил нэрт франц романд тулгуурлан хийсэн “Цас  ханзлагч” (Snowpiercer, 2013), нөгөөх нь Netflix-тэй хамтран бүтээсэн “Окжа” (Okja, 2017) хэмээх кино.  Аль аль нь эх орондоо хийж байсан кинонуудтай харьцуулбал өргөн бүрэлдэхүүн, өндөр зардлаар бүтсэн харьцангуй нүсэр төслүүд. Мөн аль аль нь ямар ч үзэгчийг уйдаахгүй, гонсойлгохгүй, киноны адал явдал, эргэлт эргүүлэгтээ автуулан хорхойсуулж зугаацуулах шинжийг өндөр тунгаар агуулсан. Холливудын хаа хамаагүй тааралдах ижил зорилго бүхий блокбастертай харьцуулахад “Цас ханзлагч”-ийн ялгаа чансаа илт өөр түвшинд болох нь үзсэн нэгэнд эрхгүй мэдрэгдэнэ. Дэлхий ертөнцөд мөсөн галав юүлж, гадна амьдрах аргагүй болсноор жилд нэг удаа дэлхийг тойрон зогсолтгүй давхих галт тэрэг гамшигаас амьд үлдсэн иргэдийн сүүлчийн амьдрах оромж болсон байна. Галт тэргэнд харин сүүл хэсгээс толгой хүртэл нийгмийн анги давхаргын шатлан захирах дэндүү эрс тэс ялгаа бүхий харгис тогтолцоо бүрдсэн нь жигтэй. Нэг л өдөр галт тэрэгний сүүл хэсэгт харьяалагдах “адгийн шаар”-ууд шавьжны гэмээр амьдралаа тэсэхгүйд хүрч толгой хэсгийн удирдагчдын эсрэг бослого өдөөнө. “Snowpiercer”-ийн эл өгүүлэмж, өгөгдсөн нөхцөл үнэхээр л сонирхол татам.

Шимэгч (Parasite) киноны тухайд

Юутай ч найруулагч Бун Жун У эх орондоо эргэн ирж анх кино найруулагч болохдоо эхлүүлж байсан төрөл жанрыг, триллертэй сүлсэн “The Parasite” кино нь каннын дээд шагнал Алтан дал мод авсан бүтээлүүдээс одоогоор олон улсын зах зээлд хамгийн их ашиг олоод буй бүтээлээр тодроод байна. Кино урлагийн үнэ цэнэ, үзэгчдийн таашаалд хүрэх эрэлттэй чанарын аль алийг нь эл “Шимэгч” өөртөө агуулсан бололтой. Ер нь уг кинондоо найруулагч өдий хүртэл жанр хооронд чөлөөтэй шилжин амжилттай туурвидаг арга барилаас улбаалсан уран бүтээлчийн ур чадвар, туршлагын хамаг л охь шимээ шингээсэн шиг санагдсан.

Юуны өмнө энэ киноны зохиол маш ухаалаг, чигжүү, өрнөл, уур амьсгал нь үзэхэд зугаатай. Эл өнгөц хөнгөн байдлынхаа ард тэсэшгүй хүндийг, инээд, ёжлолынхоо цаана гашуун эмгэнэлийг тээж буйгаараа, дэлгэцнээ нийгмийн харгис ялгаварлалыг дэглэхдээ үзэгчийн хүнлэг сэтгэлийг хөндөж, дэлгэцнээ хүн хоорондын хүнийсэл,  хөндийрлийг үзүүлэхдээ үзэгчийн дотор нэгдэл, нягтралыг төрүүлж буй нарийн урласан давхраат бүтэц, гүн чанараараа “The Parasite” онцгой.

Энэ киноны инээдэм, эмгэнэл төрүүлэх гол зангилаа нь байрны “хонгилд” амьдрах,  Кимийн гэр бүл, тансаг “харшид” амьдрах Паркийн гэр бүлтэй нэгэн орон зайд орж харилцах болсноор эхэлж, цаашлаад тэд ердөө дэндүү ялгаатай давхаргын хүмүүс байсандаа л эцэстээ буруутдаг. 

Кимийн гэр бүл хонгилийн амьдралаасаа гарах гэж тэмцсэн нь буруудав уу? Хүн ер нь өгөгдсөн нөхцөл байдлаа давж гарах чадвартай амьтан уу? Хэдий тэмцэж, тэлчлээд ч оногдсон байрандаа л эргээд унадаг юм биш байгаа? Тэмцэж цөхрөхдөө улам гарцгүй, гашуун занганд өөрийгөө оруулдаг бол яана? Амьдралд төлөвлөгөөгүй байх нь л хамгийн сайн төлөвлөгөө гэж үү? 

Анхнаасаа л амьдрахын төлөө сүртэй тэмцэл өрнүүлээд байх шаардлагагүй баян тансагт төрж өссөн нийгмийн дээд давхаргад хамаарах Паркийн гэр бүл, заяасан нөхцөл байдал, өгөгдөл дээрээ юу ч нэмээгүй, тэмцээгүй, бахь байдгаараа буй байгаагаа зөнгөөрөө эдлээд явж байж “тиймгүй” хүмүүсийг бүр “үнэрийг нь авч чадахгүй” хэмжээнд хүртэл дорд үзэж, басамжлах эрхтэй юу? Тэд үнэхээр тийм “дээгүүр” хүмүүс үү?

Ер нь хүний нийгмийн статус, эд хөрөнгө, ахуй орчны ялгаатай байдал хүн гэх нийтлэг мөн чанарыг маань баллах хэмжээний тийм чухал ялгаа мөн үү? 

“Шимэгч”-ийг үзсэн хүмүүс гарцаагүй мэдэрсэн байх. Төгсгөлийн сцен үнэхээр зүрх урна.

Эцэст нь Кимийн хүү үнэхээр “төлөвлөгөө”-гөө биелүүлж байшингаа худалдаж авч чадах болов уу? Эсвэл...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
16
0
15
0
0
1
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.