UBLife Logo
Newsfeed

Сурагчдад тэгш, хүртээмжтэй боловсрол олгоход багш нарын анхаарах 11 зүйл

Ub.life
Ub.life
Сурагчдад тэгш, хүртээмжтэй боловсрол олгоход багш нарын анхаарах 11 зүйл

Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Гэр бүлийн орчин, хувь хүний онцлогоос шалтгаалан өөрөөр хөгжсөн хүүхдүүдийн суралцах арга барил ч адилгүй байдаг. Харин зөвхөн нэг хэлбэрт баригдсан сургалтын арга барил/систем тэднийг “онц сурдаг”, “муу сурдаг” гэж ангилахад хүргэж байна. Сурагч бүрт хичээлээ ойлгомжтой заах нь багш нарын хувьд хүчин чармайлт ихээр шаардсан асуудал болдог.

БСШУСЯ, Хүүхдийг Ивээх Сан хамтран “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийг Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа аж. Тэгвэл боловсролын тусгай хэрэгцээтэй болон суралцах арга барил нь ялгаатай хүүхдүүдтэй хэрхэн ажиллах талаар багш нарт зориулсан зөвлөмжийг хүргэж байна.

1. Суралцах үйл ажиллагааг олон хэлбэрээр дэмжиж ажиллах

Багш хичээл, сургалтын үеэр сонсогч, хөтлөгч, дэмжигч байж сурагчдын суралцах үйл явцыг олон хэлбэрээр дэмждэг байх. Ингэхдээ ердийн, тусгай хэрэгцээтэй, сурлагын хоцрогдолтой, гоц ухаантай гэх мэт ангийнхаа бүх хүүхдэд ижил тэгш хандах.

2. Сурагчийн суралцах хувийн арга барилыг ойлгох 

Сурагчдийн ялгаатай хэрэгцээнд нийцсэн олон төрлийн сургалтын арга зүйг хэрэглэх. Жишээ нь, харааны ой тогтоолтоор суралцдаг хүүхдэд зурган мэдээлэл илүү өгөх гэх мэт. Хичээлийн үеэр зөв ойлгомжтой тайлбар, зааварчилгааг сурагчдад өгөх.

3. Сургалтын идэвхтэй арга хэлбэрийг ашиглах

Хүүхдийн бүтээлч оролцоог дэмжсэн илтгэл тавих, хэлэлцүүлэг хийх, тоглоом тоглох, төсөлт ажил хийх зэрэг олон төрлийн идэвхтэй сургалтын арга хэлбэрийг ашигладаг байх. Хүүхдийг ганцаарчилсан болон бусадтайгаа хосоор, бүлгээр, анги нийтээр ажиллах боломж олгох. Хүүхдүүд бие биенийхээ болон багшийн санааг сонсож, харилцан хуваалцдаг байх.

4. Сурагчид хичээлээ ойлгож буй, эсэхийг магадлах 

Багш хичээл, харилцан ярианы үеэр сурагчдын сэтгэн бодох үйл ажиллагааг дэмжих, анхаарал сонирхлыг өдөөх зорилгоор асуулт асуудаг байх. Мөн хүүхдийг суралцахад учирдаг саадыг давахад үе тэнгийнхэн туслах бололцоог бүрдүүлэх. Хичээлд оролцохгүй байгаа хүүхдүүдэд анхаарал хандуулж, шалтгааныг тодруулдаг байх нь чухал.

5. Үнэлгээний олон арга, хэлбэрийг ашиглах

Багш нар сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэхдээ тэдний сонирхол, хэрэгцээг нь харгалзан үздэг байх. Жишээлбэл хүүхдийн чадварын түвшинд тохируулан тест даалгаврыг ялгаатай өгдөг байх. Явцын үнэлгээг хийхдээ хүүхдийн амжилт ололтыг урамшуулах аргыг тогтмол хэрэглэх.

6. Сургалтын орчныг анхаарах

Ангийн гэрэлтүүлэг, дулаан, өнгө, агаар сэлгэлт, цэвэр усны хангамж, ширээ, сандал, тавилга стандарт хангасан, хүрэлцээтэй, бүрэн бүтэн байлгахад анхаарах. Ангийн орчинд тусгай хэрэгцээт сурагчид шаардлагатай хөгжлийн хэрэгцээнд нийцсэн нөхцлийг (зориулалтын орц гарц, таних тэмдэг, зарим туслах хэрэгсэл гэх мэт) бүрдүүлэхийг эрмэлзэх.

7. Сурагчдын эрүүл аюулгүй байдалд анхаарах

Ангийн цэвэрлэгээ тогтмол хийгддэг, хүүхдүүд эрүүл ахуйн шаардлагыг мөрддөг эсэхийг хянадаг байх. Жишээлбэл үдийн цайны өмнө хүүхдүүд гараа угаах, жижүүр сурагчдаар ээлжлэн цэвэрлэгээ хийлгэх гэх мэт. Анги бүрт аюулгүйн гарцын зургийг байрлуулж,онцгой байдлын үед нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөтэй байх сурагчдад аюулгүй байдлын дадлага хийлгэх.

8. Сурагчийн бусад хүчин зүйлст хүндэтгэлтэй хандах

Ангийнхаа сурагчдын хүсэл сонирхол, ялгаатай байдал, хувийн онцлог, гэр бүлийн нөхцөл байдал, суралцах хэв маягийг танин мэдэх, хүндэтгэлтэй ханддаг байх. Хүүхэдтэй эелдэг, нөхөрсөг, урамшуулж /дуу хоолой, нүүрний хувирал, дохио зангаа, инээмсэглэл/ харилцахыг эрхэмлэх. 

9. Тусгай хэрэгцээт сурагчдад нэмэлт дэмжлэг үзүүлдэг байх

Багш хүүхдэд ялгаваргүй ханддаг, хүүхдүүд бусдадаа ялгаваргүй хандаж, туслахыг эрмэлздэг байх. Жишээлбэл, анги зохион байгуулалтыг хийхдээ харааны бэрхшээлтэй хүүхдийг урдуур суулгах, сонсголын бэрхшээлтэй хүүхдэд тод чанга хэлж өгөх, дүрслэн үзүүлэх, удаан ойлгоцтой хүүхдэд дэс дараатай тайлбарлаж өгөх, хичээлийн бус цагаар давтлага өгөх гэх мэт байж болно. Хүүхэд бүр өөрийн онцлогтой байдаг ба тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд давуу тал байдаг гэдгийг үе тэнгийн хүүхдүүдэд ойлгуулах.

10. Ангийн дотоод уур амьсгалыг анхаарах

Багш эерэг хүмүүжлийн аргыг түгээмэл  хэрэглэдэг байх. Ангийнхаа хүүхдийн эерэг зан үйлдлийг урамшуулах, сөрөг үйлдлийг хянах. Жишээ нь багш хүүхдийг үг, үйлдлээр тогтмол урамшуулах, сурагчдын гаргаж буй сөрөг үг, үйлдлийн хор уршгийг ойлгуулж ярьдаг байх. Ангидаа мөрдөх дэгийг хүүхдүүдтэйгээ хамтран зохиох, үүндээ туслалцаа дэмжлэг шаардлагатай хүүхдэд туслах талаар заалт оруулах.

11. Аливаа төрлийн дарамтаас сэргийлэх

Багш болон сурагчид дараах хэлбэрийн зөрчлийг ангидаа гаргадаггүй байх. Хэл амаар доромжлох, сэтгэлзүйн дарамт үзүүлэх, айлгах, заналхийлэх болон шууд бус аргаар дарамт үзүүлэхгүй байхад анхаарал хандуулах хэрэгтэй. Аль нэг хэлбэрээр шийтгэхгүй байх нь чухал юм.

Бэлтгэсэн: М.Тэргэл

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.